Тэнэгүүд л горьдлого, найдлагаар амьдарна …

Энэ блогт өөрт хэрэгцээтээй мэдээллээ байршууллаа …

  • Blog Stats

    • 12,171 hits

Archive for the ‘Баабар’ Category

Б.Баабар: Эдийн засгийн хамрал, улс төрийн нөхцөл байдлын талаар

Posted by tsogtoo on January 30, 2009

Өчигдөр 11 цаг 32 минут Б.Баабартай уулзаж ярилцлаа. Дифляцийг анх удаа биеэр мэдэрч байна -Таны “Ерэннайман он” гэсэн цуврал хэзээ ном болж гарах юм бэ? Энэ бол news.mn-ийн хэрэглэгчдийн асуулт шүү. -”Ерэннайман он” цуврал бол дангаараа ном биш. “Нүүдэл суудал”-ийн 5-р дэвтрийн нэг бүлэг, түүний нэг хэсэг нь. -Тэгвэл “Нүүдэл суудал” хэзээ уншигчдын гар дээр очих вэ? -Одоогоор мэдэхгүй байна. -Эдийн засгийн хямрал болж байна. Танд энэ мэдрэгдэж байна уу? -Мэдрэгдэлгүй яахав. Бүх хүнд л мэдрэгдэж байна. Чамд мэдрэгдэхгүй байна уу? -Яаж мэдрэгдэж байна? -Дөнгөж саяхан 37 хувийн инфляцитай байсан. Ганцхан хөрвөөд л дифляци болж байна. Инфляци биш бүр дифляци. Дифляцийг анх удаа биеэр мэдэрч байна. Манайд урьд нь дифляци болж байгаагүй юм. 1995 оныг санаж байна уу? Инфляци 360 хувьд хүрч байлаа. Өдөр бүр юмны үнэ нэмэгдээд. Засгийн газар сар бүр цалин нэмээд л, сүүлдээ цалин нэмлээ гэж хэлэхээ болиод “нөхөн олговор” гэх болсон… Инфляциас аюултай нь дифляци гэж онолын хувьд ярьдаг юм. Бид нар мэддэггүй байж. Одоо л мэдэж байна. Хүмүүсийн гар дээр мөнгө алга боллоо. Бүх юмны үнэ хямдраад эхэллээ. Бараагаа худалдаж байгаа хүмүүс мөнгөтэй болохын түүс болж байна. Юун ашиг машиг! Ядахнаа хагас мөнгийг нь ч гэсэн олж авах юмсан гэж байна. Бүх юм үнэгүйдэж байна. Хэрэглээний сагсанд 200 орчим бараа байдаг. Дифляци гэдэг чинь юм хямдраад байдаг, худалдан авагч байхгүй болохыг хэлж байгаа юм. Манайд яг л энэ болж байна. Дэлгүүрээр ороод үзээрэй. -Харин ч зарим бараа, тухайлбал архи, махны үнэ өсөөд байна шүү дээ. -Ямар ч хямрал дунд баталгаатай үйлдвэрлэл гэж байдаг. Энэ бол хүнс, эм хоёр. Ямар ч үед хүн хүнсээ авдаг, эмээ авдаг. Монголын онцлог болохоор согтууруулах ундаагаа бас үнээс үл хамааран байнга авч таарна. -Цагаан сар болох гээд үнэ өсөөд байна уу? -Баталгаат үйлдвэрлэлээс бусад бүх үйлдвэрлэл баларч эхэлж байна. Монголын хилээр 50-60 мянган бараа орж ирдэг байсан. Тансаг хэрэглээний бараа бол бүр зарагдахаа больсон байна. Хүнснээс хямд нь зарагдана уу гэхээс үнэтэйгээс нь хүмүүс татгалзаж байна. Лав жимс борлогдохоо больж. -Энэ хямрал хэр удаан үргэлжлэх бол? -Тэрийг чинь л мэдэж байвал сайнсан. -Мэдэх боломж байхгүй юу? -Байхгүй. Том эдийн засагчид 2008-2009 онд үргэлжилнэ гэж байна. Эдийн засаг өөрийн дүрэмтэй, инфляциа багасгах ч гэдэг юм уу, логиктой байлаа. Одоо тэр байхгүй болсон. Стандарт арга хэмжээ утгаа алдсан. Тэгэхээр ердийн арга хэмжээ явахаа больж байгаа хэрэг. Эдийн засаг сэргээд ирвэл хуучин арга руугаа орох байх л даа. Сая Ангела Меркель хэлж байна лээ. “Бидний эдийн засагт авч хэрэглэж байсан аргачлал нураад уначихлаа. Үүнээс гарах аргаа олохгүй байна. Шинэ аргачлал эмчилгээг 2009 онд олчих байх. Ингээд 10 онд эдийн засаг сэргэчих байх” гэж. Хямрал бол зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн нийтлэг зовлон болоод байна. Америкийн худалдаа руу интернэтээр ороод үзээрэй. Бүгд л нэгийг авбал хоёр, гурвыг нэмж өгнө гэсэн байгаа. Хүмүүс бараанаасаа салахын түүс болоод байна шүү дээ. Одоо болоод байгаа чинь санхүүгийн хямрал. Юм хямдраад ч хэрэг алга байна. Бараа гүйхээ болихоор яах вэ? Хамгийн түрүүнд үйлдвэрлэл зогсоно биз дээ. Хичнээн олон хүнийг ажлаас нь халж таарна биз дээ. Одоо дэлхий дээр өдөрт 80 мянган хүн ажилгүй болж байна. Уул уурхайн орон Чили дөнгөж сая 13 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Интернэтээр ороод л харахад энд тэндгүй болж бүтэхгүй тухай мэдээ… -Хямрал үргэлжлээд байвал яах вэ? Монголд юу болох бол? -Энэ бол Монголын асуудал биш дэлхийн асуудал гэж түрүүн хэлсэн дээ. Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлөөд байна. Манай хамаг валютын орлогыг хангадаг байсан зэсийн үнэ уналаа. Ингэхээр Эрдэнэт хэрэглэсэн цахилгааны мөнгөө ч төлж чадахгүй байна. Яг 98 онтой адил. 98 онд Эрдэнэтээс цахилгааны өр болох гурван тэрбум төгрөгийг авчих юм бол наадмаар цалин тавьчих гээд байсан байхгүй юу, тэр үед. -Та Сангийн сайд байсан үе үү? -Тийм. Одоо Эрдэнэт долоон тэрбум төгрөгийн өртэй байна. Загнасаар байгаад гурвыг нь авсан. Одоо гурав гаруй тэрбумын өртэй гээд цахилгааны газрын дарга зурагтаар ярьж байна. Эд нар мөнгөө өгөхгүй бол цаашид бид эрчим хүч үйлдвэрлэхэд хүндрэл учраад байна гэж байна. Эрдэнэт яагаад мөнгөө өгч чадахгүй байна гэвэл зэсийн үнэ уначихсан. Тэгэхээр энэ чинь гадаад шалтгаантай байгаа биз? Ингэхээр зэсийн үнэ унахаар эрчим хүчний үйлдвэрлэл унаад цаашлаад явах нь. Даалууны эффект гэдэг юм. Даалуу босгож өрөөд нэгийг нь унагахад ар араасаа биенээ дэрлээд нурдаг шүү дээ. -Сая эдийн засагчид ордонд хуралдаад гадаад гэхээсээ дотоод үрэлгэн байдал хямралд нөлөөлсөн гэж ярьсан? -Үнэний тал бий. Чамд онигоо ярьж өгье. Хямрал нисэж явна гэнээ. Америк дээгүүр нисэнгээ “Эд овоо хөдөлмөрч юм гээч, босоод ирж байна шүү”. Европ дээгүүр нисэнгээ “Ажиллаад байвал эргээд босож магадгүй болчиж”. Тэгээд хямрал Монголын дээгүүр нисч. Тэгснээ дуу алдан “Энд би урьд нь ирээгүй юмсан, хэн нь ирээд ингээд сүйтгээд хаячихсан юм бол?” Бид сүүлийн 4-5 жил ингэтлээ үрэлгэн загнаагүй бол овоо хуримтлалтай болчих бололцоо байсан. Тэгсэн бол өдийд хавьгүй хөнгөн байх байлаа. Гэхдээ манай үрэлгэн байдлаас болж дэлхийд хямрал үүссэн гэвэл арай дэндэх байхаа. О.Чулуунбат л ганцаараа эрүүл юм яриад байна билээ -Одоо тэгэхээр бид дэлхийн эдийн засаг сайжрах нь уу гээд л хараад байж байх уу? -Бидэнд гарах гарц байна. -Ямар? -Тодорхой юм яръя. Монгол Улсад дэлхийн бусад бүх улсын адил мөнгөний эргэлт үгүй болчихоод байна. Бид зах зээл рүүгээ мөнгө хийх хэрэгтэй байна. Хуучин бол зэсээ зардаг байж, гадаадад байгаа манайхан мөнгөө явуулдаг байж. -Одоо? -Одоо орж ирэх урсгал хаагдсан. Тэгэхээр өөрөөр яаж бид нар мөнгө оруулж ирж болох вэ? -Танаас эргүүлээд асууя? -Сая тэр эдийн засагчид чинь цуглаад хэмнэлтийг аврал гээд байна билээ. Хоёулаа энгийн тооцоо хийгээд үзье. Монголын эдийн засаг хэдхэн жилийн дотор бараг дөрөв дахин өссөн. Манай зах зээл дээр жилд бараг 4 тэрбум доллар эргэж байв. Гол шалтгаан нь түүхий эдийн үнийн өсөлт. Үнэ унангуут эргээд, за яахав бүдүүвчээр тооцоё, эргээд нэг тэр бум болжээ. Гэтэл тогоо маань дөрөв дахин томорчихсон. Улсын төсөв гэхэд сүүлийн арван жилд бараг 10 дахин өссөн юм шүү дээ. Энэ олон бүтэн болон дутуу барьсан барилгууд чинь тэр томорсон тогоон дотор эргэлдэж байсан. Хэт өсөлтөөс болоод халалт ч болж байсан. Эдийн засаг хэдхэн сарын өмнө байсан эргэлтийн овор хэмжээгээ нэхээд байна. Одоо тэр эргэлтэндээ эргэж орохын тулд шинээр 3 тэрбум доллар хэрэгтэй болж байгаа биз? Тоог би ойлгомжтой байлгахын тулд бүдүүвчилж авч байна шүү. Ингэхээр үлдсэн ганц тэрбумаасаа хэмнээд хэмнээд хэдийг гаргаж болох вэ? Тогоо 4 тэрбумыг нэхээд байдаг, бидэнд ганц тэрбум байна, эндээс их хэмнээд л 200 саяыг гаргаж ирнэ, энэ нь дутсан нийт хэмжээний өчүүхэн хэсэг. Хэмнэхийг буруу гээд байгаа юм биш, гагцхүү хэмнэлтээр хямралаас гарах бололцоогүй л гэж байна. -Эдийн засагчид хуралдаж хуралдаж буруу дүгнэлт гаргажээ гэж үү? -Би ярьж байхыг нь зурагтаар харсан. Ядарсан үедээ бусдад шулуулахгүйн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хэсэгтээ хаая ч гэх шиг. Болдог бол тэднийг хямрал дуустал эргэлт авах эрхтэйгээр далдхан хорьчих юмсан. О.Чулуунбат л ганцаараа эрүүл юм ярьж байна билээ. Тэрийг нь ойлгож байгаа хүн ч алга. -Тэгэхээр хямралаас гарах ямар арга байна? -Энэ улайм цайм дутагдаад байгаа 2-3 тэрбумыг олж ирж эдийн засагт оруулах хэрэгтэй. Би цалин тавих тухай яриагүй шүү. Банкууд зогсолтонд орохоор нийгмийн цус гүйхээ больж эхэллээ, ингэхээр энэ цусны гүйдлийн тухай ярьж байна. Ингэхээр нэг нь зээлэх арга байна. УИХ зээл авахыг Засгийн газарт зөвшөөрлөө. Араас нь улс төрийн дарамт шахалт л ирэхгүй бол энэ арга мөн. Харамсалтай нь ийм даралт шахалт ирэх магадлал дэндүү өндөр. Дэлхий даяар мөнгөгүй болчоод байгаа болохоор хэн зээлэх билээ? Ямар зорилгоор? Зүгээр л биднийг өрөвдөөд үү? Балтын орнууд, Исланд энэ тэр биднээс ч өрөвдөлтэй болчихоод байна шүү дээ. -Нөгөө арга нь? -Хөрөнгө оруулалт. Бололцоотой зүйл нь ганцхан уул уурхай, ашигт малтмал. Энд гаднын хөрөнгө оруулалт орж ирэх алтан боломж бол нэгэнт өнгөрсөн. Гэхдээ бололцоо шавхагдаагүй. Оюутолгойд өнгөрсөн онуудад нэгэнт тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Ингэхээр гэрээ хийж чадвал том хөрөнгө оруулалтыг энэ жилээс хийж болох байна. Урьд нь бид янз бүрийн нөхцлөөр шахаж болж байсан бол одоо тийм бололцоо үгүй болсон. Миний бодоход энэ 2009 ондоо хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь бидний зүгээс тавих гол шалгуур баймаар. Зөвхөн Оюутолгойд ондоо багтаад тэрбум долларын хөрөнгө оруулалт хийвэл хямрал туулахад мөн ч том тус болно доо. Бид нар 150 жилийн дараа хэдэн төгрөг алдах олохоо ярихын тулд эхлээд амьд үлдэх ёстой биз дээ. Эхлээд амьдар, дараа нь философид гэж аль дээр эртний ромчууд ярьдаг байсан юм шүү. Таван толгойд мөн ийм гэрээ хийгээд энэ жилдээ багтааж тэрбумын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр бодъё. За яахав, ураан дээр бас 300 саяын хөрөнгө оруулалт авъя. Ингэж чадвал өнөө хоосорчихсон тогоогоо дүүргэдэггүй юм гэхэд нэлээд гайгүй болгоод авч байгаа биз? -Бас өнөө хэмнэх гээд байгаа үрэлгэн зардлын 200 сая байна? -Тийм. Ингээд энэ хоёр тэрбум доллар Монголын жижигхээн зах зээлийг эргүүлээд бужигнуулчих байхгүй юу. Тоног төхөөрөмжөө зөөнө. Галт тэрэг ачаагүй болчихоод байна гээд байгаа, тийм үү, өнөөдөр, тэд ажилтай болох нь ээ. Ажилтай болсон юм чинь хүмүүсийг ажиллуулнаа даа. Цалингий нь өгөөд эхэлнэ, тиймээ? Ганц Таван толгойн уурхайг дагаад 500-800 төрлийн бизнес гарч ирнэ гэсэн тоцоо байна. Төмөр зам, цахилгаан станц, цементийн үйлдвэрээс эхлээд уурхайчдын ажлын хувцас хүртэл ямар их бизнес байна гэж санана! Бидэнд хоол дутаад байгаа юм алга. Манай мал хэдэн мянган жилийн түүхэнд байгаагүйгээр 40 гаруй сая болчихоод байна. Бүх юм байхгүй байхад 90, 91 онд дан мах идээд болоод л байсан, тийм үү? Өнөөдөр бидэнд эдийн засгийг эргэлдүүлдэг мөнгө байхгүй болчихоод байна. Тэгэхээр хоёр тэрбум доллар манай эдийн засгийг эргүүлчихнэ. Магадгүй хоёр тэрбум доллар Орос, Хятад байтугай Москва Бээжин гээд том хотуудад юм болохгүй байх. Гэхдээ цөөн хүн амтай, даруухан хэрэглээтэй манай зах зээлд бол аврал. Хямрал хэзээ дуусах нь бид нараас хамаарахгүй. Харин хямралаа туулаад цаана нь гарч чадах эсэх нь биднээс хамаарна. Тэгэхээр өнөөдөр гаднын компаниудтай хэлэлцээр хийх нэгдүгээр утга учир бол 2009 онд хэдэн долларын хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдгээ ярих. Энэ бол нэгдүгээр үзүүлэлт. Оюутолгойг ашиглахад 5.5 тэрбум доллар хэрэгтэй, хамгийн сүүлийн үеийн тооцоогоор. Уг нь 3.5 тэрбум байсан юм. Нөгөө алт, мөнгөн үеийг нь өнгөрөөгөөд хаячихсан юм чинь, одоо яая гэхэв. 5.5 дөрвөн жилд орж ирнэ. Тэгээд хуваахаар эхний 9 сард нэг тэрбумыг оруулж ирж болно. Үүний дор хаяж 20 хувь нь Улаанбаатарт зарцуулагдана гэсэн тооцоо байдаг байхгүй юу. Үүдэн дээрээсээ хөөгөөд байвал хоосон хоцорно -Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад юу саад болоод байгаа юм бэ? Тохиролцож чадахгүй байна уу? Иргэний хөдөлгөөнийхний яриад байгаа шиг сул хоол өгчих гээд байгаа юм уу? -Нэгдсэн нэг бодлого алга. Нэгдсэн нэг бодлого байтугай нэгдсэн нэг ойлголт алга. Хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгоод. Ядахдаа Засгийн газар хийж байгаа ажлаа ард түмэндээ зөв ойлгуулах хэрэгтэй. Гэтэл Засгийн газрын тайлбар гэж алга. Төрийн тайлбар байхгүй болохоор хүн хүн өөр өөрийнхөөрөө гуйвуулаад байна. Энгийн жишээ хэлье л дээ. Монгол Улсын газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гээд гурван ойлголт байна, тийм үү? -Аанхаа? -Ашиглах онцгой эрх Засгийн газарт байдаг байхгүй юу. Өмчлөл нь манай ард түмнийх. Гэрээ хийхдээ Хүрэлбаатар юу гэж тайлбарласан гээч. Монголд юу ч ногдохгүй байхад нь би 34 хувийг авчирлаа гэж ярьж байсан. Гадаадад өмчлүүлэх тухай огт яриа байхгүй, энд. Гэтэл өөрөө ойлгохгүй байгаа байхгүй юу. Ашиглах эрх өөрт нь 100 хувь байгаа. Засгийн газарт шүү дээ. Ашиглах гэхээр өөрт мөнгө байхгүй бол хүнээр ашиглуулж болно. Өөрөө ашиглаж болно. Хамтраад ашиглаж боно. Ашиглаад ашиг гарна, тэр үед мөнгийг яаж хуваах тухай асуудал бидэнд байгаа. Уг нь Хүрэлбаатарын хийсэн гэрээгээр тэндээс шинээр бий болж байгаа ашгийн 55 хувийг Монголд ногдохоор хийсэн байхгүй юу. Үүнийгээ тайлбарлаж чадахгүй. Өөрөө ойлгоогүй юм чинь яаж тайлбарлахав дээ. Уг нь аймаар ашигтай гэрээ байгаа биз? Зүгээр сууж байгаад өмч эзэмшигчийн хувьд ашгийн 55 хувь нь Монголд ирнэ. Мөнгө гаргалгүй бий болж буй баялаг. Буруу тайлбараас буруу ойлголт гараад байдгийн жишээ энэ. Гэтэл Хүрэлбаатарын гурван жилийн өмнө хийсэн гэрээ одоо эдийн засгийн хүнд үед биелшгүй гэрээ болж байна. Зэсийн үнэ 9000 доллар байхад яригдаж байсан гэрээ шүү дээ. Одоо зэс 3000 доллар хүрэхгүй байна. Ойлгомжтой биз дээ? -Хүрэлбаатарын буруу юу, тэгээд? -Заавал хувь хүн буруутгаад яахав. Үүнд төр өөрөө буруутай. Юмаа зөв тайлбарлаад, эрхийнхээ дагуу шийдвэр гаргаад явах нь төрийн үүрэг. Юмаа тайлбарлахгүй, хүн гуйвуулчихаар тэрэнд нь татагдаад байдаг. Юманд чинь дараалал гэж чухал юм байна. Өнөөдөр энэ хямралын үед хамгийн чухал нэгдүгээрт юуг тавих, хоёрдугаарт юугаа тавих вэ гэдгээ тогтоох хэрэгтэй. Хүрэлбаатарыг гэрээ хийж байхад бид ирээдүйн хожоог нэгдүгээрт тавьж байсан гэж бодъё. Өнөөдөр бид дэлхий дахинд болж байгаа хямралыг даван туулах нь нэгдүгээр асуудал болчихоод байна. Үндэстнээрээ тураад үхдэггүй юм гэхэд эдийн засгаа нураагаад хаячихгүйн тулд. Нэг нурчихвал эргүүлж босгоход цаг нарнаас эхлээд маш их өртөг гарна шүү. Бидэнд өнөөдөр эдийн засгийг эргүүлдэг мөнгө хэрэгтэй байна. -Та байсан бол юу хийх байсан бэ? -Юутай ч гэсэн монголчууд бид цэнхэр хошноготой, Чингисийн удам гэж гүйхгүй. Бидний бөгсний өнгө хэнд ямар хамаатай юм бэ? -Та бол ямар ч байсан гэрээ хийлгэх гээд байна тийм үү? -Ерөнхийлөгч Энхбаярын зурагтаар ярихыг сонссон. Өнгөрсөн намар Казахстаны Назарбаев ирээд Энхбаярт хэлсэн гэнээ. “Та нар хөрөнгө оруулагчдыг оруулаад юмыг нь хийлгэчихээд дараа нь чангалаач. Үүдэн дээрээсээ хөөгөөд байхаар хоосон л хоцроно шүү дээ” гэж. Сайхан зөвлөгөө байгаа биз? -Таныг Сангийн сайд байхдаа буруу гэрээ нууцаар хийснээс болоод Бороо гоулд Монголын хамаг алт эрдэнийг гадаадад зүгээр өгчихсөн гээд л шуугих юм. -Наад асуудлыг чинь ойрд их шуугих болно. Оюу толгой, Таван толгойн гэрээг тасалдуулахын тулд Бороог муу үлгэр болгон тоглож байгаа хэрэг. Цаанаасаа захиалгатай юм. Нэг кино хийсэн, эхнийх премьер нь ТВ9-өөр гарна гэдгийг нь ч би мэдэж байгаа. УИХ-аас Засгийн газарт хоёрдугаар сарын 20-ны дотор гэрээ хий гэсэн. Энэ үеэр нөгөө киногоо гаргахаар аль хэдийнэ бэлтгэсэн байгаа. Монголд нууц юм гэж байдаггүй юм шүү дээ. Кино хийж байх явцад нь л оролцогчид нь надад авчирч үзүүлсэн. Баахан гүтгэлгийн монтаж. Харин харамсалтай нь “жүжигчид” нь хэний санхүүжилтэн дээр бүжиглэж буйгаа мэдэхгүй. Би мэднэ, түүгээрээ давуу. Санхүүжүүлэгчээ мэдэнгүүтээ тэд яах бол? Ер нь тэр “жүжигчид” нь үнэндээ бол газрын лицензтэй наймаачид шүү дээ. 1997 оны ашигт малтмалын хуулийн хавсралтыг Засгийн газар баталсан. Тэнд гэрээний загвар нь батлагдсан. Ингэхээр тэр загвараар гэрээ хийнэ үү гэхээс сайд ч юм уу цаад компани текст зохиож хийнэ гэж байхгүй шүү дээ. Хоёрт гэрээнд гарын үсэг зурахад бүх мэдээллийн хэрэгслэлийг урьж баяр ёслолын байдалтайгаар зурсан болохоос нууцаар зурна гэж юу байхав. Нэгэнт хууль байгаа болохоор гэрээ хийх нь миний үүрэг. Хуулийг хүн болгон биелүүлнэ, Засгийн газар бол хэрэгжүүлнэ. Ингэхээр биелүүлэхийн тулд Засгийн газар байдаг юм шүү дээ. Гуравт Би Английн компанитай зурсан, тэгэхэд ямар ч Канадын компани байгаагүй. Гэрээ ёсоор хоёр жилийн дотор хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол Газрын хэвлийн хуулийн дагуу хүчингүй болохоор заагдсан болохоор 2000 оноос хүчингүй, учир нь тэд 2003 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Сүхбаатарын цайрт болон энэ Бороогийн ард тэр үеийн МАХН-ын эрх баригчид байсан, тэгэхээр би тэдэнд юм хийж үйлчлээд гүйж байсан байх нээ? 2001 оны 12-р сарын 26-нд алтны онцгой татварыг хүчингүй болгосны дараа Бороо гоулд хөрөнгө оруулж эхэлсэн нь харин хачирхалтай санагдаад байдаг юм. Хуулийн төслийг Содхүү оруулж Энхбаяр зохион байгуулж, Гунгаадорж, Алтай гээд 5 гишүүн Монголбанкны байраар шагнуулсан байдаг юм. Үүнийг би урьд нь зөндөө л хэлж байсан. Энэ онцгой татварыг үгүй болгосноор 100 сая долларын алдагдал гарсан байдаг. Нөгөө талаар Бороо гоулд орж ирснээр нийт 800 тэрбум төгрөгийн эргэлт гарсны 400 тэрбум нь Монголд зарцуулагдсан байдаг. Татвар, цалин гээд л явна. Ингэхээр тэр “жүжигчдийн” яриад байгаа тоо моо ч лоосуутай шүү. Энд гол нь Бороогоор жишээ аван гүтгэж байгаад Таван толгой, Оюу толгойн гэрээг тасалдуулах зорилго агуулж байгаа. Хэнд ийм сонирхол байх вэ? Надтай улс төр тоглож яахнэв дээ. Би ямар сонгуульд үзэх гээд байгаа биш. Харин хэлэх үгээ би хаана ч хэзээ ч хэлнэ. Энэ эрхийн төлөө би түрүү нийгэмд шоронд ч орж байсан. Ийм үнээр олсон эрх чөлөөгөө би хэнд ч булаалгахгүй. Гэхдээ улс оронд нэг төгрөгийн хохирол учруулсан байлаа ч би тэрнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай. Зурагтаар мөнгөө төлөн төлөн орилж байхаар цагдаад хандмаар юм. -Та түрүүн нэгдсэн бодлого алга, Засгийн газрын тайлбар ч алга гэсэн. Засгийн газар юу ч хийхгүй байгаа хэрэг үү? -Засгийн газар харин сая зөв шийдвэр гаргалаа. Хууль хүлээхгүй гэрээ хийе гэж. Хууль гаргана гэвэл гурван жил хүлээж магадгүй. Би энд нэг тодорхой жишээ хэлмээр байна. Казахстан өнөөдөр хямраад хүнд байна. Нефть, хий, зэс, ураан, цайр, цинк гээд байгалийн баялгаараа амьдардаг ч, үнийн уналтаас болоод баларч байгаа. Гэхдээ нэг давуу чанар байна. Үйлдвэр байна. Үнэ унаж хүндэрсэн ч үйлдвэрүүд ажиллаж татвараа төлнө, газрын роялтигаа өгч байна. Гаднын хөрөнгө оруулалтыг оруулж ирчихээд шахаж байна. Гэтэл манайх хөрөнгө оруулалт үүдэн дээр нь ирэхээр түлхээд гаргачихдаг. 20-30 Эрдэнэт барих, босгох боломж байсан. Ганц байгаа Эрдэнэт эдийн засагт хичнээнийг эргүүлдэг билээ? Манай Асгатад хөрөнгө оруулна гээд бүтээгүй Оросын Полиметал компанийнхан одоо бөөн баяр хөөр явна. Монгол хүн харахаараа талархаад бараг л барьж авч үнсэх гээд байдаг бололтой. Монголын тал тэгэхэд зөвшөөрсөн бол тэд гурван сарын дотор хил дамнасан хар зам, өндөр хүчдэл татахаар төлөвлөчихсөн байжээ. Ингэсэн бол тэдэнд аймшигтай гарз, монголчуудад бурхны бэлэг болох байж. Полиметал одоо хямралаас болоод дампуурлын ирмэгт тулсан, гэхдээ Монголд хөрөнгө оруулчихсан бол бүр дампуураад алга болох байж. -Хамгийн сүүлийн мэдээгээр Рио Тинто манай Засийн газарт санал ч юм уу, болзол тулгасан гэнэ. Ямар гэдгийг та мэдсэн үү? -Лиценз эзэмшигч нь Рио Тинто биш Айвенхоу майнз юм шүү дээ. Айвенхоу майнз ойролцоогоор 4 тэрбум доллар босгосон байсан. Тухайн үеийн өртөг ийм тусч байсан. Одоо хямралаас болоод барих өртөг 5.5 тэрбум доллар болж, нэгдүгээрт. Хоёрдугаар асуудал Айвенхоу майнз өөрөө чадахгүй болоод байна. Чи Блүмбэрг рүү ордог уу? -Манай сонин мэдээлэл авдаг л даа. -Үнийн индекс байна. 10-р сарын 15-нд 600 сая доллартой болтлоо навс унасан. Нөгөө 4 шахам тэрбум доллар нь хямралаас болоод ингээд байхгүй болчиж буй нь энэ. Яг өнөөдрийн чи бид хоёрын ярилцаж байгаа цаг минутад 700 сая доллар байна. Энэ нь Оюу толгойг босгох нийт өртгийн хэдэн хувь бэ? 5,5-ийг 7-д хуваа даа. -7 арай бага, 8 орчим. -7×8=56. 8 дахин бага байна. Тэгэхээр Айвенхоу майнз чадахгүй. Бүх босгосон мөнгө нь аягүй бол хэдэн трактор бульдозор аваад дуусна. Рио Тинто дэлхий дээр хамгийн том уул уурхайн компани. Айвенхоу майнз бол жижиг шүү дээ. Миний бичсэн “Оюутолгой” гэж нийтлэл уншсан уу? -Уншсан. -Тэнд хамаг үнэн байдлыг бичсэн дээ. Айванхоу майнз компани Монголд ийм том орд нээж өгснөөр үе үеийн монголчуудын өмнө их буян болсон юм шүү дээ. Гэхдээ цааш энийгээ өөрөө ашиглаад хөгжүүлэх тэнхэл байхгүй. -Таны тооцож байгаагаар ойрын үед гэрээг хийх боломж бий юу? Засгийн газар, Их хурал яах бол? -Боломж байгаагаар барахгүй, байхгүй байсан ч энэ боломжийг бий болгохгүй бол энэ 2009 онд бид өвдөг сөхөрнө шүү. Би зөвлөгөөг хэнд ч өгдөг -Одоо хоёулаа жаахан “улстөржие”. Хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг таныг гаргасан гэсэн. Оросууд байж магадгүй гэхдээ Баабар л С.Баярт зөвлөсөн гэдэг юм билээ. -Баярт би ч зөвлөөгүй, оросууд ч зөвлөөгүй байлгүй. Орос бид хоёр ч бас юу юм билээ! Гэхдээ би зөвлөгөөг бол ер нь хэнд ч өгдөг шүү дээ. Хэрэв миний зөвлөгөө хэрэгтэй болоод асуувал. Бүх улсуудад. Сонингоор ч, радиогоор ч өгдөг. Ингэвэл дээр, тэр нь дээр гэхчлэн. Аль ч юманд л бололцоотой гарц байгаа бол тэрийг хэлдэг. -Таны зөвлөгөөг бүх хүн авах уу? -Авах хүн ч байна, авахгүй хүн ч байна. Бүр өсөрхөөд эсрэгээр хийдэг гарууд ч цөөнгүй. Гэхдээ миний зөвлөгөө ихэнхдээ зөв л байдаг юм даа. Сүүлийн 20 жил бичиж байсныг минь эргээд уншаарай. Сайн бол хоёр жил эсэргүүцээд л сүүлд нь өнөөдүүл чинь хэлж байсныг минь өөрийн үг болгочихсон постулат маягтай давтаж явдаг юм. Гэхдээ би зохиогчийн эрх булаацалдаад байгаа юм биш шүү дээ. -Хамтарсан Засгийн газар байгуулснаар хожив уу, алдав уу? -Дэлхий даяараа энэ хямралтай тэмцэж байна. Энэ бол нийтийн дайсан. Цааш гүнзгийрвэл манай танайгүй завьтайгаа хөмрөнө. Ганц манайх ингэж байгаа юм биш гэж дээр хэлсэн дээ. Цаана чинь Обама хамтарсан Засгийн газар байгуулаад байна. Засгийн газарт нь БНН-ын хоёр хүн байгаа биз дээ. -Хамтарсан Засгийн газар байгуулах үед эдийн засгийн хямрал мэдэгдээгүй байсан. Гэхдээ далд бол эхэлсэн л байсан юм билээ. Банкууд зээлээ багасгаад эхэлсэн байдаг? -Хямрал ноднингийн мөржингөөс эхэлсэн шүү, тэгэж яривал. -Ноднингийн 3-4-р сараас тийм үү? -Бугшиж бугшиж 9 сараас ил болон дэлбэрсэн. Тэр үед Ардчилсан нам “үхсэн” байсан -Хамтарсан Засгийн газар байгуулаад Ардчилсан нам алга болчихлоо гээд байна. Таныхаар Ардчилсан нам байгаа юу? -Ардчилсан нам байхгүй болсон үе чинь 2000-2005 он. Хэдэн дуракууд тамгаа булаацалдаад би дарга болно, чи болохгүй гэж гүйгээд хачин юм болоо биз дээ. Өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлчихээд нам нь унагах гээд. Намын үүр, хороод руугаа Энхсайханыг битгий дэмж гэж бичиг явуулж байсан. Тэд нар нь тараах материалыг нь шатааж байсан байгаа юм. Энэ үед Ардчилсан нам бүр “үхсэн”. Яах гэж нам байдаг юм? Сонгуульд оролцож ялалт байгуулж, засгийн эрх барихын тулд байдаг юм байгаа биз дээ. Марк цуглуулагчдын гол сонирхол марк цуглуулах бол улс төрийн намын гол сонирхол сонгуульд оролцох баймаар. Гэтэл сонгуульд хүнээ ялагдуулах гэж оролцож байлаа. Би 2000 оноос хойш улс төрийн амьдралд орохоо байсан. Гэхдээ Ардчилсан намын гишүүн. Ардчилсан намын төлөө саналаа өгнө. Миний үүрэг чинь тэр шүү дээ. Өнөөдөр яагаад Ардчилсан нам байхгүй гэж байгаа юм? Нам байхгүй болсон үе чинь Н.Энхбаярын засаглалын үе дэх тэр увайгүй, элэг авмаар байсан тэр л үе байсан байх. Одоо бол хамтраад засаг байгуулаад байгаа биз дээ. Үйл ажиллагаагаа явуулаад л байгаа биз дээ. Нам муу ажиллаж байна гэвэл харин шал өөр хэрэг. -Та сая 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Ардчилсан нам ямар элэг авмаар байсныг ярилаа. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр түүх давтагдах юм биш үү? Алтангадас, МоАХ-ийнхан тэмцэлдэж эхэлсэн гээд байна. -Би ямар үзмэрч биш, яаж мэдэхэв. Дэвшүүлсэн хүнийхээ араас тийм бичиг явуулбал бас л тийм юм болох байлгүй. Гэхдээ нам өөрийнхөө үндсэн үйл ажиллагааг явуулах байлгүй дээ. -Та УИХ-ын сонгуулийн өмнө таамаг дэвшүүлээд байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийг ч гэсэн таамагла л даа. -Сонгуулийн дараа ийм юм болох болов уу гэж таамаглаж “Наадам болохгүй найр болно” гэж бичиж байсаан. Энэ бол үзмэрдэлт биш шүү дээ. Тогтолцоо маань ийм болчихсон учраас боломжит үр дүнг л таамагласан хэрэг. -Түүн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч юм уу, дараа юу болох бол гэдгийг хэлж болно шүү дээ? -Сонгууль болохоо больчихоод байна шүү дээ. Ард түмний сонголтоор асуудлыг шийдэхгүй, тойргийн хорооныхон л шийддэг боллоо. Сүлжээ бүх асуудлыг шийддэг боллоо, яг үнэндээ. Саяны сонгуулиас харахад Хан-Уул дүүргийнхэн ардчилсан талынх юм уу? Баянгол дүүргийнхэн хувьсгалт намынхан юм уу? Тэгэж яривал Хан-Уулынхан чинь урьдын судалгаанаас харахад хамгийн ху баримжаатай хүмүүс байхгүй юу. -Тэгээд Хан-Уулынхан энэ удаа яагаад ардчиллыг дэмжсэн гэж? -Тэнд ху намын байгуулсан сүлжээ нь уначихсан байхгүй юу. Нөгөө Загджав нь яваад, хоорондоо хэрэлдээд, Загджавт ар гэрийн гачигдал гарч хөөрхий амьтан сонгуулийн үеэр Ховд руу явчихсан. Сүлжээ нь алга болчихоод сонгуулийн шөнө гэрэл таслах хүнгүй болчихсон. Тэгэж яривал баянголынхон чинь хамаагүй ардчилсан үзэлтэй улсууд. Хэн нь ямар талаа дэмждэгтээ биш, хаана сүлжээ ажиллаж байна, сүлжээг хэн барьж байна түүнээс л хамаарна. Сонгууль чинь ийм болчихоод байна. -Сая С.Эрдэнийг шүүхээр оруулж авилгын хэргээр шоронд хийчиж байгаа нь бас л сонгуультой холбоотой бололтой? -Үнэхээр хулгай хийгээд тэр нь нотлогдсон бол яллагдах ёстой л байх л даа. Гэтэл энд өөр юм ярьж, өөр юм хийгээд байна. Нэг гайгүй жипний үнийн хэртэй юм яриад байнаа даа. Гэтэл цаана нь гайгүй тийрэлтэт онгоцны хэмжээний юм хусчихсан олон хүн бий. Би л лав айдаггүйгээрээ бишгүйдээ нэгийг нь нэрлэж, үйлдсэн хэрэгтэй нь бичиж байсан. Би ямар матаач биш, гомдол гаргаад гүйгээгүй л дээ, гэхдээ нийгмийн шудрага ёсны зарчмын үүднээс хэлмээр санагдаад байдаг юм. Хууль адикват байх ёстой. Эрдэнэд 6 жил өгч байгаа юм бол цаана нь цаазаар авахуулах норм биелүүлчихсэн олон хүн байна. Энд асуудал авлигадаа биш сонгуульдаа байна. Гол зорилго нь сонгуулийн дүнг өөрчлөх. Шүүхийн тогтоолын гол зорилго Эрдэнийн бүлгийнхэн сонгуулийн дүн засчээ, уул нь Баяртсайхан ялсан юм гэж хэлээд байна шүү дээ. Авилгын асуудал нь хавсралт юм даа. Үүний тулд Нямдорж зориуд Увсаас хүн авчирч шүүх хурал хийлгэсэн гэцгээх юм. Дахиад адикватаа ярья. Сонгууль улайм цайм булхайддаг явдал 2000 оны сонгуулиар анх “албан ёсны” болсон. “Бат-Үүл Зоригийг алсан нь тогтоогдсон учир сонгож болохгүй” гэсэн заавар Сэлэнгэд очиж байлаа. Ингээд улаандаа гарч гэгээн цагаан өдрөөр сонгуулийн хайрцгийг аваад мотоциклаар зугтааж байсан явдал 2000 онд Сэлэнгэд гарч байв. Тэд шийтгэгдэх байтугай хөхиүлэн урамшуулагдаж байсан. -Тэгвэл ерөнхийлөгчийн сонгууль хийгээд хэрэггүй юм биш үү? Хувьсгалт намын сүлжээ байсаар байгаа юм чинь. Тэгээд ч хямралтай байна, Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн тэрбум төгрөг зарцуулна. -Тэгэж магадгүй гээд сонгууль хийхгүй байх гэж үү? Төрийн тэргүүнгүй байх юм уу? Засгийн газаргүй байх юм уу? Эндээс сонин асуудал гарч ирж байна. Төр оршин тогтнох, төрийн ардчилсан хэлбэр орших хоёрыг хооронд нь холиод байнаа даа? -Сонгууль хийх ёстой юм бол дээр үеийнх шигээ МАХН-аас нэг хүний нэр дэвшүүлээд л сонгууль хийсэн болохгүй юу? -Худлаа байна уу, үнэн байна уу хамаагүй, төр улс байх ёстой юм бол сонгууль хийх л учиртай. Эсвэл сонгууль хийхгүй, Буш гуай тэнд тэтгэвэрт гарчихлаа гээд уриад аваад ирэх үү? Сонгуулиа шудрага болгоё, ардчилсан байя гэж байгаа бол нэг хэрэг, олигтой сонгууль хийж чадахгүй учраас ерөөсөө төргүй болоод тарчихая, тараачихая, байхгүй болгочихоё гэж байгаа бол бас өөр хэрэг, тийм үү? -Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё гээд яриад байсан. Болохгүй юм уу? Мөнгө төгрөг хэмнээд. -Монголд хууль өргөн барих эрхтэй 78 субъект байдаг. 76+Засгийн газар+Ерөнхийлөгч. Үүнийг өөрчлөх бол Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Ард түмнээр хэлэлцүүлнэ гээд л ярих юм. Ард түмнээр хэлэлцдэг юм гэж юу байх вэ. Бололцоогүй зүйл. Одоогоос 2500 жилийн өмнө Герегт улс гэж байгаагүй хотууд гэж байсан. Афиныхан бодож олсноор бүгдээрээ хотын захад очиж асуудлаа хэлэлдэг байж. Сүүлдээ хотын захад багтахаа болиод дундаасаа төлөөлөл сонгодог болсон. Ингэж төлөөлөх ардчилал үүссэн юм. Одоо ард түмнээрээ хууль хэлэлцдэг юм гэж хаана ч байхгүй. Саяхан Швейцарьт ард түмнээрээ хэлэлцэж туршсан. Компьютерийн систем ажиллуулаад хүн бүрийн саналыг авч. Жилд 40 орчим асуултанд иргэд хариулна. Улс орны амин чухал асуудлаар. Утгагүй юм байна гэдэг нь харагдсан. Ямар ч ойлголт байхгүй, ямар ч сонирхолгүй хүнээс юу олж сонсох вэ? Ардчилал гэдэг чинь нийгмийн тодорхой идэвхтэй хэсгийн оролцооны асуудал болохоос массаар нь хамруулах тухай биш юм. Найруулагч Милош Форманы “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” /Оne flew over the cocoo`s nest/ гэж кино үзсэн үү? -Үгүй. -Ээ! Тэнд галзуугийн больницод өвчтөнүүд зурагт үзэх эсэх тухай санал хураалт явуулдаг юм. Өвчтөнүүд зурагт үзнэ гээд. Сувилагч нь дарангуйлагч. Ингээд асуудлыг шудрага сонгуулиар шийдэхээр болно. Сувилагч шахсаар байгаад огт ухаан мэдрэлгүй хэвтрийн өвчтөнүүдийг санал хураалтанд оруулна. Тэд ойлгох байтугай гар өргөх чадваргүй учир татгалзсанд тооцож сувилагчийнхаар шийддэг. Зарчим нь санал өгөх нь бүх хүний эрх, гэхдээ оролцох эсэх нь тухайн хүний хэрэг. Солонгост орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 18-20 хувь сонгуульд оролцдог аж. Манайд орон нутгийн сонгууль хүчингүй болж бөөн юм боллоо. Дараагийн сонгуульд улам цөөн болно, яана? Ач холбогдол багатай орон нутгийн сонгуулийн ирцийн кворумыг өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн идэвхтэй хэсгийн саналын олонхи гэж байхаас ямар ч сонирхолгүй хүнийг түлхэж оруулаад санал өгүүлдэг байж болохгүй байхгүй юу. Бидний үе өөрчилж амжихгүй -Та дараагийн ерөнхийлөгчийг ямар хүн байгаасай гэж бодож байна вэ? -Дараагийн ерөнхийлөгчийг парламентаасаа сонгогдчихдог, нас тогтсон, элдэв юм руу хутгалдаж ордоггүй, Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу Засгийн газар, шүүх гэхчлэн олон ажил руу ордоггүй, нейтраль, улс төрийн намуудын арганд ордоггүй, нөлөөнд автдаггүй Монгол Улсын төрийг төлөөлдөг тийм хүн байгаасай гэж бодож байна. Манай улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын үндсэн логик чинь төлөөлөх эрхэнд байгаа юм. Элчин сайдыг томилдог, жуухыг нь өгдөг, авдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах гурван өндөрлөгийн гаргасан шийдвэрийг төрийн өмнөөс төлөөлөн танилцуулдаг, сурталчилдаг, хэлдэг, дамжуулдаг. Яг Германы ерөнхийлөгч шиг. Энэ үндсэн логик үүргээ ойлгодог, тэр хэмжээгээ барьдаг хүн байгаасай гэж бодож байна. Манайд чинь “двойная власть” буюу давхарласан засаглал буй болчихоод байна шүү дээ. Тухайн асуудлыг нэг харахад хэн ч шийддэггүй юм шиг. Шийдэх болохоороо шамбааралдаад завааралдаад бүгдээрээ шийдэх гэж дайрдаг. Энэ улсын төрийг алаад байгаа юм чинь энэ! Тодорхой биш. Ямар хүн Ерөнхийлөгч, ямар хүн Ерөнхий сайд, ямар хүн шүүхийн дарга болсноос юм нь хамаардаг. Хүнээс хамаарах ёсгүй байхгүй юу. Машин нь ажиллаж байх ёстой юм. Хүнээс хамаардаг болоод л төрийн нэгдсэн бодлого, нэгдсэн механизм байхгүй болчихоод байна. Эрх үүрэг нь тодорхой биш. Хэн хариуцах нь тодорхой биш. Шийдэх болохоороо өөр өөрийнхөөрөө шийдчихээд хариуцлага хүлээх болохоороо бүгдээрээ байхгүй болчихдог. Ийм байна. -Манай Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхтэй гээд хуулинд заасан байгаа. Ер нь их эрхтэй гэж та хэлэх гээд байна уу? -Бүх юм руу орно. Орохгүй юм гэж байхгүй. Шүлэг уншсан ч ивээн тэтгэж байдаг, бөх барилдсан ч ивээн тэтгэж байдаг. Миний тоолсноор сүүлийн 4 жилд 200-гаад арга хэмжээг ивээлдээ авах шив, ивээхээрээ ч яадгийм! Тэр нь яахав дуртай юм гэж бодоход гүйцэтгэх, шүүн таслах эрх мэдэл рүү дуртай үедээ хутгалдаж институцийн өмнөөс шийдвэр гаргах, шахах, нөлөөлөх нь арай ч хэтэрлээ. -Эрх мэдлээ хэтрүүлээд байгаа юм уу, тэгээд? -Хууль нь өөрөө тодорхой биш юм. Тодорхой зааж өгөөгүй байхгүй юу. Тодорхой бус болохоор шургаж ордог сайхан нүх хаанаас л бол хаанаас олдог. Зөвшилцөх гэдэг үг байгаа. Юу гэсэн үг юм бэ? Тэрүүгээр тоглоод эхэлдэг байхгүй юу. Би зөвшөөрөхгүй гээд л болоо. Ер нь манай тогтолцоо, хуулийн логик төлөвшөөгүй байгаа. -Хэзээ, хэрхэн төлөвших бол? -Тиймээс ч бүх л юм болохгүй бүтэхгүй болоод байгаа байх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл болох асуудалд улсын нууцыг мэддэг хүмүүс зөвшилцөөд энэ дээрээ бодвол яасан юм бэ гэсэн зөвлөмж гаргадаг газар. ҮАБЗ дээр одоо хэлэлцэх асуудал гээд 150 гаруй асуудал овоорчихсон байна. Өөртөө таалагддаггүй, хутгалдаж болох, мөнгө төгрөгөөр рекэтлэх юм байвал ҮАБЗ-өөр оруулна гээд гацаачихдаг. Энэ төрийн машиныг гацаадаг сайхан арга болчихоод байгаа. Яаралтай шийдэх олон асуудал, газрын зөвшөөрөл лиценз гээд тэнд Монголын бүх асуудал байгаа. Шийдэхгүй буюу шийдүүлэхгүй байна гэдэг чинь рекэтэлж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Эрх үүргийн нарийн хуваарлалт байхгүй учраас хариуцлагын тогтолцоо байхгүй болчиж байгаа юм. Ингэхээр хэн ч хариуцлага хүлээхгүй юм чинь гацаах, сүрдүүлэх зэрэг аргаар эрх мэдлийг эрх үүрэгтэй газраас нь салган өөр рүүгээ хандуулж болдог юм. Бид хаа хаанаа амьдарч байгаа нийгмийнхээ логик зарчмыг ойлгохгүй мэдэхгүй байна. Энэ бүх тогтолцоо дэлхий дээр цоо шинээр хийж байгаа юм биш. Түмэн бэрхшээл зовлон туулаад өөрийн төгс төгөлдөр хэлбэр рүү орсон байгаа. Бид зөв логикыг ойлгож, зөв орчуулах тухай асуудал л байна. Тэгэхгүй бол бид асуудал болгонд тав, зургаан дугуй шинээр хийн угсраад байна. Сүүлдээ хаалга үүдээр орох ч аргагүй боллоо, тойроод битүү дугуйтай. Аль талаараа явах юм бүү мэд, тийм ээ. -Үүнийг хэн өөрчлөх вэ? -Үүнд цаг хугацаа хэрэгтэй байхаа. Яагаад гэхээр болдоггүй юм байна гэдгийг ном, сониноос уншиж, эсвэл очиж үзэж болно. Гэхдээ ийм юмыг арьс махан дээрээ амсаж байж л ойлгодог бололтой юм байна. Тэгэхээр дор хаяж нэг хоёр үе өнгөрөх ёстой бололтой. Өнөөдөр бидний үе үүнийг хийж чадахгүй, ойрын 20, 30 жилдээ үүнийг өөрчлөх боломжгүй. Энэ маань ерөөсөө өнгөрлөө баларлаа гэж байгаа юм биш, цаг хугацаа их шаарддаг юм байна гэдгийг л хэлж байна. Одоо байж байгаа юмнууд бүгд авахын аргагүй юм болоод Монгол Улс сөнөчих гээд байгаа юм алга. Төлөвших шатан дээрээ явж байгаа зүйл. 50 жилийн дараа бол инээдтэй харагдах зүйл байх л даа. Унаад, өнхрөөд, онхолдоод, шороо тоостой холилдоод л, баас шээстэйгээ хутгалдаад ингэж явж байж л энэ нийгэм чинь төлөвшинө. Хурдан болчихдог юм биш бололтой. Харин нийгмийн дэвшлийн хувьд хурдан байгаа шүү. Магадгүй хэт халалттай, хурдан байх шиг байна. Техник технологийн дэвшлээ хүний сэтгэлгээ нь гүйцэхгүй байна. Байгуулж байгаа нийгмийнхээ үндсэн логикт жижигдээд, тэрнийхээ хурдыг гүйцэхгүй ойлгохгүй байна. Нэг талаас бодоход арга ч үгүй. Ердөө 50 жилийн өмнө бид бүгдээрээ хонь хариулаад л явж байсан шүү дээ. Төлөвшсөн нийгмүүд өнөөгийн төвшиндөө очихын тулд хэдэн зууныг туулсан. Гэхдээ алсын утгаар нь бол би их өөдрөг бодолтой шүү. Болноо, болж л таараа! Би ерөнхийлөгч болбол хээнцэрдэх байлгүй -Яриа маань нийгмийн болохгүй бүтэхгүй юм руу аяндаа орчихож. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гээд байгаа хүмүүс байна. Н.Энхбаяр, С.Баяр, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд л. Энэ хүмүүс дотор таны хүсээд байгаа хүн байна уу? -Мэдэхгүй. Баяр дэвшихгүй гэж хэлсэн биз дээ? -Тийм л дээ. Гэхдээ нам итгэл хүлээлгэж байхад, би уг нь дэвшихгүй гэсэн юм, гэтэл болсонгүй гээд дэвших ч юм уу гээд яриад байна л даа. -Чамайг хулхидаад дэвшчиж магадгүй гэж үү? Үгүй байх аа. -Бүр МАХН, АН хоёр нийлээд дэвшүүлэх гэж байгаа юм биш үү? -Баярыг олон жилийн өмнөөс мэдэх юм байна. Хэлсэндээ байдаг хүн шүү дээ. Хотын соёл гэж байдаг юм. Хэлсэндээ байдаг. Монголын уламжлалт нэг хөдөө маягийн юм байдаг л даа. За үгүй нь мэдэгдэхгүй. Болбол жижиг юман дээр ч хулхидах гээд л. Баяр 40 мянгатад өссөн, зодоон цохион ч хийж яваа биз, гэсэн ч хэлсэндээ хүрдэг байхгүй юу. Хэлсэндээ байх сайхан шүү дээ. -Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ахин нэр дэвшээд ялах байх гэж хэн хүнгүй ярьж байна. Таны хэлээд байгаа сүлжээг бодсон ч тэр. Яах бол? -Ямар л ард түмэн байна, тийм л төр байна шүү дээ. Ямар л хүүхэн байна өөртэйгөө таарсан нөхөртэй болно биз дээ. Траншейны архичин оны мисс хүүхэнтэй суух бололцоо бий юу? Их хурлын хэдэн гишүүн өөрснөө сонгож гаргаж ирчихээд араас нь хараагаад л. Өөрснийх нь байж байгаа царай нь л тэр шүү дээ. Тэр Бат-Эрдэнэ, тэр Арвиндаа сонгогчид нь таарсан л байгаа шүү дээ. Өөр хэнийгээ сонгох гээв? -Та Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхгүй юм уу? -Би юу даа? Гоёдох байлгүй! Хээнцэрдэнэ. Дэндүү шудрагадана, дэндүү ухаантайдана, дэндүү зөвдөнө… өөрөөр хэлбэл хэн ч намайг сонгохгүй. -За за. Гэхдээ та асуултаас битгий зайлсхий л дээ. Та Ардчилсан намын гишүүн. Танай намаас хэн дэвших бол? Ерөнхийлөгч болох шалгуурт нийцэх хэн байна вэ? -Мэдэхгүй. -Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын тухайд? Э.Бат-Үүл их зөв юм яриад байгаа ш дээ. Хуучин АИХ-ын чуулган гэж байсан даа. -Зөв санаа шүү, тэр АИХ байгуулна гэдэг. 1990-92 онд туршаад үзсэн. Байнгын ажиллагаатай биш. Жилдээ ганц хуралддаг. Засгийн газар байгуулах, төсөв батлах зэрэг асуудал дээр хуралддаг. Манай энэ УИХ бүх юмыг шийддэг аймаар газар болоод байгаа. Энд даруулга өгдөг газар хэрэгтэй байгаа юм. Эргээд бодоход УБХ, АИХ дэгтэй байсан байна лээ. Японд дээд танхим гэж бий, хуучин сайд нараас бүрдэнэ. Англид Лордын танхим гэж байх. Лордын танхим бараг хэзээ ч хуралдахгүй. Хэдэн гишүүнтэйгээ ч мэдэхгүй. Лав 6 мянга гаруй гишүүнтэй байх. Онц үед давхиж ирээд нийтийн танхимдаа шахалт үзүүлээд, наадах чинь болохгүй гэх жишээний. Даруулга л юм даа. Түүнээс биш тэд хууль тогтоодоггүй. Ингэхээр 400 хүнтэй байнгын бус дээд танхим байгуулбал ард түмний төлөөлөл өргөжинө. Манайд ард түмний санал гэж их ярьдаг. Яг үнэндээ тэр ард түмэн гэдэг чинь хаа байгаа хэнийг хэлээд байгаа юм бэ? -Улстөрчдийн хэлдэг гоё үг. -Яг тийм. Гоё үг. Үнэндээ бол нохойд барьдаг мод шүү дээ. Ард түмэн өөрдийгөө төлөөлөх өргөн төлөөлөлтэй л байх ёстой. Ард түмний шийдвэр гэж юу юм бэ? Монголын ард түмний 90 хувь нь ийшээ, 10 хувь тийшээ гэвэл алийг нь ард түмэн гэх вэ. 10-ийг ард түмэн гэх үү, 90-ийг нь ард түмэн гэх үү. 90-ийг нь ард түмэн гэвэл 10-ийг нь яагаад хасаад хаяж байна гэсэн асуулт үүснэ. Иймээс л ард түмний гэхээсээ олонхийн шийдвэр гэсэн ойлголт байдаг. Нэг талаас үнэхээр ард түмэн гэж бий, гэвч нөгөө талаас ард түмэн гэхээр хийсвэр ойлголт болчихдог. Шударга гэдэгтэй адил үг. Юуг шударга гээд байгаа юм бэ? Хүн хүн өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс хуулийн хэллэгт шударга гэж байдаггүй юм шүү дээ. Хуулийн хүрээнд, хуулиас гадуур гэхчлэн тодорхойлно. -Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж хүмүүс ярих боллоо. Хуулийн төсөл санаачилсан ч гэх шиг. Тухайлбал Путин шиг хүн Монголд хэрэгтэй гэх маягийн зүйл ч сонсогдох боллоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? -Хүмүүс гэж хэн, хэдэн хувь, ямар хүмүүс байгаа юм бэ? Дахиад л нөгөө ард түмэн гэдэг шигээ юм яриад уналаа. Ер нь бол төрийн ямар ч сайн шийдвэрийг хүн амын 25 хувь заавал эсэргүүцдэг юм гэнэлээ. Ер нь тэгээд тэр Путин чинь хаана байгаа юм? Энхбаяр уу? Путиндээд л сууж байна шүү дээ, одоо бас ямар эрх мэдэл нь дутчаав? Олгосон байтугай олгоогүй эрхийг эдлээд сууж байгаа нь чамлалттай байна уу? -Энэ яриа төдий л зүйл байх гэж үү? -Үгүй байх. Ямар засаглалтай байхыг эрх бүхий хүмүүс л шийднэ. Эрх бүхий хүмүүсийн дунд тийм үзэл дэлгэрсэн гэж бодохгүй байна. Хуулийг өөрчлөх, бий болгох, тогтоох, мөрдүүлэх үүрэг бүхий улсуудыг булхайтай ч байна уу, булхайгүй ч байна уу сонгуулиар гаргаж ирсэн биз дээ. Тэр улс шийдэх болохоос нэг нөхөр зурагтаар байн байн ярьж байгаад шийддэг асуудал биш. Үргэлж тийм юм байх болно. Тэр хүн тэрийгээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Ер нь Ерөнхийлөгчийн засаглал гэж юуг ойлгоод байгаа юм? Улсуудын ярьж байгааг хараад байхад Ерөнхийлөгчийн засаглал гэж хаант засаглалыг ойлгоод байгаа байхгүй юу. Хаан гэдгийгээ л Ерөнхийлөгч гэх юм билээ. Абсолют монархизм гэж байдаг. Тэрийг л Ерөнхийлөгчийн засаглал гэж ойлгоод байгаа юм. Үнэндээ хамаг юмаа хариуцуулаад, сайн хүн олж тавина гээд инээдтэй юм яриад байх юм. Бид парламентын засаглал ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа чинь гүйцэтгэх засаглалаа шууд сонгох уу, дамжуулж сонгох уу гэдэг асуудал юм. АНУ-д Обамаг сонгоно гэдэг шууд Засгийн газрыг сонгочихож байгаа хэрэг. Тэр өөрөө засгийн газраа үзэмжээрээ бүрдүүлнэ. Парламентийн засаглал гэдэг нь парламентаа сонгуулиар бүрдүүлээд тэндээсээ Засгийн газраа томилдог. Ерөнхийлөгчийн засаглалтай үед гүйцэтгэх засаг шууд сонгогддог бол Парламентын засаглалтай үед гүйцэтгэх засаг дамжин томилогдож байна. Ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа улсын мөрөөдөөд байгаа тэрхүү абсолют монархизм чинь өнөөгийн ертөнцөд цөөхөн газар байгаа. Оманд байгаа байх. Саудын Арабт байгаа биз дээ. Тэр бол бүтэхгүй байх аа. Манайд абсолют монарх дахиж бий болохгүй байх. -Сэдвээ жаахан өөрчилъе. Сүүлийн үед долларын ханш өслөө. Юу болоод байна вэ? Монголбанкны ерөнхийлөгчийг сольчихвол бараг буурах юм яриад байсан. Улам л нэмэгдээд байдаг? -Биднээс өөрөөс болсон юм их бий. Саяын хэдэн жил бид их цамаархлаа. Засгийн газрууд мөнгөөр ёстой нэг туйлсан шүү дээ. Гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулчихсан, уул уурхайнуудаа ашиглачихсан, хүүхдийн, гэр бүлийн мөнгө гээд тараалгүй улсын эрсдлийн санд нэг тэрбум доллар цуглуулчихсан, Монголбанкаа шахаж элдэв юм бололгүй 3-4 тэрбум долларын нөөцтэй болчихсон байх л байлаа. Бид чинь уул нь даруухан хэрэглээтэй даржин ард түмэн байлаа даа, уг нь. -Та Сангийн сайд байсан. Манайд эдийн засгийн урт хугацааны төлөвлөгөө, бодлого гэж байдаг юм уу ер нь? -Бид нарын ерөнхий зорилт улам дэвжин дээшлэх, өсөх, хөрөнгө чинээтэй болох. Энэ чинь л чиг хандлага юм шүү дээ. Бүх улс оронд ийм. Түүнээс биш тэдэн онд нөөцийг тэгнэ, валютын ханшийг ингэнэ гэсэн юм байхгүй. Тэгэж төлөвлөх бололцоогүй. Бололцоогүй болохыг нь энэ хямрал харуулж байгаа биз дээ? Цогц бодлого гээд хачин юм хийсэн л байна билээ. Бас л өнөө мундаг хүний ивээл дор! Мөрөөдөж болно, хүсэж болно, харин тэрийгээ тулгаж болохгүй. Үе үеийн Засгийн газрууд нөхцөл байдалдаа тохируулж л урагшлах болохоос хүний мөрөөдлийн жагсаалт биелүүлж явах учиргүй. Хөгжинө, дэвшинэ, урагшлана, баяжина, боловсроно, эрүүлжинэ, хүн амын амьдралыг дээшлүүлнэ гэсэн зорилт чинь л өөрөө өнөө ерөнхий бодлого чиглэл төлөвлөгөө чинь шүү дээ. -Гэхдээ өрхийн төсвөө барьдаг би ч гэсэн энэ сард тийм зарлага гаргана, ирээдүйд хүүхдээ сургуульд оруулах учир мөнгө хураана гэх мэт төлөвлөлт хийдэг байхад манайд байсхийгээд л солигдоод байдаг Засгийн газрууд таг харанхуйгаар зөвхөн өөрсдийнхөө нэр хүндийг бодсон алхам хийгээд байгаа нь манай эдийн засгийг улам дампууруулаад байгаа юм биш үү? -Манай төр төлөвлөгөөгүй учраас дампуураад байгаа юм бишээ. Түрүүний хийснийг нь дараагийнх нь нурааж цоо шинээр амьдрал эхлэх гээд байдаг нь дампуурал руу чирж байна. Хуримтлал буй болгох, эрсдэлийн сан байгуулах, инфляцаас сэргийлэх, нөөцөө нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих энэ тэр чинь төлөвлөгөө биш зарчим. Үе үеийн хаанахын ч төрийн баримтлах зарчим. Манай аль ч Засгийн газар өмнөхийнхөө бүх юмыг үгүйсгээд нураадаг ч гэсэн энэ ерөнхий зарчмыг юутай ч баримтлаад л байгаа шүү дээ. Ярилцсан С.ГАНТОГОО

source:www.news.mn

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Шинжлэх ухааныг өмөөрөхүй

Posted by tsogtoo on November 27, 2008

2008 оны 11 сарын 25

“Шинжлэх ухааныг өмөөрөхүй” өгүүллийн дараагийн хэсгийг нийтэлж байна. Түрүүний хэсэгт албан ёсоор шинжлэх ухаанд хамаарах хүмүүс, мөн сайн дурынхан шинжлэх ухааныг хэрхэн гуйвуулж нийгэмд хор хөнөөл учруулж байгаа талаар дурьдсан. Энэ бол үргэлжлэл нь.

    Луйварчид. Эйнштайн бол өнөө үеийн домог. Эйнштайн ингээд хэлчихсэн гэвэл бараг хууль. Хүн болгон түүний Е=mc2 томъёог таньдаг, харин цөөхөн хүн ойлгодог. Энэ алдартай томъёог нээлтээс нь хойш 103 жилийн дараа, ердөө энэ жил нарийн тооцооллын аргаар баталлаа. Кваркууд массын ердөө 5 хувийг эзэлдэг. Үлдсэн 95 хувь нь хаачив? Эгэл бөөмсийн нэг болох глюон массгүй байдаг, гэрлийн хурдаар хөдөлдөг. Эндээс масс энергид шилждэг гэсэн алдарт томъёоллын төчнөөн хэмжээний энерги гаргаж авахын тулд аль хэр массыг хэрэглэх вэ гэдгийг нарийн тооцоолуураар нягтлан тогтоожээ. Ингэхээр Эйнштайн бол хэн хүний өөрийгөө зөвтгөхөд ишлээд явдаг амар хоол биш нь харагдаж байна.

Бичиг үсэгт бүрэн тайлагдсан нь эргэлзээтэй ердийн луйварчид болон сэтгэцийн өвчтөнүүдэд аугаа эрдэмтэн хамгийн их ишлэгддэг. Энергийн тухай, ид шидийнх нь тухай манайд бөө, лам, мэргэч зурхайч нар хамгийн их ярьдаг боллоо. Гэтэл энерги гэдэг бол шинжлэх ухааны цэгцтэй ойлголт. Энергийг шинжлэх ухаан тултал нь тайлаагүй л явна. Термоденамикийн гуравдугаар хууль физик үү, гүн ухаан уу? Эйнштайний харьцангуй онолыг ч Нобелийн хороо физикийн нээлт гэж хэлэхээс айж, түүнд фотоны гаралтын нээлтэд нь шагнал өгөөд салахын түүс болсон. Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим яг физикийн нээлт мөн үү? Шрөдэнгэрийн элетрон долгионлог тэгштгэл аугаа ч, түүний амьдралын тухай томъёолол нь хамгийн их цочирдуулам үг байв. Мэрэг төлгөөр олсон тэр мөнгөөрөө ядахнаа хүзүүгээ угаачихад яана даа гэж бодмоор хагас бичиг үсэгтэй луйварчдад энэ дэлхийн хамгийн аугаа оюунуудын эргэлзэж байгаа зүйлс тун ч энгийн, нэвт мэдээд авчихсан таниулга нь байх юм.

Гүрэм хийж, хараал талбиж, мэргэлж төлөглөхөд Эйнштайн ямар хамаа байнаа? Буддизмыг шинжлэх ухаан гэж Эйнштайн хэзээ ч хэлээгүй. Угаасаа биш юм чинь.  Шашин бол нэг талаасаа гүн ухаан. Шашин болгон ертөнцийн мөн чанарыг тайлбарладаг. Харин ихэнх шашинууд асуудалд эцсийн хариу өгч мухарладаг. Энэ нь шинжлэх ухааны шинэ нээлттэй зөрчилдөх нь элбэг. Ертөнцийг Бурхан долоо хоногт бүтээсэн тухай Иудын шашин анх номолжээ. Эндээс 7 гариг, 7 хоног гэх ойлголт гарч. Гэтэл Галиллэй Бархасвадийн 4 дагуул нээж орхисон нь 7 эрхэсийг шууд 11 болгож “хууль”-ийг эргэлзээнд оруулсан учир инквизатороор орох шалтгаан нь болжээ. Эсвэл Дарвины байгалийн шалгарал, ялангуяа хүн бичнээс үүссэн тухай таамаглал олон шашны урьд өмнөх тайлбарт хүнд цохилт болжээ. Алив юмс үзэгдэлд эцсийн тайлбар өгөөгүй, өөрөөр хэлбэл хувиран өөрчлөгдөж мөнх орших ертөнцийн тухай сургадаг буддизм шинжлэх ухааны ямар ч нээлтэнд хязгаар тавиагүйгээрээ саад болдоггүй. Догма байхгүй шашин. Орчлонгийн хязгааргүйн тухай ч Буддын сургаал нь өнөөгийн нээгдсэн хар нүх болон их тэсрэлт, бүх ертөнцийн нэгээс нөгөөд шилжих үзэгдлийг философи утгаар нь зөвшөөрөхөд урьдын тайлбартайгаа зөрчилддөггүй аж. Эйнштэйн буддизмыг чухам энэ утгаар нь үнэлсэн. Гэхдээ энэ бол гүрэм хийж хараал үйлдэн бусдын мөнгийг хувхайлж суудаг бичиг үсэггүй лам нарт ямар ч хүртээлгүй.  

Манай луйварчдын хүн мунхруулж мөнгө саахад ашигладаг бас нэг нэр томъёо бол ген юм. УИХ-ын гишүүн нэгний сонгуулийн магтаалд “удам сайтай унага юм, уураг сайтай ген юм” гэж өнөө мунхагаа хошгируулсан байна билээ. Ийм нэрэндээ ч зохисон морь л доо. Гэтэл ген бол тодорхой молекулуудаас бүрдсэн биет, шинжлэх ухааны тодорхой ойлголт. Энерги, ген гэх мэтийн анхдагч тодорхойлолтыг нь дунд сургуульд заадаг ч, таарсан нийгэмдээ шинжлэх ухааны ойлголтууд луйвар булхай хийх сайхан багаж болжээ. Анагаах ухаан, одон орон, түүх ч бүр тамтгаа алдсан. Астрологи буюу зурхай нь юутай ч шинжлэх ухаан биш. Дундад зууны балай харанхуй үед астрологи амьтны толгой эргүүлж мөнгө хийхэд ашиглагдаж байсан авч хэдийнээ үеэ өнгөрөөсөн. Харин манайд ид хүчээ авч байдаг! XXI зуун гарчихаад байхад бид дор хаяж 600-700 жилийн сэтгэлгээний хоцрогдолтой харайлгаж явах шив. Тийм жилтэй мэнгэтэй хүмүүс бушуухан тэр сүмд очиж ном уншуулж заслага хийлгэхгүй бол одоохон үхэх гээд байна гэсэн зар сонингоор нэг. Үүнээ мөн л шинжлэх ухаанжуулж тайлбарлана.

Монгол хэмээх бие даасан үндэстэн буй болоод их бодож л хоёр мянган жил болж байгаа. Үүнээс цааших ямар ч баримт алга. Англи, орос, испани үндэстэн буй болоод мянган жил болоогүйтэй харьцуулж ч болно, хятад, жүүд, энэтхэг гэсэн 4 мянгаас урт настай үндэстэнтэй харьцуулбал бас өөр дүгнэлт гарна. Тэгэхээр Бурхан байдаг юм гэж бодоход буй болоогүй монголчуудад 9 мянган жилийн өмнө юугаа захисан байдаг байна? Захисан юм гэж бодоход хаана тэр баримт нь байна?  Урьд нь манайд огт байгаагүй шинжлэх ухааны олон салбар дөнгөж үүсэнгүүтээ мэргэжлийн хүний гэхээсээ луйварчдын гарт орж орлогын хаалга болсны нэг нь социологи юм. Өрнө дорно хаана ч гэсэн сенсаци тарих гэсэн элдэв марзан таамаглал, мунхруулга ховор биш. Зарим нь учиргүй олон хувь хэвлэгдэж борлогдоно. Ялангуяа Нострадамусыг тайлж уншсан тухай ч юм уу эсвэл зурхайн мэрэгийн талаар. Иймэрхүү зүйл зугаа гаргахад зориулагдсан байдаг. Харин энэ нь манайд Англи, Америкийн суут эрдэмтэдийн нээлт, хөдөлшгүй үнэн маягаар орж ирнэ. Үүнийг мөн л голдуу луйврын зорилгоор нэвтрүүлэгч дамжуулагчид нийгэмд хэдийнээ байраа эзэлжээ.

Сүрдүүлэг рэкетээр мөнгө түүгчид геологи, уул уурхай, олон улсын худалдаа, жишиг стандартын талаар давгүй “шинжлэх ухаанжсан”, чих хуурч унамаар юм орилж хашгичих нь галзуугийн больницод ороод ирэв үү гэмээр. Арилжааны зорилгод ч шинжлэх ухаан мөн л нохойд барьдаг мод. Зэрэмдэг хүний нүүр харуулаад нэг тос түрхчихээр шаазан шиг болж байна гэнээ. Тураах, нүүр биеийн гажиг засах элдэв тос түрхлэг, эм тан цаашлаад хорт хавдар элэгний церроз гээд эмчлэхгүй юмгүй. Хүн малласан ийм рекламыг эрүүл газар бол хуулиар хориглодог юм шүү дээ. Зэрэгцээд сүлжээний бизнес гэгч бөөн “шинжлэх ухаан”! Энэ эмийг хийгээд Нобелийн шагнал авцгаасан л гэнэ. Нобель, Гиннэссийн ном гэж нэг хүн сүрдүүлдэг юм гараад ирж.  

Шинжлэх ухааны нэр баригчдад тоо шиг хамаагүй юм байхгүй. Гэтэл тоо л юмны үндсэн баримжааг өгнө. Амьдрал үүсээд 3.6 тэрбум жил, диназавр сөнөөд 65 сая жил болж байгаатай харьцуулахад хомо сапенс гэх ухаант хүн буй болсон ганцхан 100 мянган жил өчүүхэн бага хугацаа. Бүх хүний уугуул үүссэн цэг төв Африк. Бүх хүн төрлөхтөн тэндээс нүүж ирсэн, очсон. Хүн төрлөхтөн нэг гарал угшилтай. Заримыг нь тухайлан онцолж тэнгэр бурхан ивээсэн юм хаана ч байхгүй. Хүмүүс хоорондоо чөлөөтэй нэвтрэлцэх хэл буй болоод ердөө 15-20 мянган жил болжээ. Үндэстэн үүнээс хавьгүй хойно буй болсон. Энэ мэтчилэн шинжлэх ухаан аль хэдийнээ учрыг нь олоод тайлбарлачихсан энгийн үнэнг уул нь дунд сургуулийн программаар ойлгуулдаг юмсан. Луйварчид эдгээр баримжаа авч болохуйц тоонуудыг юу юу болгон донгосч явдагийг анзаараарай л даа.

            Сэтгэцийн өвчтөнүүд. Шинжлэх ухаан талаа барьсан сэтгэцийн өвчин уг нь тийм ховор үзэгдэл биш. Физик, астрологи, математик зэрэг тодорхой шинжлэх ухаанд бут авдаг өвчин нэлээд дэлгэмэл. Энэ талаар цоорчихсон хүмүүс шууд л Эйнштайныг багалзуурдахаас ажлаа эхлэнэ. Ньютоныг бут цохино, Хаббэлийг баллаж хаяна, нэлээд өндөр боловсролтой нь Дирак, Шрөдөнгөр, Хайзэнбэргийг цустай нь хутгахаар босч ирнэ. Тэд голдуу шинжлэх ухаанд эцсийн цэг тавьдаг. Шинжлэх ухааны нэр томъёо өргөн хэрэглэнэ. Элбэг өвчин. “Гайхамшигт оюун” кинонд гардаг Жон Нэйш үү? Аугаа хүмүүсийн дунд шизофренитэй нэгэн тохиолддог, гэхдээ энэ нь шизофрени өвчтэй болгон аугаа хүн гэсэн үг ерөөсөө биш!

Сурган бол уг нь бас л шинжлэх ухаан. Үүнийг өөрийн дураар хачин хачин хөг аяс арга методикт оруулаад яваа хүмүүсийн луйварчин, сэтгэцийн өвчтөн хоёр нь ялгагддаггүй. Юутай ч шашин ч юм шиг, шинжлэх ухаан ч юм шиг, гүн ухаан ч юм шиг эсвэл бүгдийг нь хольчихсон ч юм шиг хачин юм ярьж аугаа ихийн солиоролд орчихсон олон арван хүн эмнэлэгийн хяналтаас гадуураар барахгүй мэдээллийн хэрэгслэлийн тогтмол баатрууд болчихсон явах аж. Шинжлэх ухаан өнөөдөр хэдэн мянган төрөл анги болон салбарлаж зах хязгааргүй өргөжсөн. Зөвхөн мэргэжилийн явцуу хүрээллийн хэмжээнд л шүүмжлэх үнэлэлт дүгнэлт өгөх бололцоотой. Харин шинжлэх ухааны нэр барьсан луйварчид болон сэтгэцийн өвчтөн, мөн сайн дурын уран сайханчдад “мэргэжлийн”  дүгнэлт өгөн мандуулж сурталчлагчид нь мөн л тэр зиндааныхан. Ялангуяа шүлэгч, сэтгүүлч, зохиолч зэрэг шинжлэх ухаантай падлийгүй зүтгэлтнүүд нийгэмд илүү гарцтайгаараа гул барин улам “шинжлэх ухаанжуулсан” суртчилгаа реклам хийж өвчнийг улам сэдрээх нь үнэн сонирхолтой трагекомеди.

     Нийгмийн сэтгэлгээ. Манай эхний Ерөнхийлөгч албан ёсны үзмэрчтэй байсан. Дараагийнх нь хүслээ цаасан дээр бичиж шатаагаад тэнгэрт “факс” илгээдэг шинэ арга нээсэн. Аль алин нь шинжлэх ухааны албан ёсны доктор зэрэгтэй хүмүүс шүү дээ. Гуравдахь нь зүгээр л мухар сүсэгтэн, урьдах хоёрыгоо нийлүүлснийг олон зэрэгт дэвшүүлээд ч багадам. Төр шашин тусгаар байх Үндсэн хуулийн зарчмыг бантагнуулж хооронд нь холиод зуурч орхисон хүн бол энэ. Оршуулган дээр сууж харагддаг ламхай нар одоо албан газар сургууль эмнэлэг гээд хаа л бол хаа гүрэм ном хийж хонх дамар тачигнуулаад төрөөр тэжээлгээд сууж байдаг болж. Мань хүн Буддагийн цогцос аваад ирлээ гээд хайран сайхан индүүдлэгтэй гонжоомтойгоо нисэхийн заваан талбай дээр өнхөрч хөрвөөгөөд байх мөртөө “энэ бол тахианы яс биш шүү, ийм цуу гарах бий” гэж анхааруулна. Тэгээд байхыг бодоход тахианы яс л байж таарна. Дөрвөн уул тахиадахсан чинь олимпоос дөрвөн медаль авчихлаа гээд байгаа хүнийг юу гэж нэрлэх вэ, өнөөгийн XXI зуунд!? Тэгсэн мөртөө эдний амтархан ярих дуртай сэдэв нь шинжлэх ухаан. Бүр хөгжүүлэх тухай наана гээ. Авцалдаагүй байгаа биз?

Дээрээсээ ингэхээр улс орноор дүүрэн дөвчин зайран байгааг ч аргагүйтгэж үзмээр. Луйварчид, сэтгэцийн өвчтөнүүд нийлж аваад цугларалт, уулзалт, лекц, тахилга элдэв ёслол их үйлддэг болж. Үүнийг мэдээллийн хэрэгслэл бах болгон суртчилна. Иймэрхүү ёслолын ажиллагаанд оролцох нь асар үнэтэй. Асар гэдгийн учир нь тэнд нийгмийн хамгийн бэл бэнчин муутай ядуу зүдүү хүмүүс оролцож буй тул энд төлж буй мөнгө нь бэлтэй хүн ч цочирдом өндөр. Орлогоос чинь татвар авна гээд хэлчихвэл урдаас чинь яаж дөвчигнөж хараал зүхэл болох бол? Үр удмаар чинь мөхөөнө гээд л. Татварын байцаагч байтугай төрийн тэргүүн хүртэл ийм үгнээс үхэнлцгээ хагартал айдаг юм чинь. Уг нь дээрэмчингээс битгий хэл гуйлгачингаас ч татвар авч чаддаг байх ёстой л доо, уг ном нь. Гэтэл юун татвар, төр өөрөө иймэрхүү зүйлд үнэмшимгүй мөнгө төлнө. Одоо УИХ-ын гишүүн болчоод байгаа нэг мудак аймгийн дарга байхдаа тэнгэрээс Чингис хааныг дуудах ёслолд аймаг хөгжүүлэх сангийн хамаг хөрөнгийг уутных нь амыг гөвөн байж зарцуулж байв. Өөрөө Чингис хаан болоод тамгын ажилтнуудаа өрлөг жанжин болгон хувцасалчихаад хотоор морьтой давхиж явсан дүүргийн даргын марзан жүжиглэлийг олон хүн биеэр харсан байх. Энэ чинь үнэ өртөггүй зүйл биш шүү дээ. Бүр хэрээс хэтэрсэн мөнгө төсөвт нь суучихсан байгаа. Ард түмнийг боловсруулж гэгээрүүлэх үүрэг хүлээсэн төр өөрөө мухар сүсэгт гар татахгүй байхаар бид эрүүл нийгмийн тухай ярих бололцоо байна уу?

Аль ч нийгэмд шинжлэх ухааны нэр баригчид санасныг бодвол олон. Албан ёсны шинжлэх ухаанд хамрагсад үүнээ гуйвуулах явдал элбэг. Лысенко генетикийн ухааныг сөргөж мичуринизм гэгчийг гаргаж ирсэн. Ерөнхий санаа нь ялааг сайн тэжээсээр байгаад заан шиг болгож болно гээд байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хоёр швейцарь эрдэмтэн тасалгааны температурт халуун цөмийн урвал явууллаа гэж баахан шуугисан. Хулганы арьс таллаж будчихаад иммунологийн том нээлт хийлээ гэж зарласан австрали эрдэмтний явдал саяхных. Гэвч шинжлэх ухаан нотлогддог, няцаагддаг чанартай учир энэ төрлийн шуугиан урт насгүй. Сайн дурынхан хорвоогоор нэг. Зургаан тэрбум хүн дотор аль янзын юм байхыг тэр гэхэв. Харин тэднийг шинжлэх ухаан тоодоггүй. Шинжлэх ухааны нэр барьсан луйварчид дундад зууных шиг элбэг биш ч ялангуяа сэтгэлгээ дорой, хоцрогдсон нийгмүүдэд амь бөхтэй оршсоор. Хөрс байгаа болохоор л луйварчид гаарч байгаа хэрэг. Сэтгэцийн өвчтөн шинжлэх ухааны нэр барих явдал ховор биш. Харин эрүүл нийгэмд тэд эмнэлэгийн хяналтандаа л байна уу гэхээс зурагтын дэлгэцээс салахаа больчихдог юм гэж хаа байхав!  Эрүүл нийгэмд бүгд байх ёстой газраа л байр байрандаа. Хаа ч хэзээ ч байдаг энэ үзэгдэл харин манайд хавтгайрч, улс орны хөгжлийн бараг л албан ёсны баримжаа чиг хандлага болон алдаж, нийгмийн гишүүдийн дийлэнхийг хамарч, мэдээллийн хэрэгслэлээр байнга сурталчлагдаж, олон түмэнд итгэл үнэмшил болж байгаад хамаг аюул байна. Нийгэм ийм зүйлд асар их хөрөнгө мөнгө зарцуулж оюун санааны гүн хямралд орж, байгаа ертөнцөөсөө тасарснаар ямарваа хөгжил дэвшил сайн сайхны тухай ярих нь ч утгагүй хэрэг юм. Татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг Үндэсний телевиз сэтгэцийн өвчтэй хүнээр яриулж Европын уулыг тахихад хандив өргөхгүй бол хараал хийнэ гэж ард түмнийг заналхийлгүүлж байхаар яахав? Танин мэдэхүй нэртэй телевиз орой болгон ид шидтэнүүдээр бөөлүүлдэг заншилтай болчихоор яахав?

Нийгэм маань гүн өвчтэй байна. Иймдээ шинжлэх ухааны нэр барьсан элдэв мистик, ид шид, ердийн солиорол, улайм цайм луйвар манай нийгэмд хүний санаанд оромгүй том орон зай эзэлж бараг л нийгмийн сэтгэлгээг тодорхойлж байна. Үүнийг ядуурлаар тайлбарлаж болно л доо. Арга ядсан, амьдралд сөхөрсөн үй олон хүмүүс мухар сүсэг рүү хуйларч аврал эрж байна гэх мэтээр. Гэтэл үнэндээ Монголын нийгмийн амьдрал статистик утгаар нь бодож үзвэл 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй чинээлэг болсон. 1986 онд Хүнсний зорилтот программаар нэг хүнд жилд 88 кг мах идүүлнэ гэж зорилго тавьж байсан. Одоо 120 кг мах ноогдож байна, мөнгөтэй нь тийм их мах иддэггүй учраас ерөнхийдээ хүн амд жигд л хуваагдаж байгаа. Борлогдож буй гурилын 80 хувь нь 2-р гурил байсан бол одоо дөнгөж 5 хувь эзэлж байна. Өдөрт хэрэглэж буй хоол хүнс Монголд 2700 ккалори байгаа нь дэлхийд муугүй үзүүлэлт шүү. Сүүлийн ганцхан жилд цалин тэтгэвэр бараг хоёр дахин нэмэгдлээ. Өөр иймэрхүү олон статистик жишээнд татаж болно. Нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн нөмөрсөн гамшиг алга. Харьцуулахын аргагүй ядуу байсан үе саяхных. Бидэнд хэзээ ч тохиолдож байгаагүй ядуурал өлсгөлөн гуйранчлалыг тухайлбал солонгос, япон, орос, европын ард түмэн саяхан л туулаад гарч байсан. Тэдний хаана нь ч мухар сүсэг ингэтлээ нийгмийн баримжаа болон тодорч байгаагүй. Ингэхээр ядуурлаар тайлбарлах нь учир дутагдалтай байхаа.  

Боловсрол. Бүдүүлэг нүүдэлчдийг богино хугацаанд бичиг үсэгтэй төдийгүй нийтээр дунд боловсролтой болгож чадсан нь ХХ зууны Монголын хамгийн том ололт байлаа. Өчигдрийн дундад зууны хоцрогдсон нүүдэлчин ганцхан үе өнгөрөхөд орчин үеийн сэхээтэн, багш, эмч, инжинер, хуульч, эдийн засагч, технологич, профессор, химич, физикч болж чадсан нь юутай бахархал. Ийм аугаа үсрэнгүй амжилтыг энэ богино хугацаанд үзүүлж дөнгөсөн өөр ард түмэн олонгүй л байх. 1950-1990 оны хооронд гадаадад 50 мянган мэргэжилтэн бэлтгэгдсэний 16 мянга нь дээд мэргэжлийн байв. Үүнээс хойшхи 20 жилд дахиад түүнтэй дүйцэхүйц олон боловсон хүчин дэлхийн өнцөг булан бүрд бэлтгэгдэж байна. 1990 онд дотоодод 18 мянган оюутан байсан бол одоо бараг 130 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хүн амын 10 гаруй хувь нь шинжлэх ухаанд суралцаж буй оюутнууд. Бараг л оюутны хот. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор АНУ-ын өмнө, дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна, манай Монгол! Тоон үзүүлэлтээр ийм өндөр боловсролтой орон мухар сүсэгт бүрэн идэгдэж хүний нийгмийн мянган жилийн өмнөх сэтгэлгээтэй байж болох уу? Болдог юм байна. Судлууштай сонин парадокс!

    Манай боловсролын тогтолцоо хоцрогдсон ард түмнийг гэгээрлийн их замд гаргаж ирсэн бол одоо энэ нь тодорхой үе шатаас эхлээд гэгээрсэн ард түмнийг мухар сүсгийн харанхуй руу түлхэх машин болжээ. Энэ орныг бараг бүрэн эзлээд байгаа энэхүү солиорол, солиорлыг даган хуйлрах үй олон бол манай боловсролын системийн зэрэмдэг бүтээгдэхүүн юм. Хүүхдийг хар нялхаас нь эрдэмтэн болгохоор бэлддэг манай сургалтын тогтолцоо хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг хоцрогдсон ард түмэнд гэрэл гэгээ болон их амьдрал руу дуудддаг байсан байх. Харин техник технологийн тодорхой эрэмбэд хүрсэн, хотожсон, иргэншсэн нийгэмд “эрдэмтэн бэлтгэх” программын эцсийн бүтээгдэхүүн нь мухар сүсэгт баригдсан хоосон толгой.

    Марксист сурган хүмүүжүүлэх ухаан гэгч нь хүний ердийн сурганаас тэс ондоо юм байдаг. Маркс ангигүй тэв тэгш нийгэм хүсч байсан. Энэ төсөөлсөн нийгмийн иргэд нь универсаль өв тэгш, чадахгүй мэдэхгүй юмгүй супер баатрууд байх ёстой аж. Маркс коммунизмын үеийн иргэнийг өглөө загас барьдаг, өдөр нь үйлдвэрт ажилладаг, орой нь суралцдаг, үдэш нь шинжлэх ухаан урлагийн шүүмж бичдэгээр төсөөлж байв. Бүр ингэж бичиж байсан. Зөвлөлтийн сурганы систем яг энэ загвараар хийгдсэн нь манайд шууд хуулагджээ. Өв тэгш хүмүүжил боловсролын тухай МАХН-ын их хурал бүрээр заавар гарч байсныг ахмад үеийнхэн маань мартаагүй байж магадгүй. Гэтэл хүн гээч бодьгал хоорондоо ижилгүй, бараг давтагдашгүй онцлогтой, хүйснээсээ авахуулаад хүсэл сэтгэлгээ чадвар нь шал өмнөө олонлог гэдгийг ердийн эх эцэг мэднэ. Ингээд манай сургалтын программ, бүтэц, арга зүй, үнэлэмж, хандлага нь энэхүү универсаль эрдэмтэн бэлдэх зорилготой учраас эцэст нь ихэнх тохиолдолд зэрэмдэг бүтээгдэхүүнтэй хоцордог. Дунд сургуульдаа нуль онц сурч байсан хүүхэд амьдралд төдий л хөлөө олдоггүй нь манай сургалтын доголдлыг харуулна. Өв тэгш болохоор бэлтгэгдэж буй хүүхэд шинжлэх ухаан бүрээс зуурч нэлээд гүнзгий мэдлэгтэй болох ёстой. Программ нь тийм юм. Тэр дундаа яагаад ч юм математикийг ихэд шүтнэ. Тоо л бодоод байвал амьдрал хөнгөрчих юм шиг. Гэтэл ердийн мах цуснаас бүтсэн хүний амьдрал интеграл диференциалиас нэлээд холуур. Товхийсэн мужаан болоод подхийтэл амьдрах гэж байгаа хүүхдэд насан туршид нь огт хэрэг болохгүй.

    Солгой хоолойтой мань мэтийг самбарын өмнө дуулуулж, ямар ч дүйгүй хүүхдээр ундааны шил зуруулж үйл иддэгсэн, дунд сургууль. Өчнөөн жил өгүүлбэр зүй, тусагдахуун, байц ч гэх шиг хачин юм монгол хэлний хичээлээр үзсэн, 30 жил бичлээ – лав л ямар ч байц надад хэрэг болоогүй. Тэр тусагдахуун нь хэлний нарийн судлалд хэрэгтэй л биз, инжинер тэрүүгээр яах юм бэ? Гэтэл эх хэлээрээ зүгээр л аятайхан хүнд ойлгогдчихоор захиа бичиж, өргөдөл гаргаж, шүүхэд нэхэмжлэл биччиж чадах хүн огт бэлддэггүй. Хүүхэд хүссэн хүсээгүй хүний нийгэмд орно. Энд хамгийн чухал юм бол бусдад өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох чадвар. Өөрийгөө нийгэмд зөв илэрхийлж чадахгүй бол хэний ч амьдрал өөдлөхгүй. Монгол сурагчид өөрийгөө илэрхийлэх аргыг амьдралаас олдог болохоос лав л системтэй сургалтаар биш. Тиймдээ ч юун түрүүн худалч болдог биз. Тодорхой шинжлэх ухаанд сургаж байна гээд ёстой зэрэмдэглэнэ дээ. Хэт хүнд, хэт олон талын, хэт мэргэжлийн хандлагатай сургалт хүнд тогтоогддогүй төдийгүй амьдралд ямар ч хэрэг болдоггүй. Хүнд ойлгомжгүй хэцүү бэрх л бол мундаг гэсэн ойлголтоор шинжлэх ухааны энгийн суурийг аль л хэцүүгээр нь чирнэ. Би л лав Пифагорын теоромыг дээд сургуульд орж байж ойлгосон. Гурвалжингаа дөрвөлжин болгож зураад заагаад өгчихсөн бол хэн ч ойлгочихоор юм байж л дээ.

Манай нийгмийн мухар сүсгийн уг суурийг чухам дунд сургуульд тавьж байна. Нийгэмд юун түрүүн үнэ цэнэтэй ХҮН хэрэгтэй. Энэ хүнийг гэрбүл, орчин, цэцэрлэг, сургууль бэлдэж өгөх учиртай. Энэ хүн нь нийгэм дэх өөрийн байр суурийг эзэлсэн байх ёстой. Юунд ч авъяас чадваргүй хүн гэж хорвоод үгүй. Аль нэг юм хийхдээ гаргууд л байж таарна. Сургалтын систем тухайн хүүхдийг тэрхүү чадвартай юм руу нь хөтлөн цаашид яаж юугаар амьдрахыг нь чиглүүлнэ. Анхан, дунд шатны боловсролын гол зорилго энэ. Нэгэнт хүүхэд ирээдүйд хүний нийгэмд амьдрах учир эргэн тойрныхоо тухай цэгцтэй анхдагч ойлголттой болох хэрэгтэй. Хүүхэд болгоныг бүх юмыг мэддэг чаддаг болгох гээд ямар ч үр дүнд хүрдэггүйг сүүлийн 60-аад жилийн сургалтын систем маань харууллаа. Тэгээд ч манай нийгэм эрдэмтэн доктороор дүүрлээ. Чулуу аваад дуртай зүг рүүгээ нүдээ аниад шидэхэд л аль нэг докторын толгой хага. Ийм олон оюутан, оюунтан, доктор профессортой болчихоор хэн гарч хог асгах юм бэ! Тэр олон докторыг чинь хэн тэжээх юм бэ!?

Нийгэм өөрчлөгдөөд хориод жил боллоо. Өрнийн сургалтын системийг шууд хуулж хэрэглээд үр дүнг нь үзвэл үзэх хугацаа өнгөрлөө. Универсаль хүн бэлддэг марксист сургалтын системээс яагаад салж болдоггүй юм бэ? Шинэ нийгэмд энэ тогтолцоо таарахгүй болохыг арьс махан дээрээ бид мэдэрсээр л байна. Энэнээс болоод дээд мэргэжлийн дипломтой бол хоол бэлэн гэсэн ойлголт хүмүүсээс салдаггүй, иймээс хэрээс хэтэрсэн олон оюутан эрдэмтэнтэй болж сандал хадах хүнгүй боллоо. Энэ систем чухамдаа шинжлэх ухаанаар даажигнаж байна. Нийгэм солиорч, мухар сүсэгжиж, псевдо шинжлэх ухаан эрчээ авч буйн бүх биш гэхэд ихээхэн хувь нь боловсролын системд байна. Монгол хэлээр шинжлэх ухаанд хүрэхэд учир дутагдалтай. Хэл нь муудаа биш, цөөн хүн хэрэглэдэг учраас өнөөгийн мэдээлэлд дарагдсан ертөнцөд монгол хэлээр юм шүүх бололцоо хязгаарлагдмал. Норвег, фин, тай, румын хэл ч хязгаарлагдмал бололцоотой. Урьд бид төвд хэлээр дамжуулж байсан. Саяхан болтол орос хэл хорвоотой харилцах гүүр байлаа. Одоо орос мартагдаад англи орж ирж амжилгүй завсрын хэлгүй даадаа болчихоод байгаа нь бас нэг шалтгаан юм. Үнэндээ англи байтугай солонгос, хятад, японоор наймааны хэлтэй болж байгаа ч шинжлэх ухаанд нэвтрэх гүүр болохуйц хэлний боловсрол дэндүү дутаж байна.

Жич: Дэндүү урт болчихлоо. Гэтэл хэлэх гэсэн санаа минь бүрэн гарч чадсангүй. Манай нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа энэхүү гажиг, үүнийг засаж сэлбэх талаар хүн хүнд олон бодол бий байх. Миний л бодоход ийм байна. Гажиг сэтгэлгээтэй нийгэм урагшлах дэвжих талаар ярих нь дэндүү ахадсан зорилт мэт. Төөрөлдөж мунхран мухар сүсэг ид шидэнд итгэсэн зуу зуун мянган ангаахайнууд бэлэн хоол нэхэн, болж бүтэхгүй болгоноо өөрөөсөө бусад бүх юманд тохон ид шидээр бэрхшээлээс гарч амьдралаа дээшлүүлнэ гэж горьдох боллоо. Миний бодоход зовлон бэрхшээлийн цаад шалтгаан нь хүмүүс өөрснөө юм. Түүнээс хохирогч нь биш. Будда сургахдаа зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн. Шашин ч бидэнд шал өөр өнцгөөс шал өөр учир шалтгаанаар ирж нөхцөж байх шиг. Аймаар том ид шид! “Шашныг өмөөрөхүй” гэж өгүүлэл бичье гэж бодлоо. Шашныг лам хувраг болон элдэв ид шидтэн, бөө удган, зайран, үзмэрч, мэрэг төлөгч нараас өмгөөлж хамгаалах хэрэгтэй юм шиг. Шашныг шашны эдгээр дайснуудаас хамгаалах ёстой байх. Урлагийг ч үзэл суртлаас хамгаалах хэрэгтэй юм шиг. Энэ талаар та бүхэнд санал байвал bbaabar@gmail.com хаягаар бичээрэй.   

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Шинжлэх ухааныг өмөөрөхүй

Posted by tsogtoo on November 19, 2008

Өчигдөр 16 цаг 59 минут

Юмс үзэгдлийг судлах болон эдгээрийн хоорон дахь холбоосыг тогтоон олж авах мэдлэгийн олонлогийг шинжлэх ухаан гэнэ. Үгүйдээ л толь бичигт ингэж тодорхойлжээ. Шинжлэх ухаан нь дээшээ доошоо, гадагшаа дотогшоо хязгааргүй. Үүнийг хэдэн зуун жилийн өмнө Ньютон тодорхойлохдоо “Шинжлэх ухаан бол зах хязгааргүй далай юм. Харин би эрэг дээр нь тоглоод сууж байгаа бяцхан жаал” гэжээ. Тэрээр мөн өөрийн суут амжилтаа “Аваргуудын мөрөн дээр сууж байгаа болохоор би алсыг харж чадаж байна” хэмээн тайлбарласан байдаг. Нэн эртний хүмүүс сарны мөчлөгийг таньж, зарим ургамлын мансууруулах хүч чадлыг олж мэдсэн. Эртний египтчүүд Нил мөрний үерлэх мөчлөгийг тооцоолж сурчээ. Тэд аврага пирамид барихуйц геометрийн нарийн тооцоо бодож чаддаг байв. Вавилончууд жартын системээр тооцоолох арга үүсгэн 360 хэмээр дугуйг тооцоолж, цагийг 60 хэсэгт хуваан хэмжигдэхүүн болгожээ. Хятадууд мөн л тэр үед голлох однуудын байрлал зүйг гаргасан байна. Герег, Ромд дараа нь Арабын ертөнцөд шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөн. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан Висалюс, Копэрник хоёроос эхлэн буй болжээ. Өнөө үе бол шинжлэх ухааны бүх түүхэнд байсан хамгийн эрчимтэй, хамгийн өргөн дэлгэр үе. Мэдээж дараа үе үүнээс илүү оргилно. Ингэхээр бидний үе бол урьд ямар ч үетэй харьцуулахад хамгийн өндөрт зогсож байгаа хүмүүс. Бид хэдэн мянганы туршид төрсөн бүтээсэн бүх аваргуудын мөрөн дээр зогсож байгаа учир харах өнцөг цэг маань асар уудам.

    Энд би шинжлэх ухааны тухай биш ялангуяа сүүлийн үед манайд дэндүү хавтгайрч байгаа псевдо шинжлэх ухаан болон шинжлэх ухааны нэр барин далайлгах дилэттант үзэгдлийн тухай ярих гэсэн юм. Нэг үгэндээ шинжлэх ухааныг өмөөрөх гэсэн билээ. Псевдо шинжлэх ухаан болон дилэттант нь тодорхой хүмүүст эрх мэдэл, нэр хүнд, ашиг завшаан болоод байна гэдэг өнцгөөс нь биш;, иймэрхүү солиорол нийгэмд ямар хор холбогдол учруулж байгаа талаас нь ярих гэсэн юм. Шинжлэх ухаанд хүрээгүй оргил, тайлаагүй оньсго үй түм бий. Энэ нь шинжлэх ухаанаар даажигнах нэг шалтаг болж байна. Шинжлэх ухаан тайлбарлах аргагүй, ерөөсөө тайлбарлах бололцоогүй зүйл ч бий. Шинжлэх ухаан алив бодит зүйлийг тал талаас нь судалдаг. Мораль, этик эсвэл үхэх төрөхийг процесс талаас нь хэлнэ үү гэхээс цаад мөн чанарын тухай ярих бололцоогүй. Асуудлын энэ талыг гүн ухаан, шашин, урлаг, утга зохиол хариуцдаг. Энэ сонин зааг нь шинжлэх ухааны нэр баригсдад далим болдог. Зарим хялбар харагдах зүйлийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй явна. Анагаах ухаан гайхамшигт амжилтанд хүрсэн боловч халзрал, ханиад хоёрыг өнөөдөр хүртэл яаж ч чаддаггүй. Энэ бол бас мундаг далим.

Судлаачид нийт шинжлэх ухааныг математик логик, биет, амьд байгалын, нийгмийн гэж дөрөв ангилдаг. Шинжлэх ухааныг ажиглах, ангилах, логик гаргалгаа хийх, турших, таамаглах, тооцоолох, загвар бүтээх гэсэн үндсэн хэдэн аргаар судалдаг. Яг энэ цэг хүртлэхийг шинжлэх ухаан гэнэ, үүнээс цааших нь биш гэсэн нарийн зааг хязгаар байхгүй ч эрүүл хүн галзуу хүн хоёр шиг хоорондоо ялгаатай. Төрөл ангилал олонтой, судлах арга арвинтай, нарийн заагласан хилгүй энэ байдал нь хуурамч “эрдэмтэд” орж ирэн шинжлэх ухааны нэр барьж үймүүлэхэд тааламжтай үүд хаалга болж байгаа юм.

Монголд ХХ зууны турш шинжлэх ухаан хөгжиж, ялангуяа жараад оноос хойш асар том дэвшилд хүрч, нүүдэлчдийн үр хүүхэд шинжлэх ухааны үр шимийг хүртэж зарим нь дэлхийд нэрээ гаргасныг энд огт үгүйсгэх гээгүй. Зөвхөн цөмийн физикт гэхэд бараг зуугаад монгол эрдэмтэн төрсний дотор Чүлтэм, Намсрай, Ганцог нарын бүтээл гадаадад байнга ишлэгддэг. Эзэмших мэргэжил, амьдрах газраа иргэд чөлөөтэй сонгох эрхтэй болсноос хойш шинжлэх ухаанд амжилт гаргаж буй монголчууд цөөнгүй сонстох боллоо. Японд сурч байхдаа генетикийн нээлт хийсэн залуу, Германд нанотехнологиор шинэ технологи гаргасан хүүхэн, францын автомашины компанид шинэ загвар үйлддэг дизайнер гээд цоорсон амжилт гаргагчдаас гадна олон монголчууд гадаадын электроник, биотехнологийн хүрээлэнгүүдэд амжилттай ажиллаж байгаа. Энд монгол хүний хүмүүн бус онцгой генийн тухай ярих гээгүй, хүч хөдөлмөр зараад хичээвэл бид хэнээс ч дутахгүйг л сануулж буй хэрэг.

Албан ёсныхон Шинжлэх ухааны нэр барьж бусдыг айлган сүрдүүлэхээс авахуулаад хий цэцэрхэх бүх үйлдэл хийдэг эхний бүлэг хүмүүс шинжлэх ухааны албан ёсны байгууллагуудад ховор бус байдаг. Ялангуяа үүнд нийгмийн ухаан салбарынхан гаажтай. Монголд орчин үеийн шинжлэх ухаан орж ирэхтэй зэрэгцэн марксист үзэл суртал давхцсан. Марксизм бүх шинжлэх ухааныг тэр дундаа нийгмийн ухааныг тэр чигээр нь удирдан захирч байв. Нийгмийн ухаан байтугай, генетик, кибернетик зэрэг тодорхой ухааныг ч үзэл сурталжуулан хүчингүйд тооцож байсан юм чинь. Марксизм өөрийгөө шинжлэх ухааны цогц гэж үздэг байсан. Харин Карл Поппер шинжлэх ухаанд шалгуур тавьж үзээд юун түрүүн марксизм нь шинжлэх ухаантай ямар ч холбоогүй болохыг тогтоожээ.  Түүний шалгуураар шинжлэх ухаан шалгагддаг байх ёстой, няцаагддаг байх ёстой, тухайн нөхцөл байдалд тохируулан тайлбар нь засагддаггүй байх ёстой гэх мэт.

Нэгэнт марксизм нь ноёлогч хэсгийн үзэл суртлын муна байсны хувьд нийгмийн шинжлэх ухааныг тэр чигээр нь атгаж мөн энэ зорилгодоо ашиглаж байв. Юун түрүүн түүх, философи, социологи, эдийн засаг, утга зохиол судлал бүрэн хэмжээгээр;, сурган, хэл зүй, психологи заримдаг хэмжээгээр зөвхөн үзэл сурталд зориулагдаж байсан учир шинжлэх ухаанлаг утгаа алдсан байсан юм. Судалхууны агууламж, арга зүй, гаргалгаа, дүгнэлт нь эхлээд буй болчихсон;, судлаачид дээрээс тогтоож өгсөн бэлэн хариуг ямар ч утга учиргүйгээр процесстэй тааруулан тайлбарлана. Ийм учраас дээрхи шинжлэх ухааны салбаруудыг шинжлэх ухаан утгаараа манайд бараг огт байгаагүй гэж хэлж болохуйц. Эдийн засагчид эдийн засгийн амьдралд болж буй үйл явдлын мөрөөр судалж ямар учиртайг нь гаргаж ирэхийн оронд урд талд нь гарчихсан яах ёстойг нь номлоно. Тэр байтугай хэл зүйчид хүмүүсийн хэлэлцэж байгааг судлахын оронд яаж хэлэлцэж нэвтрэлцэхийг нь урьдаас зааварлана. Түүхчид дээрээс зааж өгсөн өөрийн гэх бэлэн хариутай, тэрийгээ өнгөрсөн баларсан түүхэн процесст зоргоороо тааруулан ангилна.

Марксизм сүйрснээс хойш манай нийгмийн ухааны эрдэмтдийн зарим нь “хүнээ байж” эхэлжээ. Ярьдаг байсан юмныхаа эсрэгийг суртчилдаг болсныг ойлгож болно.  Шашин, мухар сүсэг, мистик, элдэв паранормал үзэгдэлтэй өөрийн “шинжлэх ухааныг” хольж нүд хальтармаар гибрид бүтээгдэхүүн гаргаж авах боллоо. Энэ аймаар юмаа шинжлэх ухаанч арьсаар нөмөрч нийгмийг, ялангуяа залуу үеийг хордуулах болов. Мөөг шиг олширсон дээд сургуулиудаас төрөх тэдний бүтээгдэхүүнүүд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм ярих байтугай хийж явах болсон нь нийгэмд тусаж буй хамгийн хүнд хор нь. Одоо Монголд 130 орчим мянган залуус “дээд сургуульд” сурч буйн дэндүү дийлэнх нь амар гэж үзэж нийгмийн ухааныг сонгожээ. Эд бүгдээрээ шахам эдийн засаг, хуулиар цэнэглэгдэж байгаа. Нарийн дээрээ тулбал адармаатай шинжлэх ухаан шүү дээ. Барьц алдсан физик, математик, химийн эрдэмтэд ч гал үүсгэгч, үзмэрч нарыг тодруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Аянгын онол ч гэх шиг илүүтэй мистик мухар сүсгийн гаралтай “онол” ярьж шинжлэх ухаанжуулж байсныг хүмүүс мартаагүй л байх.

Мөнхийн хөдөлгүүр, философийн чулуу гэх мэтийн шинжлэх ухаан нэг талд нь гарчихсан асуудлыг ч манай эрдэмтэд шүүрэн барьж Нобелийн шагнал горьдох болсон нь ямархуу баримжаа төвшинтэй байгааг илтгэнэ. Хүнд шинжлэх ухаанаас гадна шинжлэх ухааны бус хэрэгцээ ч байдаг бололтой. Тиймдээ ч зөгнөл, хийсвэрлэл, аймшиг, элдэв фантаз, чөтгөр шулмын талаархи яриа элбэг байдаг. Энэ хэрэгцээ нь үзэл сурталд бүрэн захирагдаж хориотой байгаад гэнэт тавигдахаар эрээгээ алдаж үнэн худал хоёр хэр хэмжээнээс хэтрэн холилддог юм болов уу?  Шинжлэх ухааны түүх өөрийн адал явдалтай. Амьдаараа шатаагдсан Бруно, тамлуулсан Галиллей, галзуугийн больницод хүргэгдсэн Лобачевскийн домог манай олон эрдэмтдийн хүн ойлгохын аргагүй юм ярьж буйгийнх нь цаад зөвтгөл болдог. Аугаа эрдэмтэд хүмүүст ойлгогдохгүй байсан нь түүх, гэхдээ өнөөдөр хүнд ойлгогдохгүй юм ярих нь аугаагийн шинж биш байхаа. Македоны Александр аугаа баатар байсан нь үнэн, гэхдээ үүний төлөө сандал хугалах ямар хэрэг байна? (Гоголийн үг шүү!)

Шинжлэх ухааны ач холбогдлоор далимдуулан хэр хэмжээнээсээ хэтэрсэн юм нэхэх үзэгдэл урьд ч байсан, одоо бүр ч гаарчээ. Саяхан манай “эрдэмтэд” нанотехнологи судалгаанд 27 тэрбум төгрөг эхний ээлжинд нэхэж байна. Үүнийгээ “ганц хүн казинод тоглоод ийм хэмжээний мөнгө алдсантай харьцуулах юм бол…” гээд шал хачин логикоор тайлбарлаж байх юм. Энэ дэлхий хөдөлмөрийн хуваарьтай. Суурь судалгаа нь хэтэрхий их мөнгө хөрөнгө, технологи, техник, дадлага туршлага, мэргэшил, хүн хүч шаардах мөртөө эдийн засгийн ашиг нь алсдаа гардаг. Иймээс хөгжингүй орнууд япончуудыг суурь судалгаанд мөнгө гаргахгүй, хэт ашиг харж бусдыг паразитлаж байна гэж шүүмжилдэг. Ихэнх орнууд хэрэглээний шинжлэх ухаанд анхаарлаа хандуулдаг нь аргагүй шалтгаантай юм. Компьютэр зүйд бид төдийлөн мөнгө хаяагүй боловч гайгүй хэрэглэгчийн төвшинд очиж байна. Эдийн засагт дивергенци гэсэн ойлголт бий. Иймээс шинээр буй болж байгаа технологийн тогтож буй стандартуудыг ойлгодог, хурдан шилжиж чаддаг, ашигтайг нь өөриймшүүлдэг байх нь бидэнд илүү өгөөжтэй. Биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Японд, 10 хувь Европт ноогдож байна. Ингэхээр шинжлэх ухааны тэргүүний ололт юун түрүүн өндөр хөгжилтэй оронд ноогддог, бусад нь сайн хэрэглэгч, овсгоотой ашиглагч байхаар хөдөлмөрийн хуваарь тогтжээ.

Шинжлэх ухаан хоцрогдолд байгааг манай олон мэргэжилтнүүд техник технологитой холбож тайлбарладаг. Гэтэл асуудал үнэндээ тийм биш. Хай тек хэмээх тэргүүлэгч техник технологитой харилцахын тулд маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой. Эм Ар Ай, томограф зэрэг багажгүй бол Монголын анагаах ухаан сөнөж байна гэсэн “онол” газар авсан. Гэтэл энэ хай текийн гаргаад ирсэн зургийг унших чадвартай хүнгүй бол ийм үнэтэй хогоор юу хийнэ! Эм Ар Айгаар авсан зургаар олон хүн тархины хавдартайгаар оношлогдсон инээдтэй явдал тохиолдсон. Гадаадад очоод шалгуулахаар өвчтөн болгон зүгээр гараад байдаг. Явж явж аппаратны дуранд юм наалдчихсан болох нь хожим илэрсэн гэнэлээ. Хоцрогдол техниктээ биш хүндээ юм биш үү?

Сайн дурынхан. Өдгөө шинжлэх ухаан төрөлжин хэдэн арван мянгад хүрсэн ба тодорхой нээлтэнд хүрэх явдал нь хэдэн мянган эрдэмтдийн хамтын чармайлтын үр дүн болжээ. Нобелийн нэг шагналтны ард түүнийг энэ амжилтанд хүргэсэн 40 мянган эрдэмтэн зогсож байдаг гэсэн тооцоо бий. Иймээс Архимед шиг усанд орж байснаа гэнэт “эврика” гэж орилон гүйх шалтаг өнөөдөр олдохоо больжээ. Ломоносов голлох арваад шинжлэх ухааны салбарт ажиллаж олон арван ШБОС бүтээсэн гэдэг, өдгөө ийм универсализм огтоос бололцоогүй. Юутай ч шинжлэх ухаан сонирхогч сайн дурын уран сайханчдад ямар ч нүх үлдээгүй. Өнөөгийн шинжлэх ухаан асар их хөрөнгө мөнгө, технологийн дэвшил, нарийн методлоги, өндөр мэрэгшил шаардана.

    Математик сонирхогч залуу хүн бүр Фермагийн теоремыг батлахаас ажлаа эхэлдэг. Энэ ч яахав харахад амар юм шиг болохоор нь бүгд л оролддог. Үүнтэй төстэй, тухайлбал Паскалийн гурвалжин маягийн наргиантай юмыг хэн ч тоо үржүүлж хувааж суугаад олчиж болно. Ухаан нь гутлынхаа размерийг хоёроор үржүүлээд сууцныхаа талбайг гаргаж ирэх ба үүнээсээ хоёр дахин язгуур гаргахад пи тогтмол гараад ирж байх жишээтэй. Ингээд л хоорон дахь холбоосыг нь хайж эхлэх ба хамгийн хачирхалтай нь олж орхино. Юм нээхэд аймаар хялбар байгаа биз? Тухайн шинжлэх ухаанд системтэй сургалтаар дамжин очоогүй бол юун амжилт гаргах байтугай баримжааг нь авч чаддаггүй. Гутлын размер 38 байна гэдэг юуг ч эс өгүүлнэ. Метрийн системээр энэ нь 25, англи тооллоор 6 болж орхино. Хоёроор үржүүлэхээр гэрийн чинь талбай гарч байгаа нь энэнд ямар хамаа байна? Тэр квадратыг футээр, эсвэл тохойгоор хэмжвэл шал өөр үр дүн гарна. Гэтэл энэ бүхэн зөвхөн аравтын систем. Хэрэв өдгөө тоон системд хэрэглэдэг хоёртын системээр тооцвол дахиад л шал өмнөө болно. Пи, фи гэх мэтийн физик тогтмолуудаас гадна шинжлэх ухаанд өөр олон тогтмолууд бий. Үүний мөн чанар амьд организмтай ямар ч холбоогүй.

    Өнөөдөр анагаах ухаан урьд хэзээ ч байгаагүй туйлдаа хүртэл хөгжжээ. Энд тэндээс элдэв ургамал бодис нийлүүлж цуглуулаад хорт хавдар, ДОХ зэргийг эмчлэх бололцоогүй. Анагаах ухаан ийм тохиолдлын шинжтэй үеэ хэдийнээ өнгөрөөсөн. Хорт хавдар гэхэд л өөрийн гентэй, уурагтай, сэрэх орчинтой болох нь тогтоогдсон. Энэ өвчинтэй тэмцэх асуудал молекуляр биологи, генетик, генийн инженерийн асуудал болсон. Хүний тусах янз бүрийн өвчний тэн хагас нь шинжлэх ухааны аргаар, үлдсэн хагас нь хүний өөрийнх нь сэтгэл санаагаар эмчлэгддэг гэдэг юм билээ. Иймээс элдэв бариач, үзмэрч, ид шидтэнийг бүрэн үгүйсгэх аргагүй. Тэд ид шидээр гэхээсээ өвчтөний сэтгэл зүйд сайн нөлөөлснөөр эмчлэх тохиолдол элбэг. Гэхдээ үүндээ эрдээд элдэв хор хөнөөлтэй бодис, аргачлал, хорхой шавьж руу орж хорлоод хаях нь илүү элбэг харагдана. Ангинад сайн гээд хүүхдэд адууны гуур идүүлээд хоолойгоор нь нэг хорхой үүрлүүлчихсэн тохиолдол саяхан гарч байх жишээтэй.

Нийгмийн шинжлэх ухааныг дураараа тайлбарлаж болдог, барих барьцгүй, худлаа дэлссэн ч баригддаггүй юм шигээр ойлгох хандлага сайн дурынханд их тархжээ. Гэтэл нийгмийн амьдрал нь дэндүү олон оролт гаралттайдаа л яг таг тогтоож болдоггүй гачлантай. Туршилтаар баталж болдоггүй зовлонтой. Фашизм, нацизм, коммунизм зэрэг балмад туршилт шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахаасаа илүүтэй хүн төрлөхтөнд гамшиг зовлон авч ирдэг.  Хэдийгээр тоо томшгүй оролт гаралттай ч гэсэн нийгмийн ухаан нь өөрийн судалхуун, предмет, методлоги, гаргалгаа, логиктой шинжлэх ухаан мөн. Харин ч тодорхой шинжлэх ухааныг бодвол илүү хүнд гэж хэлж болохуйц зүйл юм. Тухайлбал үгийн гарал зүй судалдаг этомологи гэх ухаан байна. Дуртай үгээ дураараа тайлбарлаж хүн болгон чадах учраас Америк гэдэг бол “амь эрэг” гэсэн монгол үгнээс гаралтай гээд залахад хэсэгтээ л хэн ч юу ч гэж чадахгүй. Гэхдээ үүнийг судалж тогтооно гэдэг тийм амар зүйл биш. Тухайн нэршил үүссэн байх маш өргөн талбар бий, цаг хугацаа орон зай зэрэг дэндүү  олон хүчин зүйл бас нөлөөлнө. Ингэхээр бодсон шиг амар юм биш л дээ. Тогтоочихсон ч хүлээн зөвшөөрөгдөх нь тодорхой шинжлэх ухааныхаас илүү хэцүү. Нэг л үгэндээ шинжлэх ухаанд сонирхогчдын зай завсар байхгүй. Түүхийн баримтад буй ганц үг авиа олон түүнээ хөгжүүлж бүхэл бүтэн салбар ухаан үүсгэчихсэн яваа сайн дурын уран сайханч “сартваахи” мөн ч олширч дээ. Бишгүйдээ л нэг хүний толгой дээр алим унасан. Бүгдийнх нь толгой дээр булдруу л үлдээсэн бол, чухам Ньютоны толгой дээр унасан алим л бүх ертөнцийн таталцлын хуулийг нээжээ. Харин Ньютон сайн дурын уран сайханч биш, гоц мэргэжилтэн байсан юм шүү.

Жич: Энэ сэдвээр бичиж эхэлтэл сонины талбайд багтахын аргагүй сунжирч байна. Шинжлэх ухааны нэрийг барьж нийгэмд гай тарьж байгаа луйварчид, сэтгэцийн эмгэгтнүүд болон энэ бүхний цаад эх сурвалж болсон манай боловсролын тогтолцоо, нийгмийн сэтгэлгээний төвшингийн талаар дараагийн долоо хоногт үргэлжлүүлье. Санал байвал babarrb@yahoo.com хаягаар бичиж болно.     

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Имиж

Posted by tsogtoo on October 14, 2008

Өчигдөр 17 цаг 17 минут

Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өрөөр хэлбэл бусдад ойлогдож байгаа үнэлэмж юм.

Хэн нэгний тухай бид өөрийн төсөөлөлтэй байдаг. Харамч, худалч, хулгай хийж магадгүй, хэлсэндээ хүрдэг, ухаалаг, шал мангуу гээд л. Тухайн хүний талаар олон хүн ингэж бодож байвал тэр нь имиж болно. Имиж үнэн ч байж болно, худлаа  ч байж болно. Гадаад төрхнөөс болж хүний зан чанарын тухай буруу имиж үүсэх нь их. Мөн урьдын хийсэн үйлдэл, хов жив, цуурхал, зарим санаандгүй алхам хүмүүсийн дунд буруу төсөөлөл ойлголт буй болгодог. Үүнээс гадна тухайн хүнд буй болсон имижийг бусдад нь нааж ойлгох явдал маш түгээмэл. Увсынхан тийм, эмэгтэйчүүд ийм, Гонгорынхон тийм, цагдаа нар ийм гэх мэт. Үнэндээ цагдаа нар ч, эмэгтэйчүүд ч хоорондоо нийтлэг гэхээсээ ялгарах юмаараа их. Нөгөө талаас нэгэнт буй болсон имиж барагтай бол арилдаггүй. Нэг л хулгай хийгээд баригдсан бол хүн болгон тэр имижээр нь харна. Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч эс олно гэдэг имижийн тухай яриа.

Үндэстэнд өөрийн имиж байдаг. Оросууд эх оронч, америкчууд прагматик, германчууд нягт нямбай, хятадууд наймаачин, жүүд нар ухаантай, шотландууд харамч гэх мэтээр олон хүн шууд ойлгодог. Үнэндээ ийм ч байж магадгүй, үгүй ч магад, юутай ч бүх шотланд хүн харамч биш, бүх жүүд ухаантай биш нь ойлгомжтой.  Гэхдээ л бид ингэж ойлгодог, яагаад гэвэл тэр үндэстний нийтэд түгсэн төсөөлөл имиж. Имиж өөрчлөгддөг. Зуун жилийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээгдэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрчлөгдөхөд хэцүү, цаг хугацаа, нөр хөдөлмөр орно.

Монголчууд ямар үнэлгээ имижтэй вэ? Үнэндээ ямар ч имижгүй өдий хүрсэн юм. Мэддэггүй л байхгүй юу даа. Монголын тухай 1990 онд “Мартагсан орон” нэртэй ном Англид гарч  байлаа. DHL гээд дэлхийг нөмөрсөн нэгэн шуудангийн компани байх. Тэд 1987 онд дэлхийг бүрэн хучсан, Антрактидад ч хүрч чаддаг болсон хэмээн томоохон хүлээн авалт Лондонд зохиожээ. Харин дайллагад байсан нэгэнбээр DHL-ийн очоогүй газар байгааг дуулгав.  Куба, Хойд Солонгос хоёрт улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй байгаадаа хүлцэл өчнө. Үүнээс өөр нэлээд том газар нутагтай бас нэг орон онгорхой үлдсэн гэж ярихад эзэн ихэд эгдүүцэж үнэхээр тийм бол 10 мянган паундаар шууд мөрийцье гэжээ. Монголд тэдний компани очоогүй байгааг мэдсэн эзэн мөрийд мөнгөө алдсандаа биш, ийм том газар нутгийг онгорхой орхисондоо ихэд ичсэн гэдэг. Дэлхийд газар нутгаараа 17-д орох том орон үнэхээр мартагдсан газар байсан юм.

Соёл боловсролтой хэн ч Чингис хааныг мэднэ л дээ. Дэлхийн бүх сургуульд түүхийн хичээлээр заадаг. Ихэнх газарт тэрээр зэрлэг балмад, галдан шатаагч, эзлэн түрэмгийлэгч гэдэг имижтэй. Боссон юмыг нураагаад байдаг хүнийг солонгосчууд Чингис гэдэг бол, хүүхдээ айлгах гэхээрээ араб персүүд “Чингис ирнэ шүү” гэнэ. Мангас, эрлэг гэсэн санаа. Оросуудын хувьд Чингис бол ер бусын балмад эзлэн түрэмгийлэгч. Ямарсайндаа Бухарин Сталиныг “Телефонтой Чингис” гэж хочилж байхав! Чингисийн байлдан дагууллын тухай хамгийн ихээр түүхчлэн бичсэн хүмүүс нь араб персүүд, ялагдсан тэд л их хааны тухай ийм имиж анхлан тараажээ. Харин сүүлийн үед энэхүү байлдан дагуулал нь дэлхийн түүхийг өөрчилсөн тухай, үүний хүчээр өрнө дорнын соёл солилцоонд орсон тухай, Чингис хааны менежмэнт аугаа байсан тухай яригдах боллоо. Гэхдээ л сайнаасаа муу имиж нь хэвээр хадгалагдсаар байгаа.

Монголчуудыг маш сайн мэдэх үндэстэн бол оросууд, хятадууд. Хятадууд монгол болон бусад нүүдэлчдийг бүдүүлэг, зэрлэг, дайчин, хүчирхэг, догшин гэж нэрлэдэг төдийгүй ойлгодог. Энэ имиж тэдний дунд нэн эрт бүрэлдсэн ба одоо ч амь бөхтэй хэвээр. Одоо ч тэд монголчуудаас бишүүрхдэг, “хүндэлдэг”, бүдүүлэг соёлгүй гэж басамжилдаг. Оросууд, ялангуяа тэдний язгууртнууд монголчуудтай ихээхэн цус холилдсон. Хожим Карамзин “монгол-татаарын дарлал” гэсэн нэр гаргаж имиж бүрдүүлжээ. Харин коммунизмын үед Монголд нийтдээ нэг сая орчим оросууд ирж байсан учир монголчуудыг өөрсдийн ихээхэн басамжилж үздэг чукча үндэстний зэрэгт үзэх болжээ. Оросын шогчид дорд үзэх юмныхаа жагсаалтанд юун түрүүн монголыг оруулна. Үгүйдээ л Олимпын наадмын үеэр тайлбарлагч Монголын тамирчид гараад ирүүт л доромжилж басамжилж гарна даа. Яагаа ч үгүй шүү дээ, бусад орны нэгэн адил манайхан зүгээр л жагсаад явж байхад.

Сүүлийн хориод жилд монголчуудыг энд тэндгүй мэдэх болжээ. Монгол гэж мэдэхгүй япон, солонгос хүн лав үлдээгүй байх. Бөхчүүд, хар цагаанаар ажиллагсад юутай ч өөрсдийгөө таниулсан. Өнгөрсөн жил бидний хориод хүн Америкт очиход гаалийнхан онцгой анхааран шалгаж байна билээ. Мах болон эм тариа их оруулдаг учир андахаа больсон гэнэ. Франц, Швейцарьт манайхан их хулгай хийдэг учир тийм имижтэй болж байх шиг, юутай ч цагдаа, дэлгүүрийнхэн сайн мэддэг болжээ. Солонгост гайгүй нэртэй, ажилд сайн, ер нь элгэн садан гэдэг утгаар. Япончууд хятадаар дамжуулан биднийг бие томтой  хүчирхэг, догшин ширүүн гэж ойлгодог байсан нь сумочдоор дамжин баталгаажиж байх шиг. Монгол нээлттэй болохын хэрээр гадныхан их ирэх боллоо. Бидний цамаан, ам ажлын зөрүүтэй, баярхуу, цаг баримталдаггүй, мэддэхгүй юмгүй мөртөө хийж чадах юмгүй, хулхи, хийж байгаа юмаа хэзээ ч дуусгадаггүй чигт нь хаячихдаг зэрэг муу талууд танигдаж л байгаа байх. Гэхдээ нээлттэй, комплексгүй, ямар ч шинэ нөхцөлд амархан зохицдог, тусархуу зэрэг олон сайн талуудыг ч тэд ажиглаж байгаа. Нэг хэсэг манайд ирсэн сэтгүүлчид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч гаргасаар байгаад биднийг цөмөөрөө газар дор амьдардаг юм шигээр төсөөлөх болж билээ. Одоо ч тэгэж ойлгодог улс цөөнгүй л байх.

Дэлхий улам даяаршиж, биенээсээ хамаарах хамаарал өсөж байна. Бид хүн төрлөхтний нэг хэсэг. Бид тэднээс, тэд биднээс хамааралтай цугтаа амьдрах болно. Дэлхийд танигдаж эхэлж буй бидэнд эхнээсээ сайн имиж хэрэгтэй. Фрэнсис Фүкүяама “Итгэл” гэсэн ном бичсэндээ дэлхийн үндэстнүүдийн имижийг судалжээ. Өнөөгийн дэлхий япон, герман хүнд хамгийн их итгэдэг юм байна. Хүнийх нь чадварт ч, бараа бүтээгдэхүүнийх нь найдварт ч. Латин, африк зэрэг үндэстнүүдийн итгэлийн итгэлцүүр тун бага. Энэ нь тухайн үндэстний ямар имиж бүрдүүлж чадсанаас болж буй хэрэг.  Бид ч ялгаагүй Боливт хийсэн тариур, Жибуттид үйлдвэрлэсэн эм, Папуа Гвинэйн чихэр хэрэглэхээс татгалзах вий. Тээр жил манай Засгийн газрын зөвлөхөөр Сүхдэв алав гэсэн сонин нэртэй балба хүн ирсэн нь сонин хэвлэлийн доог тохуу болж байсан. Магадгүй Сүхдэв гуай сайн мэргэжилтэн байж болох, гэхдээ л улсынх нь имиж онцгүй байсан хэрэг. Ойрмогхон Солонгосын нэгэн компаний урилгаар францчууд мэргэжилтэн илгээжээ. Ирсэн мэргэжилтэн монгол хүн байсанд тэд гайхсан төдийгүй дургүйлхсэн гэдэг. Мундаг хүн болоод л явуулсан байж таараа, гэхдээ ийм нарийн мэргэшил имиж хоёр нь таарахгүй байгаа хэрэг.

Бид бусадтай адил, тэднээс дутахгүй байж энэ имижийг бүрдүүлэх нь гол юм. Харин ойрын нэлээд олон жил монгол хэмээх онцгой бүтэц бүхий Субъектийн тухай бид л өөрснөө их ярих боллоо. Хүн сонсвол ичиж үхмээр. Нэлээд дажгүй боловсролтой болов уу гэхээр олон хүн надаас монголын онцгой генийн талаар асууж байсан. Солиотой улсуудын ийм яриа сонссоор байгаад сүүлдээ өөрснөө үнэмшдэг болчиж. Хэрэв бид бусад үндэстнээс өөр онцгой гентэй юм бол хомо сапенс буюу ухаант хүн хэмээх биологийн зүйлд үл хамаарах ямар нэг өөр амьтан болж хувирах нь байна. Хүнд 30 мянга орчим ген бий, түүн дотор эскимос, камбожи, монгол хүний ген гэж юм байхгүй. Хүмүүс хоорондоо соёлын л ялгаатай. Хүн сармагчин хоёрын гений бүтцийн 90 гаруй хувь нь яг адил байдаг. Гэтэл бид хомо сапенсаас өөр тэрхүү монгол ген гэгчээ ариун цэврээр нь хадгалах тухай их ярихыг нь яана! Монгол хүн тэнгэр заяатай л гэнэ. Бусад үндэстэн тэгээд ямар заяатай хэрэг вэ? Генетикчдийн үзэж байгаагаар 20 мянга гаруй жилийн өмнө хүний тодорхой популяцид хүүхдийн бөгсөн дээр цэнхэр толбо гарсан байна. Тэр үед монгол үндэстэн байтугай ерөөс хэл ч үүсээгүй байсан. Хүн анх Монголд биш Африкт үүсээд дэлхийгээр нэг тархсан гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталсан. Оюуны илтгэцүүр хүний амьдрах бүтээх, амжилт гаргах гол үзүүлэлт биш, гэхдээ үүнийг сонирхлын журмаар тогтоодог, зарим үндэстний дундажийг гаргасан судалгаа бий, харин судалгаанд монголчуудыг хамруулсан баримт алга. Бид бүх юмаараа бусдаас хоцрохгүй, гэхдээ онцгойрохгүй л байвал барав. Хүний зүйлээс өөр болж амьтнаараа дуудуулах л эвгүй шүү дээ.

2008 оны 10 дугаар сар 14

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Төгрөгийг хатуу валюттай уяъя

Posted by tsogtoo on September 30, 2008

Өчигдөр 16 цаг 1 минут

Ийм нэртэй өгүүллийг би 2003 онд бичиж хэвлүүлж байжээ. Энэ өгүүлэл өнөөдөр ач холбогдолтой санагдаад дахин хэвлүүлж байна. Сүүлийн нэлээд хэдэн жил монгол төгрөгийг ганц америк доллартай уяснаар төгрөгийг ам.доллартай харьцуулсан ханш өөрчлөгдөөгүй боловч долларт уягдсан төгрөг дагаж ханш унасаар ихээхэн хямралд орж байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад төгрөгийн хятад юаньд харьцуулсан ханш маш ихээр уналаа. Энэ нь ам.долларын ханш унаж байгаатай холбоотой. Сүүлийн гурав дөрөвхөн жилд бараг хорин хувиар унажээ. Нефтийн болон хүнсний үнэ огцом дэлхий даяараа огцом өсөж байгаатай энэхүү ханшны уналт хавсарч өдгөө инфляцийн төвшин 30 хувь аль хэдийнээ гараад явчихлаа. Ийм өндөр инфляцийн үед хөрөнгө оруулалт зогсож, эдийн засгийн өсөлт зогсоно. Сая сая хүмүүс нүдэн дээрээ мөнгөө “шатаалгаж” ядуурал гуйранчлал гаарна. Энэ бол ердөө л хууль. Инфляцийг эмчилдэг ганцхан арга бий нь цаасан мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах. Ашгүй Монгол банк ч ийм арга хэмжээ аваад эхлэх шиг. Гэтэл ганц хийдэг эмчилгээг нь эсэргүүцдэг “ухаалаг толгойнууд” зурагтаас салахаа болилоо. Хөрөнгө оруулалт зогсож, банкууд зээл өгөхөө болилоо гэх мэтээр тайлбарлаж байна. Фридман инфляцийн эмчилгээг яг л архинд орсон хүнийг эмчлэхтэй адилтган зүйрлэсэн байдаг. Ухаантнуудын анхааруулга бол архи нэхэж буй организм. Харин цаасан мөнгө нийлүүлэхгүй байгаа нь өнөө дон болсон сархадыг нь өгөхгүй байна гэсэн үг. Монгол банкны одоогийн авч байгаа арга хэмжээ тун зовиуртай, гэхдээ өөр арга үгүй. Ийм зовлонд унахгүйн тулд ядахнаа таван жилийн өмнөөс арай ухаалаг байж, “архинд орохгүй л байх байсан юмдаа”. Иймээс архинаас гарах гэж байгаа тэднийг дэмжиж энэ өгүүллэгээ дахин хэвлүүлж байна.   

Хүн төрлөхтний түүхийн олон жилийн туршид бараа үйлчилгээний төлбөрийн хэрэгслэлийн үүргийг өнөөгийн соёлжсон цаасан болон зоосон тэмдэгт биш, өөр зүйл гүйцэтгэдэг байжээ. Алт, мөнгө, тамхи архи, сүх, үхэр гэх мэт. Одоо ч Монголын шоронд төлбөрийн хэрэгслэлийн үндсэн нэгж нь тамхи, нинжа нарын хувьд пенцелиний шилтэй үйрмэг алт, ууланд буй самарчдад цайруулсан самар ийм үүрэг гүйцэтгэдэг.  Эртний хаад өөрийн дүрс бүхий алт, маөнгө, хүрэл цутгамал үйлдэн албатаа шагнадаг байсан нь нэг тал руугаа төлбөрийн хэрэгслэл, нөгөө тал руугаа одон медаль болон хөгжсөн гэдэг. Дараа нь хятадууд цаас үйлдвэрлэж түүнээ солилцооны хэрэгслэл болгосон нь цаасан мөнгөний анхдагч болжээ.

    Төр, өөрөөр хэлбэл хаан, эсвэл парламент цаасан мөнгөний үйлдвэрлэлийн тоо хэмжээг тогтоож зах зээлд гаргадаг байв. Цаасан мөнгө нь өөрөө үйлдвэрлэхэд хямд эд, иймээс дайн байлдаан болон өөр зарлага хэрэгтэй болохоор Төр цаасан мөнгийг тэрдор нь хэрэгцээнээс их үйлдвэрлэдэг аж. Ингэхээр нэгж тэмдэгтийн ханш унах ба үүнийг инфляц гэнэ. Маргарет Тэтчэр нэгэнтээ “Нийгмийн ядуурлын жинхэнэ эцэг нь инфляц” гэж хэлсэн байдаг. Инфляц хэрхэн аюултай үзэгдэл болохыг монголчууд ерээд оны дундуур үзэхээрээ нэг болсон.

    Засгийн газарт үргэлж мөнгө хэрэгтэй, хэрэгтэй хэмжээгээрээ үйлдвэрлэчихээр инфляц үүсч нийгэм хямрана. Ингэхээр нь анх англичууд, дараа нь америкчууд Төв Банк гээч юм бодож олжээ. Нийгэмд хэрэгцээний хэмжээгээр цаасан мөнгийг үйлдвэрлэж зузаатгал хийх онцгой эрхийг энэ институц эдлэнэ. Төв Банк сайн талдаа сайнтай, муу талдаа муутай. Юутай ч Америкийн Төв Банк (Өөрснөө Холбооны нөөцийн банк гэнэ) 1929 онд дэлхийг нөмөрсөн Их хямралын гол буруутан байсан нь өнөөдөр хөдөлбөргүй нотлогдсон.

    Үнэндээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт Төв банк хэрэг байдаггүй, тэртээ тэргүй захиргаадчих л юм чинь. Иймээс манайд дөнгөж 1991 онд анх Төв банк буй болсонд гайхах явдалгүй. 1 төгрөг 60 мөнгөний гурилны үнийг 300 төгрөг болгодог буруутан чинь тэнд конторлож байсан юм шүү дээ. Чухам тэр конторт улс орны эдийн засгийн өсөлтийг тооцоолоод зах зээл рүү Чингисийн зурагтай гарын үсэг бүхий өнгөт цаас хэчнээн хэмжээнийхийг шинээр үйлдвэрлэх вэ гэдгийг тооцож суудаг юм. Тооцоод үнэн гаргадаг бол ч яахав. Буудаа ч уу, үгүй юу, буудлаа гэхэд сум нь олдоо ч уу, үгүй юу, сумтай гэхэд оноо ч уу, үгүй юу, онолоо гэхэд алаа ч уу, үгүй юу. Засгийн газарт инфляци хэрэгтэй учраас янз бүрээр найзан дундаа шахана. Шахуулсан хүн нь дараа нь ичих ч үгүй “мөнгөний ханш унах нь эдийн засагт эерэгээр нөлөөлдөг юм” гэж хүүхэд хуурч байгаа юм шиг марзганана. Тийм бол мөнгөний ханш уналт 360 хувь хүрч байсан 1995 онд Монгол улс хөгжлийнхөө оргилд явж байж л дээ. Одоо ч хөгжүүлэх гэж ухаан зарах хэрэг юу байна, ширхэг нь хоёр центний өртөгтэй 20 мянгатын дэвсгэрт Монголын хүн болгонд 100 сая ноогдохоор үйлдвэрлээд цацчихаач.

    Нийгмийг явуургаараа хамгийн их хорлогчид нь өөрийгөө ухаантай гээд бодчихсон шийдвэр гаргагчид байдаг. Тэд л ална даа. Нийгэм өөрийгөө хамгаалахын тулд тэднээс хамааралгүй болж авах хэрэгтэй байдаг. Мөнгөн тэмдэгтийн хэт олшрол буюу инфляци нь нийгмийг хорт хавдар лугаа балладаг эд. Үүнийг буй болгогч конторын шийдвэр гаргагч хархнуудаас хамгаалах сайн аргыг ухаантай хүмүүс бодож олоод зарим газар туршсан нь маш хурдан сайн эмчилгээ, дархлаа болж байна. Үүнийг Эстоний туршлага ч гэж нэрлэх юм.

    Эстоничууд Төв банкаа байхгүй болгоод Валютийн хороо байгуулжээ. Зах зээл дээр хэчнээн хэмжээний цаасан мөнгө гаргахыг энэ хороо шийдэхгүй. Эд евро, ам. доллар гэх мэтийн хэдхэн валюттай өөрийн мөнгийг холбож уяад мөнгөний зузаатгал хийнэ. Ерөнхий сайд нь ямар ч арилжааны банк хувааж идъе гэж панаалдаад нэмэргүй, зузаатгал евро, долларын ханшнаас л хамаарна, тэр нь хуульчлагдчихсан. Ханш гайхалтай тогтворжиж, үүнээ дагаад инфляци ердийн нормд очжээ. Эдийн засгийн өсөлт бууралт гэж баахан худлаа тоо гарган хүн хуурах ч хэрэг байхгүй, орон тоо нь ч байхгүй болсон. Олон хоолны сав тэжээхээ болилоо гэсэн үг шүү дээ. Тэртэй тэргүй хангалттай боловсрол мэдлэг байхгүй байж тархиа дэмий гашилгах ч хэрэг байхгүй. Цаана чинь илүү туршлагатай, илүү бололцоотой америкчууд, англичууд, жүүд нар бодож байна шүү дээ.

    Өнөөдөр хууль эрхийн хувьд шилжилт хийж буй орнуудаас хамгийн амжилт олсон нь Унгар. Нууц нь ердөө л тэдний парламент Австрийн хуулиудыг орчуулж батлах ажил хийдэг аж. Тэртээ тэргүй олон жил мөрдөгдөж сайн муу талаа харуулан зөндөө засварлагдсан эд шүү дээ. Унгаруудын ухаалаг нь тэд шинээр дугуй зохион бүтээхийг ер бодсонгүй.

    Манайх Валютийн зөвлөл байгуулсан л гэсэн, гэхдээ Төв банк (Үүнийгээ бид Монгол банк гэж нэрийднэ) юу гэж тоох билээ. Бидэнд шинэ зарчим хэрэгтэй байна. Энэ шинэ нь бусдын туршлагаар, толгойгоор, мөнгөөр хийгдсэнийг өөриймшүүлэх. Хатуу валюттай, технологитой, бас тэгээд хариуцлагатай орнуудын Төв банкуудын өөрсдийнхөө мөнгийг унагахгүй аваад явж дөнгөнө. Тэрэнтэй манай төгрөгийг уяснаа хуульчилчихаад, хууль хэрхэн биелүүлж байгааг нь УИХ байнга хянаж байвал барав. Монгол төгрөгийг ам. доллар, евро, рубль, Япон иен, юань, Солонгос вон гэсэн хэдхэн валюттай холбоод зузаатгалаа зохицуулаад явах аваас хайран сайхан цоодон шинэ тархиа цаас мэрж, авилга хахуульд өртөж, муу нэр дуулахад зарцуулах биш, дэлгүүр орж, хүүхдээ хүмүүжүүлж, мөрийтэй тоглож, хүүхэн эргүүлэхэд зориулах бололцоотой болно, энэ нь ард түмэнд ч, улс оронд ч, өөрсөд нь ч өлзийтэй бус уу.

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Оюу толгой

Posted by tsogtoo on September 20, 2008

2008 оны 9 сарын 16

1997 онд ашигт малтмалын хууль буй болсноор хувь хүмүүс болон хувийн хэвшлийнхэн уул уурхай ашигт малтмалын салбарт ажиллах үүд хаалга нээгджээ. Үнэндээ энэ хууль нь ашигт малтмалын гэхээсээ лицензийн хууль байсан юм. Энд уул уурхайг ашиглах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон асуудлыг огт хөндөөгүй.  Буруутгаж буй хэрэг биш, тэр үед дэлхий даяар уул уурхайн салбар уналтанд орсон байсан учир Монголын баялагийг чулуу болгох тухай биш, урдаа барьж болох ганц салбараа хүнд тоолгох асуудал нь гол байлаа.

    Ашигт малтмал нь ноолуурын нэгэн адил үнэ нь өсөж буурах өөрийн мөчлөгтэй байдаг. Далаад оны эцсээр унци нь 800 доллар хүрч байсан алт 97 онд 250 болтлоо унасан байлаа. Алтны халуурал дөнгөж эхэлж байсан цаг боловч гар аргаар хувин түмпэнгээр ухаж байснаас гадна дотны томоохон хөрөнгө оруулагчид алт ухах тухай сонсох ч дургүй болсон байлаа. Учир нь ийм хямд үед өртөг нь алтнаасаа илүү гарчихаад байв. Монголын гол экспорт болсон зэсийн дэлхийн үнэ 1500 доллар байв. Эрдэнэтийн тонн зэс гаргах өртөг 1700 доллар.

    Монгол улс уул уурхай дээрээ түшиглэн босож ирнэ гэдэг жараад оноос хойшхи бүх үеийн сэхээтэн, эдийн засагч, төрийн хариуцлагатнуудын мөрөөдөл байв. Гэтэл ерээд он гэдэг уул уурхайн бүрэн уналтын үе байлаа. 1990 онд дэлхий даяараа геологийн хайгуулд ердөө л ганцхан зуун сая доллар гаргаж байсан баримт байна. Геологичид ажилгүй болж ихэнх нь өөр мэргэжил ажилд шилжиж байлаа. Монголчуудын гуч дөчин жилийн мөрөөдөл тун ч бүдэгрэн сүүмийж байсан хэрэг. Бараг л сүүлчийн горьдлого болгож ийнхүү маш либераль хуулийг УИХ батлан гаргалаа. Монголын уул уурхайд хөрөнгө оруулалт хийвэл төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэхээр амалж байв.

    Үүнээс өмнө Өрнийн нэлээд жижиг компаниуд Монголд нефть, ураан, зэсийн хайгуул хийж байжээ. Нефтийн хайгуул бүтэл муутай, урааны үнэ хэтэрхий доогуур гээд нэг л урагшгүй. Монголын удирдлага болгон гадаадад явахдаа илэрц бүхий хэдэн ордоо суртчилан хөрөнгө оруулахыг гуйдаг ганц ажилтай байлаа. Өнөө л Таван толгой, өнөө л Асгат, өнөө л Цагаансуврага, өнөө л Улаан, Цав. Гэхдээ эдний алин дээр нь ч ТЭЗҮ байхгүй, манайд нэг гоё юм байгаа ирж ухаач гэх маягийн бүдүүн баараг юм л яриастай.

    Дэлхийн уул уурхайн салбарт хэдхэн том гигантууд байдаг. Тэдний нэг нь Австралийн Би Эйч Би юм. Азид тэд бүрэн ноёлодог. Хятадын зах зээлийг түүхий эдээр голлон хангагч. Тэд саяхан нээгдсэн Монголд хайгуулийн нэлээд хэдэн лиценз авчээ. Үүний нэг нь өнөөгийн бидний Оюутолгой гэж нэрлээд байгаа Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь газар. Энэ хавьд зэсийн илэрцтэй гэж нэгэн монгол геологич хэлсний дагуу тэд лицензийг нь авсан гэдэг. Ийм илэрц Монголд олон бий, харин зэс байж ч магадгүй, үгүй ч магадгүй. Баялаг туршлагатай Би Эйч Би тэр хавиар хорь гаруй өрөмдлөг хийн хайгуул явуулаад юу ч олсонгүй. Тэгээд ч зэсийн үнэ шалан дээр уначихсан байхад энэ нь дэндүү эрсдэлтэй ажил байлаа. Ингээд салахын түүс болжээ. Уг компани бас Тавантолгойн нүүрсний ордын лицензийг авсан байсан юм. Хоюуланг нь зарах гэж нэлээд оролдлоо. Хэн ч авахгүй болохоор нь Тавантолгойн лицензийг монголчуудад эргүүлж өгөв. Харин Оюутолгойг Канадад бүртгэлтэй Айванхо майнз хэмээх компани авлаа.

    Уул уурхайн бизнест нэгэн бичигдээгүй дүрэм бий. Эхний хайгуул, магадгүй анхны ашиглалтыг жижиг компаниуд гүйцэтгэдэг. Тэд хамаг эрсдлийг үүрдэг. Ингээд “савалж баглан” багц болгоод жинхэнээр ашиглах том компанид зардаг. Ашгаа эндээс хийдэг боловч асар их эрсдэл үүрч буй учир дампуурах нь ч элбэг. Ийм компанийг “жуниор” гэдэг. Өсвөрийн гэх маягтай. Айванхо майнз бол ийм компани. Гэхдээ энэ зэрэглэлээсээ дөнгөж гараад томоохон биржүүд дээр анхны хөлөө тавьсан байв. Тэд Монголд бас нэг аз үзэхээр шийджээ. Ингээд нэмж баахан цооног ухсаар 150 хүргэсэн аж. Цөхөрлөө. Бүрэн шатаад орхиж явахаар шийдэв. Өрөмдлөг болгон олон арван мянган доллар шүү дээ.

    Одоо геологичдийн дунд домог шиг яриа үлдэж. Канадын геологич Кирвин 150 дахь өрөмдлөгийн цэгийг зааж өгчээ. Ингээд бараг 600 метрийн гүнд зэсийн олдоцод тулсан байна. Айванхогийн Монголоос бүр мөсөн явахын өмнө хийсэн хамгийн сүүлчийн өрөмдлөг нь геологийн түүхэнд эхний аравт багтахаар асар том нээлт боллоо. Оюутолгойн зэсийн нөөцийг өнөөдөр 72 тэрбум унци, алтыг нь 30 сая унци гэж барагцаалдаг. Дэлхийд тоологдох ховор баялаг. Энэ бол ХХI зуун гарсны анхны жил, 2001 он байлаа. Өдгөө Оюутолгойн зэсийн хүдрийн биетийг тоймолбол цувсан дөрвөн том бөөгнөрөл гэж дүрслэгдэнэ. Нэгнийх нь толгойг дээрх домогт өрөмдлөг хальт онож орхижээ. Энэ бол асар том аз, шинжлэх ухаан технологийн лут ололт байв. 150 дахь цооногийг гаргасан геологчид ч, Айванхогийн хувьцаа эзэмшигчид ч, тэр тусмаа монголчууд энэ нээлт хувь заяанд нь ямар том эргэлт болж байгааг тэрүүхэн үедээ төсөөлсөнгүй. Гурван жил үргэлжилсэн дараагийн судлагааны эцэст үнэлж баршгүй эрдэнэ олдсоныг сая ойлгосон юм. Хэдэн арав, заримдаа зуунаар хэмжигдэх жилээр ийм олдворын дээгүүр хайгуул хийгээд олоогүй тохиол геологийн түүхэнд тун элбэг гэнэ. Азын хувьд Айванхо компаниас гадна үүнийг хөрсөн доороо хадгалж байсан монголын ард түмэн ховор хоншоортой байлаа.

    Төв Америк, Өмнөд Азид хэд хэдэн ордтой Айванхо майнз компанийн эзэн Робэрт Фридланд нэлээд өвөрмөц ааштай сонин эр. Хамаагүй эрсдэл хийдэг, тэр хэрээрээ аз нь гийдэг, хамаагүй ярьдаг, тэр хэрээрээ хэл аманд орооцолдох нь элбэг. Калифорнийн алтны харуурлын үеийн ковбой маягийн зантай. Монгол дахь гийсэн аз нь түүний хувьцааг бирж дээр суга өсгөв. Дорхноо тэрбумаар тоологдох хөрөнгийг бирж дээр босгож ирлээ. Паблик компани ийм болж буй нь Оюутолгойн эзэмшигчид дэлхий даяар олон боллоо гэсэн үг. Түүнд итгэн мөнгөө өгч уурхайгаа ажиллуулан их ашиг олоод хувьцааны ноогдол маягаар эргүүлээд өсгөөд өг гэсэн хар мянган хүн гараад ирсэн гэсэн үг. Мань хүн ч хувьцаагаа өсгөхийн тулд сурсан зангаараа үнэн худал хамаагүй юм бурж хүн амьтан цочролд оруулж байна. Зах дээр бараа зарж суугаа наймаачинтай утга нэг боловч биржийн наймаа нь тогтсон ёс зүйтэй байдаг тул арай ингэж дэгсдүүлж боломгүй. Тэрээр нэг удаа Монголд олсон баялагаа таван доллароор подволк хийгээд 100 доллароор зарж байгаа байдлаар төсөөлүүлэн ярьж хөөрчээ. Харин хавтгай болсон дэлхийд түүний Өмнөд Америкт ярьсан яриа маргааш нь Монголын сонинд нийтлэгдэх нь тэр.

Ингээд монголчуудад хар үүслээ. Угаасаа ч хардах нь тэдний цусанд байдаг зан чанар. Фридланд Монголыг ганц хүн шийдвэр гаргадаг Казахстан маягийн орон байна гэж үзээд олон нийтийн санал бодлыг сонирхсон ч үгүй. Хийсэн болон хийх гэж байгаа ажлаа олон нийтэд танилцуулахын оронд эзэн хаан болон түүний урдуур хойгуур бөхөлзөн гүйх шадруудтай “хараар” тохирохыгоо илүүд үзнэ. 2003 онд монголчууд Орост өрөө төлөх болоход Айванхо майнз Засгийн газарт 50 сая доллар зээлүүллээ. Энэ бол үнэндээ Засгийн газартай гэрээ хийх болзлын хахууль байв. Хэрэв гэрээ хийгдээд цааш явсан бол мөнгө буцаагдахгүй Монголын эздийн хармай руу чимээгүй гулсан алга болох байсан болов уу даа.

    Айванхо майнз Монголд гайхамшигт нээлт хийж өөртөө болон Монголын ард түмэнд аз авч ирсэн. Монголд үйлчилж байгаа хуулийнх нь дагуу ажиллаж, ард түмэн, олон нийтэд нь тайлбарлан, шудрагаар хандан зүгээрл ном журмаар ньявсан бол аль аль талдаа ашигтайгаар толгой эргэм мөнгийг “хийж” болох байлаа. Харин тэд ажлаа “хөнгөвчилж” эзэдтэй нь нууц ч юм шиг, хуйвалдсан ч юм шиг, хууль бусаар ч юм шиг тохиролцох гэж яваад хүнд байдалд тулав. 2004 онд түүний эзэн нь гэж ойлгож байсан нөхөр хамаг эрх мэдлээ алдаж, эгээтэй л шорон явчилгүй нэг юм тогтов. Шинэ Засгийн газар мөнөөх 50 сая долларыг нь буцаагаад өгчихлөө. Монголчууд төрлөхийн хартайгаас гадна байхгүй юм булаацалдахдаа гаргуун хүмүүс. Засагт шинээр гарч ирэгсэдийн ойлголтоор хууччуул нь Айванхогоос асар их мөнгө авилгаар авсан, харин өөрсдийг нь “доош нь хийгээд” юу ч хялайлгахгүй байгаа аж. Ингээд “тэмцлийн хурц хэлбэр”-т шилжлээ.

    Зурагтаар нэгэн бичиг үсэгтэй эр Фридланд монголчуудыг хэрхэн турж үхтэл нь шулж байгааг интернэтээс жишээ татан бут авлаа. Энэ нь уул уурхайн дэлхийн тогтсон жишиг жаягийг мэдэхгүй олон хүний зүгээр л эх оронч үзлийг нь бадраасан юм. Үүний зэрэгцээ шантаажаар баяжих аргыг нийгмийн идэвхи бүхий олон гарууд бас олоод харчих нь тэр.  Тэд жишиг жаягийг ойлгохыг ч хүссэнгүй, ойлгоод ч яах юм билээ, өөр зорилго агуулж байлаа. Монголын ард түмэн дор хаяж 50 хувийг нь эзэмшинэ гэсэн тулгалтын “бодлогыг” хөгжүүлэв. Жагсаал цуглаан ч найгаа алдлаа. Их хурлын гишүүн нэгэн энэ бүхнээс хоцрохгүйн тулд талбайд майхан барин гарын үсэг цуглуулж ард түмэнтэйгээ нэгдэв. Харанхуй масс дээр тоглож алдрын зэрэглэлээ нэмэгдүүлэх сайхан бай нь Оюутолгой болж хувирав. Эрүүл саруул юм ярьсан хүн шууд л эх орноосоо урвагч болох нигуртай. Хэн илүү тэнэгтэнэ тэр л жинхэнэ эх оронч.

    Зохион байгуулагчид эх орны төлөө зүрхээ цохилуулахаас гадна өөрсдийгөө мартсангүй. Айванхо майнзын байрны гадаа үймээн дэгдээж машиныг нь шатаана гэж байсан нөхөд дотогшоо ороод 250 мянган доллароор энэ ажиллагаагаа бүрэн зогсоох наймааны санал тавьж байлаа. Өөр бусад гадаадын компанид шахалт үзүүлэгчид ч бэлэн мөнгөөр асуудал шийдэж болох санал тавьж байсны дээд хэмжээ нь 50 сая долларын нэхэмжлэл байсан юм. Төр ч ард түмэнтэйгээ нэгдлээ. Зэсийн олзворлолтонд 68 хувийн онцгой татвар тавьсан нь Оюутолгойд хөрөнгө оруулагчдад тавьсан нэхэмжлэл байлаа. Эрдэнэт энэ татварыг төлж эхэлсэн нь Оростой байгуулсан тогтвортой байдлын гэрээг нэг талаас дангаар зөрчсөн бүдүүлэг дайралт байв. Эрхтэн дархтан болгон төрийн нэрийн өмнөөс Айванхо майнзыг дайран хөөж туух нь өдрийн дэглэм болжээ. Гол санаа нь авилга өгөхдөө “ард түмний төлөөлөгчдийг” ялгаварлан гадуурхсан явдал болох нь эх оронч ярианы цаанаас нь цухуйхаар үл барам бултайна. Гудамжинд бол бүр замбараагаа алдсан. Ганц биеэрээ “фронт” хүртэл байгуулж шууд Фридландыг өөрийг нь чаддаггүй юм гэхэд гэрээ хийж буй монгол хурган дарга нарыг шантаажлан хэдэн цаас салгаж авах арга хүртэл гарчээ. Эх оронч шантааж бүх нийтийн үйлс болж эмнэлэгийн хяналтанд байдаг хүмүүс ч идэвхийлэн оролцож манлайлах болов. Нэг л үгэндээ бирдийн лонхны амыг Фридланд өөрөө нээгээд тавьчихжээ. Оюутолгой бизнесийн утгаа алдаж улс төрийн тоглолтын талбар боллоо. Хэрэв энэ солиорлыг улстөр гэж нэрлэдэг юм бол шүү дээ! Монголд хэрэгжиж байсан хайгуулын олон арван төсөл хаагдаж, энэ аймаар орноос компаниуд хохирлын бага дээр гарч эхлэв. Монгол улс улсынхаа төсвөөр чардайж байж хоёр сая долларын хайгуул хийдэг бол, энэ үед гадаадын компаниуд жилд 100 сая долларыг хайгуулд зориулж байжээ.

    Энэ хооронд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ галзууран өсч, 8000 долар давсан нь түүхэнд үзэгдээгүй явдал болов.  Айванхогийн хувьцааны үнэ Монгол дахь эх орончдын зүрхний цохилтыг даган огцом буурч өсдөг болов. Энэ нь магадгүй Фридландад сайхан далим өгч бирж дээр спекуляц хийх бололцоо олгов. Магадгүй Улаанбаатар дахь олон эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөрөө далдуур зохион байгуулж санхүүжүүлсэн байхад гайхах явдалгүй.  Хувьцааны үнэ гэрээ хийгдэхэд 15 доллар болтол өсч, жагсаал болоход бараг 3 доллар болтлоо унаж байлаа. Савалгаанд 100 сая доллар алдаж байхад эргээд 400 сая доллар хожих жишээтэй. Фридланд хожиж, хувьцаа эзэмшигчид хохирно. Харин хөөрхий бирж савлуулагчид хүссэн хахуулийнхаа хэлтэрхий ч олж долоож чадахгүй. Тэд сайн шантаажлахаар мөнгө олно гэсэн тэнэгдүү, харанхуй, үл бүтэх мөрөөдөлтэй. Гэрээ анхлан төлөвлөснөөр хийгдсэн бол Оюутолгойн орд ашиглагдаж эхлээд зөвхөн татвар, роялтигаар өдөрт сая доллар Монголд өгөх байлаа. Таван жил таг гацаасан энэ ордоос олж болох монголчуудын алдагдсан мөнгө бараг хоёр тэрбум доллар болжээ. Гэвч нэг тал биржийн спекуляци хийсээр, нөгөө тал хахуулиа нэхсээр.

    Үр дүнд нь ашигт малтмал экспортлогч 72 орон дотроо Монгол нь хөрөнгө оруулах тааламжаар 69-р байранд ухран орж ирлээ. Хэн ч орж ирж хөрөнгө оруулахаас айна, аймаар гэж цаанаас нь анхааруулж буй хэрэг. Гэвч нэг талаас зэсийн үнэ аймаар өссөн, нөгөө талаас гайхамшигтай баялаг болох Оюутолгойн ашиглалт гацаанд орсон нь зарим орнууд болон томоохон уул уурхайн компаниудын зохицуулах сонирхлыг нь хөдөлгөжээ. Дэлхийн хамгийн том компани Британийн Рио Тэнто Айванхогийн тодорхой хувьцааг худалдан авчээ. Ёс зүй, жишиг жаягийг мэддэг төдийгүй яс баримтладаг энэ компани монголчуудтай Фридланд маягаар биш, олон улсад тогтсон жишгийн дагуу ойлголцвол нийт ордыг ч эзэмшин ашиглахад бэлэн аж. Харин тэд Улаанбаатарт ирээд үнэндээ галзуу хүмүүстэй уулзлаа. Хэлэлцээрийг Засгийн газар нь биш харин хариуцсан гэх парламентийн сөрөг хүчнийхэн ирж хийдэг гэнэ. Айванхо яг шулах гэж байхад нь 68 хувийн гэнэтийн татвараар шоконд оруулж байгаад Засгийн газартаа 30 хувь эзэмших эрх олж өгсөн гэнэ. Гучин хувь авчихаад тэрнийхээ мөнгийг нь өөрснөөр нь гаргуулах юм яриад уналаа. Гучин хувь нь багадаад 50 хувь авах ба хөрөнгө оруулалтын мөнгийг нь харин өөрснөө гаргахгүй гэнэ. Ер нь л байсхийн орж ирээд үг сүггүй Монголоос дарай зайлахыг сануулж хөөнө. Солиотой Уго Чааваас ч арай ингэж тэнэгтэхгүйсэн. Уул уурхайн менежментийг төр хийдэггүй юм, төр өндөр татвараар бий болох ашгийн 50 хувиас дээшийг авч байвал монголын ард түмэнд хамгийн том ашиг болно, төр хувь авах юм бол түүндээ таарсан хөрөнгө оруулалтыг гаргах болно, энэ нь Монголын өнөөгийн нийт ДНБ-ээс давах учраас дэндүү том даралт болно, бид дээрэмчид биш, энэ хорвоо дээр байдаг нийтлэг жишгээр танайд манайд аль алинд нь ашигтай бүр дэндүү ашигтай ажиллана, өнөөгийн ертөнцөд тэгэж өм цөмөөр нь шулах бололцоо ч байхгүй, тийм юм гарлаа ч зохицуулах олон улсын арбитраж байдаг гэх мэтийн эрүүл тайлбарынхаа хариуд бараг л зодуулах дөхөв.

    Жижиг хөршид нь Өрнийн хөрөнгө оруулалт, түүнээ дагаад эрх ашиг нь идэвхитэй орж ирж байгаад умарт өмнөд хоёр хөрш нь төдий л таатай хандсангүй. Энэ бол бизнес гэхээсээ геополитикын асуудал. Иймээс дам болон шуудаар “галзуучуудад” нөлөөлж өрнийн хөрөнгө оруулагчдыг өөрсдөөр нь хөөж гаргуулах янз бүрийн арга ил далдаар хэрэглэх болов. Шинхуа компани хэлэлцээ хийгчдийг урьж авчран өөрийн уурхайнуудаа үзүүлж найрсгаар ярилцав. Эргэж ирсэн хойноо уурхай сонирхогчдын яриа хөөрөө бүр ч гаарч солиорлын дээд хэмжээнд тулан, хөөж туух нь бүр ихслээ. Оюутолгойг гадаадын дээрэмчдээс аварсан хүний тоо ч замбараагаа алдав. Парламентийн сонгуулийн компанийн нэгэн салшгүй хэсэг нь Оюутолгой. Эх орноо аврагчид алдагдсан хөрөнгийн 50 хувийг эргүүлж авчирсан хэмээн хөөрч үлдэх тавин хувийг нь хэрэв ард түмэн сонговол дайлаар мордон олж ирэх гэж байгаагаа зарлан тунхаглана. Үнэндээ зүгээр л татвараар ашгийн ихэнхийг нь аваад сууж байх юмыг эх орноо чадамжаас нь давсан өрөнд түлхэн оруулсан хэрэг шүү дээ. Тэд үнэндээ Монголын хөгжлийн гарцыг хааж, ядуурлыг гааруулж, нийгмийн бухимдлыг дэвэргэж, улс орны ирээдүйг хорлосон юм. Зарим нь мөнгөний төлөө, зарим нь хоосон нэр алдрын төлөө, зарим нь эрх мэдлийн төлөө, ихэнх нь зүгээр юу ч ойлгодоггүй тэнэгтээ! Дундад зууны Европт алдаршиж байсан “Тэнэгүүдийн хөлөг онгоц” зохиол үүнтэй харьцуулахад олигтой илүү мангар юм бодож олж чадаагүйдээ өөрөөсөө ичиж доош ормоор. Ашигт малтмалын хууулиндаа өөрчлөлт оруулах гэсэн парламент нөгөөхөө огт байхгүй болгож орхив. Засвар хийсэн нь хууль бус болж, түүнээ эргүүлээд засах гэхээр зохих хахуулиа олж аваагүй гишүүд сүүлдээ үүнээ намаасаа сонгуульд нэр дэвших эсэхээр барьцаалан бүр гацааж орхив.

    Зэсийн үнэ унаж эхэллээ. Энэ намраас 6000 доллар руу уруудаж байна. Монгол дахь алтны халуурал ч удахгүй биз, юу гэвэл 1000 даллар дөхөж байсан алт 600 руу ойртон унана. Нефтийн үнэ оны эцсээр 200 хүрнэ гэж байсан мэрэг талаар болж эргээд 100 доллар болон бууж байна. Нефтийн үнийн өсөлтийг дагаж оцойж байсан олон түүхий эд, түүний дотор нүүрс галзуурлын үеэ өнгөрөөж эргээд доошлоно гэх таамаг ч байна. Монголын бололцооны алтан үе ч өнгөрөх магадлал их болж байна. Энэ орны удирдлага гадаадын хөрөнгө оруулагчдыг царайчлан ашигт малтмалыг нь аваад өгөөч хэмээн гуйж явсан тэр цаг үе эргэж ирэхэд тун ойр байх шиг.   

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Оросууд дайныг хүсээ гэж үү?

Posted by tsogtoo on September 11, 2008

2008 оны 9 сарын 9

Монголын мэдээлийн хэрэгслэлүүд хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь оросууд дайныг хүсэж байна гээд, нөгөө хэсэг нь хүсээгүй байна гэцгээнэ. Олон улсын байдлаар ийм зөрөөтэй саналтай болчоо юу гэтэл бас үгүй. Юу гэвэл зарим нь өнөөдөр империалист Оросын тухай мэдээлснээ маргааш нь хүний шаар болсон Саакашвили болон түүнийг араас нь санхүүжүүлж байгаа өрнийн империализмыг буруушаана. Үнэндээ хуваагдлын цаад шалтгаан тун энгийн. Ухаан нь телевизийн гадаад мэдээний редакци өдөр алгасаж жижүүрлэдэг юм байна. Нэг нь орос хэлтэй учир Оросын мэдээг орчуулж Америкийн муулна, маргаашийн жижүүр англиас орчуулж Гүржийг хамгаална. “Хайртай”, “хайргүй” гээд цэцгийн дэлбээ ээлжилж тасалж мэргэлдэг тосгоны Мурфушкархуу юмуу даа.

Оросууд Өмнөд Оссетин, Абхазын тусгаар тогтнолыг дангаараа зарлаж орхилоо. Тайлбар их энгийн, тэд өөрснөө ингэж хүсээд байгаа гэнэ. Тэгээд туслаж байгаа юм гэнээ. Зүйрлэж хэлбэл манай Баян-Өлгийг нэг л сайхан өдөр өөр аль нэг орон тусгаар улс болсон гэдгийг дуулгаж байгаархуу юмуу даа. Хэд хоногийн өмнө Эстоны нэг орос тосгон өөрснийхөө тусгаар тогтнолыг зарлаад үүнийгээ Москвагаар хүлээн зөвшөөрүүлэхээр хөөцөлдөж байна. Зөвлөлтийн үед ирж суурьшсан оросууд шүү дээ. Ийм маягаар явбал удахгүй Зүүнхараагийн хэдэн местний оросууд тусгаар тогтносон улсаа зарлаж болох нь! Украины Гадаад яамны сайд Огрызкогийн мэдэгдэж байгаагаар Крымын иргэдэд оросууд өөрийн паспортыг тарааж байгаа ба энэ нь Крымыг Өмнөд Осетин болгох гэж буй бэлтгэл аж.

Өнөөгийн дэлхий дээр “өөрснөө хүсэж” байгаагаар нь улс орныг тусгаар болгоод байвал хамгийн дор хаяхад 600 гаруй шинэ улс үүснэ гэсэн тооцоо байдаг. Гэтэл энэ дэлхий өөрөө хүчний тэнцвэр дээр тогтож байгаа. Дэлхийн I, II дайн, тавь жараад оны колонийн задрал, ерээд оны коммунизмын сүйрэл зэрэг дэлхийг хамарсан том үйл явдлууд түрүү түрүүнийхээ алдагдсан тэнцвэрийг залруулан шинэ төлөвийг буй болгож байсан. 1945 онд байгуулагдсан НҮБ тавь гаруй гишүүн нэгтгэж байсан бол өдгөө энэ тоо 200 хүрч байна. Тусгаар тогтнолыг хүслээр нь биш хүлээн зөвшөөрлөөр баталдаг дэлхий нийтийн жишиг буй болжээ. Үүнийг Вэстфалийн зарчим гэдэг.

Дэлхийн дайн, системийн задрал зэрэг том үйл явдал болоогүй энгийн цаг үед шинээр тусгаар улс зарлах нь байгаа статус квог эвдэж шинэ хямрал үүсгэх учир дэлхий даяараа үүнээс ихэд болгоомжилдог. Хүйтэн дайны дараа Зөвлөлтийн эзэнт гүрэн 15 улс болон салсан. Энэ гүрэн 100 гаруй үндэстнээс бүрддэг учир ийм тоогоор ч задарч болох. Гэхдээ үүнээс цааш хэтэрвэл тэнцвэрийн тогтолцоо алдагдана. Зүгээр л шудрага ёс ярьж байгаа бол “Киргиз тусгаар болж байхад Татаар, Башкир яагаад ийм эрхгүй байдаг юм?” гэсэн эцэс төгсгөлгүй асуулт гарна. Үүнд л хамаг учир байна. Энэ үүднээс үзвэл Косово ч том асуудал. Зуун жилийн турш аажмаар нэвтрэн орж ирсэн албаничууд хүний нутаг дээр тусгаар тогтнолоо зарлаж болох уу? Энэ бол шудрагын талаас тавигдах асуулт. Гэхдээ хуучин Югославын асуудал шийдэгдэж дуусаагүй байна гэдэг талаас нь өрнийхөн асуудалд хандаж буй бололтой.

Зөвлөлтийн эзэнт гүрний задарлын асуудал шийдэгдэж дууссан уу? Оросууд үүнийг дууссан гэж үздэг учир жишээ нь Чечений асуудлыг дотоодын хямрал гэж тайлбарладаг. Өрнийнхөн ч үүнд хүний эрх зөрчигдөж байгаа талаас нь ярьдаг болохоос Чечень тусгаар улс гэж хэн нь ч хэлээгүй. Тэгвэл Зөвлөлтийн задралд багтсан Гүржийн тусгаар тогтнол ба түүнд хамаарах Абхаз, Өмнөд Оссетиний асуудал 1991 оноор дуусгавар болсон байх учиртай. Анхны Ерөнхийлөгч Гамсахурди үүний төлөө амиа өгч, Шевернадзе гэрээ хийснээр Гүрж улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хүлээн зөвшөөрөгдсөн. Энхийг сахиулах, аюулгүй бүс байгуулагдах зэрэг нь тусдаа асуудал. Хэрэв Зөвлөлтийн задрал бүрэн шийдэгдэж дуусаагүй гэж үзвэл Чечениэс авахуулаад ярих сэдэв олон байна.

Олон улсын эрх зүйн талаас ингэж харагдаж байна. Оросын уламжлалт империалист бодлогын талаас харвал бас их сонин. Хүчирхэг Орос улсыг монголчууд буй болгосон. Киевийн Оросоос эхтэй, олон тасарч хуваагдсан оросуудын заримыг нь цохиж заримыг нь дэмжин Москвитийн Орос хэмээх цоо шинэ гүрнийг байгуулсан. Монголчууд тэднийг харъяалалдаа болон халамжиндаа бүхэл бүтэн дөрвөн зууны турш байлгажээ. Энэ хооронд Орос орон азижсан төдийгүй тэднээс уламжлан авсан империалист, деспотик бодлоготой улс болон хувирсан. Алтан ордын суурин дээр түрэг угсааны олон улс үүссэн төдийгүй олон үндэстэн буй болжээ. Татаар-монголын харъяаллаас гарснаас хойш москвитууд тэднийгээ ээлж дараалан эрхшээлдээ оруулсаар газар нутгийн төдийгүй төр улсын хувьд деспотик, хүчирхэг, империалист гүрэн болж хувирлаа. Орос хүнийг сайтар маажвал цаанаас нь татаар монгол гараад ирнэ гэсэн хэлц оргүй юм биш. Энд зөвхөн цусан холбоог нь хэлээгүй байх. IIЕкатрина хатан хааны үед тэдний сонирхол өрнө зүг шилжин Балти, Польш, Түрэг, Иран руу шилжсэн юм. Сталины үед оросууд Энэтхэг-Хятадын хойгоос Төв Европ хүртэл уудам газрыг ямар нэг хэмжээгээр хяналтандаа авчээ. Энэ бол Чингисийн удмынхны цагтаа хянаж байсан тэр газар нутаг бараг тэр чигээрээ юм.

Зөвлөлтийн эзэнт гүрэн сүйрснээр ХХ зууны төгсгөлөөр оросууд туйлдлаа. Дэлхийн 2-р эдийн засаг 18-р болтлоо хойшилж Португалийн зэрэгт очлоо. ХХI зуун гарч байхад дундаж орос хүний нас 56 боллоо. Оросын төрийн төсөв Финляндынхтай тэнцэв. Орос орныг хэн ч захирахаа болив, эсвэл хэн дуртай нь захирах болов. Царь Борисын үед! Борис ты не прав! Годуновын дараахи самуун давтагдлаа. Хуурамч Дмитрий хүртэл гарч ирэв. Гэвч империйн үзэл бодол орос хүний цусанд байдаг. Тэд ядарлаа зүдэрлээ, цалин мөнгө хүрэхээ болилоо гэхээсээ Их Орос задарлаа, улс орон хүчирхэг байдлаа алдлаа гэдэгт шанална. Тэдэнд хувь хүний зовлон жаргал төдий л хамаатай бус, улс орны хүчирхэг байдлаар цаддаг. Магадгүй дэлхийн хамгийн эх оронч ард түмэн. Гэхдээ орос маягийн эх оронч үзлийг бусад газар империализм гэж нэрлэдэг. Алтан ордоос үүссэн хүчирхэг Оросын жирийн иргэн хэдэн зуун жилийн туршид хэзээ ч нийтийн ойлголтод таарах хувийн жаргал үзээгүй. Өлсгөлөн ч бай, ядуу ч бай, дарлуулж доромжлуулдаг ч бай, эрх чөлөөгүй ч бай орос хүн хүчирхэг Орос орноо хараад бүгдийг огоорон жаргалын таашаал эдэлдэг. Тиймдээ ч хувь хүний аз жаргалыг үгүйсгэсэн коммунизмын онолыг өөр ямар ч ард түмэн хүлээж авахгүй байхад чухам оросууд л сэтгэл зүрхэндээ тусгаж авсан юм.

Владимр хаан Киевийн Руссийг байгуулсан. Москвитийн Владимр Путинд харин Киевийг дайлах түүхэн үүрэг ноогджээ. Тэрээр Оросын тоолж баршгүй олон мафийн бүлэглэлийг нэгтгэлээ. Ходровский, Березовский, Гусинский мэтийн жүүд бүлгийг шахан зайлуулав. Владимрийн аз таарахад Югославын дайны үед баррель нь 8 доллар байсан түүхий нефть 140 хүртэл өсөх нь тэр. Оросын ДНБ-ий хэмжээ хэд дэхин өсөж, валютийн нөөц нь триллион долларт хүрэв. Эзэнт гүрнийг дахин нэгтгэж босгох бололцоо буй боллоо. Юун Чечень! Тусгаарласан Украин, Гүрж улам гаарч Өрнөдтэй холбоо тогтоосныг таслах хэрэгтэй. Румынтэй нэгдэх хүсэлтэй Молдаваас Днестрийн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрч салгахад Москвагийн үгэнд орох дургүй бусад нь номхроод ирнэ. Дунд Азийн шинэ тутам орнууд тус бүрдээ өөрийн салан тусгаарлагчидтай боловч иймэрхүү үйлдлээс нь айж Москвагийн Гүрж дахь сонирхлыг “хүлээн зөвшөөрч дэмжлээ”.

Оросууд ийм хурдан эргээд ирнэ гэж 10 жилийн өмнө хэн ч бодож байгаагүй биз. Улам бүр хурдтай томрон дэлхийн гүрэн болох амбицдаа хөтлөгдсөн Хятадад Орос дөнгөж дагуул төдий харагдаж байсан цаг саяхан. Тянь Аньминий талбайд Ельцын, Зянь Зяминь нар Америкийн давамгайллын эсрэг холбоо байгуулснаа зарлаж “ганц туйлт бодлогод ирээдүй байхгүй” хэмээн газар дэвсэж байсан нь бодит гэхээсээ хүүхдийн тоглоом шиг санагдаж байлаа. Өнөөдөр хүчирхэг Орос дахиад босоод ирлээ. Ванька-встанька! Орос түүхийн турш үргэлж ийм байсан. Орос санасан шиг хэзээ ч хүчирхэг байгаагүй ч, санасан шиг хэзээ ч сул байгаагүй.

Дэлхийн өнөөгийн статус квог оросууд хүчээр эвдэхээр шийджээ. Юун түрүүн Зөвлөлтийн үеийн нөлөөллөө сэргээхээр санаархаж байна. Холбоотнуудыг буй болгож, болбол фронт нээхэд бэлэн. Болгоомжтой хятадууд шууд холбоотон болохоос цэрвэж цагийн байдлыг харзнах боловч стратегийн түнш мөн. Өрнийн эсрэг хандсан, магадгүй тэдэнд ариун дайн зарласан лалын ертөнц Оросыг дэмжихэд бэлэн байна. Сирийн Асад үүнээ Москвад ирэхдээ илэрхийлэв. Ганцаардсан Иранд бол үүнээс өөр арга ч байхгүй. Беларусь, Венесүэль, Куба, Болив, Хойд Солонгос, Зимбабвэ, Судан, Бирм гээд Өрнийн эсрэг ажиллагаанд дуун дээр нэгдэн орох орон өнөөгийн дэлхийд ганц бус. Зөвлөлтийн хуучин туршлага дээр үндэслэн тухайлбал Индонез, Пакистан, Нигери, Серби зэрэг дотоодын зөрчилтэй газруудад шинэ Уго Чавесуудыг гаргаж ирэх бололцоо ч бий. Тэр байтугай хоншоор нь таарвал Саудын Арабт ч ингэж болно. Шинэ хүйтэн дайн! Удахгүй хар Ерөнхийлөгчтэй болох гэж байгаа, доллар нь жилээр биш өдрөөр унаж байгаа, дэлхийн эдийн засагт эзлэх хувь нь улам бүр багасаж байгаа Америк ийм үед юу хийж чадах вэ?

Олон жилийн өмнө Зөвлөлтийн дагуул Монголд орос дуу их дуулдаг байлаа. “Оросууд дайныг хүсээ гэж үү?” гэх нэг алдартай дуу байх. Шүлгийг нь Өрнөдөд хамгийн алдартай орос найрагч Евгений Евтушенко бичжээ. Гоцлон дуулаач “Хотять ли русские, войны?” хэмээн асуух маягтай цангинуулахад ард нь эгнэн зогсох хоор “хотять, хотять, хотять” хэмээн түрлэг нэмдэг байв.

Posted by baabar

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Муурын отоо

Posted by tsogtoo on August 20, 2008

Өчигдөр 17 цаг 33 минут

Парламент гэдэг нь парлэ гэсэн франц үгээс гаралтай. (Парлэ вю фронсэ?) Энэ нь ярилцах гэсэн утгатай. Маргах, хэрэлдэх, хэлэлцэх, санал солилцох, мэтгэлцэх гээд дуртайгаараа орчуулж болно. Зодолдох гэсэн утгатайг ч өнөөгийн нэг бус парламент харуулдаг. Юутай ч ганц хүн мэтгэлцэж, ярилцдаггүй болохоор олон хүний цуглараан гэсэн давхар санаа байна. Мэдээж нэгэн утгатай шийдвэр гаргахын тулд хоорондоо маргалдаж хэлэлцэж байгаа. Хүний түүхийн ихэнхид төрийн шийдвэрийг ганц хүн л дур мэдэн гаргадаг байжээ. Шийдвэр гаргагчийг хаан, эмир, фараон, император, царь, хуанди, султан гээд газар бүр янз бүрээр нэрлэнэ. Харин олуулаа нийлээд ярилцаж маргаж хэрэлдэж байгаад олонхийн саналаар шийдвэр гаргадаг байгууллагыг францчууд бодож олсон гэж үзээд “парламент” гэсэн өөрийн нэрийг өгч дэлгэрүүлэн хэвшүүлсэн байна. Яс юман дээрээ тулбал тэднээс өмнө англичууд парламенттай байсан. Эртний Ромд “сэнат” гэж шийдвэр гаргагч байгууллага байлаа. Түүнээс өмнө герегчүүд хотынхоо захад гарч байгаад ард түмнээрээ хэлэлцэн шийдвэр гаргадаг байснаа аяндаа багтахаа болиод хэсэг бүлгийг төлөөлсөн хүмүүс амфитеатрт цуглан маргаж мэтгэлцдэг болсон байна. Аристотелийн Улстөр, Платоны Бүгд найрамдах төр зохиолууд ч анхны энэ оролдлогуудын үр дүн болон бүтээгдсэн аж.

    Олон хүн нийлж шийдвэр гаргаж байгаад дарангуйлагч л дургүйцдэг. Олуулаа нийлж шийдвэр гаргах нь хэрэлдэж муудалцах муу талтай байдаг ч энэ нь ядахнаа ганц хүн биш нэлээд олон хүн нийлж ард түмний өмнөөс шийдвэр гаргаж багаагаараа илүү шудрага юм. Дарангуйлагч ганцаараа шийдвэр гаргах гэхээр гол саад нь парламент. Яагаад гэвэл урдаас нь парлэ гээд хэрэлдээд унана. Юлий Цэзарийг хутгалж алсан Брутийг буруутгадаг. Гэхдээ Цэзарь сэнатын өмнөөс ганцаар шийдвэр гаргадаг байсан нь ийм арга ядсан үйлдэлд хүргэжээ. Харин Кромвэль эзэн хааныг ард түмний нэрийн өмнөөс яллаж парламентийн ялалтыг тогтоож байв.

    Парламент бол хүн төрлөхтний нийгмийн дэвшилд гарсан маш том ололт юм. Гэхдээ төлөвшөөгүй ард түмэнд төдий л ойлгогддоггүй. Энгийн хийцтэй тархинд хааны зарлиг маш ойлгомжтой. Харин олон хүн тэгэнэ ингэнэ гээд хоорондоо хэрэлдээд унахаар маш хурдан залхдаг. Иймээс ч манайд УИХ-ыг хоорондоо хэрэлддэг гэж хамгийн их шүүмжилдэг. Ийм шүүмжлэл XIX зууны нялх парламентийн үед “ард түмнээс” маш их гардаг байжээ. Зуу гаруй жилийн хоцрогдолтой л байна даа, бид! Ард түмний дургүйцлийг хүлээн авч онолын хэмжээнд шүүмжлэн “бут ниргэсэн” анхны хүн нь Карл Маркс. Тэрээр төр байхгүй болох арга замыг зааж, ардчилалд “хөрөнгөтний ардчилал” гэдэг хоч өгсөн хүн.

    Марксын онолыг хамгийн түрүүн амьдралд шүүрэн авч хэрэгжүүлэгч нь Италийн социалист Муссолини байлаа. Дэлхийн дайн, эдийн засгийн хямралаас болоод италичууд парламетаас залхчаад байв. Сонгуулиар хэн ч ялж чаддаггүй. Олон намуудын хэн нь ч ядахнаа 30 хувийн санал авч дөнгөдөггүй ээ. Ингэхээр шийдвэр гарч чадахаа болино. Ийм үед хуулиндаа өөрчлөлт оруулан гарцаа олдог. Харин италичууд Муссолинийн дэвшүүлсэн хялбар хавханд орж орхив. Хэн 30 хувь авч чадна тэр нь бүрэн ноёлоно гэсэн хувилбар. Христосын намын дарга Сарлони энэ саналыг уухайн тас дэмжив. Өөрөө 30 хувь авч чадна гэж бодсон хэрэг. Ингэснээр ардчилалын үндсэн зарчмаас ухарч байгаагаа ч ойлгосонгүй. Төмөр мэт сахилга баттай муссолинчууд яаж ийж байгаад өнөөх шидэт 30 хувийг нь шүүрч орхив. Дараа нь яахав дээ, бүх эрхийг авсан Муссолини парламентийг хорт хавдартай зүйрлэж хөөн тараагаад өөрийгөө Дүчэ буюу цорын ганц удирдагчаар зарлав. Италийн ард түмэн уухайлан дэмжлээ. Хэрүүлийн бузар болсон парламент сөнөтүгэй, италичуудыг жаргаах төөрөгтэй манай Дүчэ мандтугай! Муссолини намаа фашист гэж шинээр нэрлэх болсон ба Итали орныг ардчилал гэх мэтийн заваан юмтай дахин хутгахгүй гэж ард түмэндээ тангаргалав. Улс орныг Юлий Цэзарь маягаар удирдаж эртний Ромын төр барих ёсыг сэргээх гэнэ. Түүнийг уухайлан дэмжсэн ард түмэн хожим үүнийхээ төлөө асар их үнэ төлсөн дөө. Хожимдсон гэмшил нь Муссолиниг хөлөөр нь дүүжилж алаад тойрч бүжиглэснээр дууссан.

    Муссолиниг шүтдэг байсан бас нэг социалист болох Ленин мөн л парламентийг үзэн ядна. Дайны үед большевикууд Төрийн Думд цөөнгүй суудалтай байжээ. Ирц бүрдүүлэхгүй бойкотлох замаар Оросын төрийг байнга гацаанд оруулахыг Ленин гадаадаас зөвлөнө. Дэлхийн дайн эхэлсэн хүнд ширүүн үед Оросын нялх ардчилал хэдэн сар жилээр гацаанд орно. Большевикууд энэхүү үүсгэж буй гацаандаа зүүн эсэр зэрэг демагог маягийн жижиг намуудыг ашиглан хамсаатан болгож байв. 2-р сарын хувьсгалын дараа ч Дум улам их гацдаг болж байнгын түгжрэлд таг суух болов. Улс орон эзэнгүйдэж, шийдвэр гаргагчгүй болсон энэ жолоодлогогүй байдлыг Ленин далимдуулан төрийн эргэлт хийсэн юм. Уур нь хүрээд нэрэлж ч чаддаггүй “хөрөнгөтний ардчилал” гэгчийгээ устгасны дараахан хөөрхий зүүн эсэрчүүдийг ч толгой дараалан хядсан. Орос орон парламентийг гацааж хүчгүйдүүлснийхээ шанг далан жилийн хугацаанд 100 сая хүний амиар төлжээ. 2001 онд Орос орон анх удаа 1913 оныхоо хэмжээнд ургац авч хөөр болж байв. Эдийн засаг нь хүртэл ингэж доройтсон гэсэн үг. Харин бахархал нь зэвсэг байлаа. “Модон анжистай Оросыг атомын бөмбөгтэй болгосон хүн” гэж Чөрчилл мань Сталиныг үнэлсэн байдаг. Харин зэвсгийг иддэггүй юм билээ.

    Германы ажилчны социалист намын удирдагч Гитлер бол ёстой новш! Дэлхийн дайн, эдийн засгийн хямралд тамирдсан ардчилсан төрт Германыг сайхан балласан даа. Бүр ардчилсан сонгуулиар шүү. Одоо манайд их дуулдах болсон сонсоход эх оронч боловч цаанаа логик муутай уриа лоозонг харамгүй цацаж илбэтэй хүн шиг гайхамшгийг амалсаар 1932 онд сонгуулиар парламентийн гуравны нэг суудлыг авч дөнгөв. Ингээд л бойкотолж эхэлсэн дээ. Байнга хурал хаяастай. Ерөнхийлөгч Хиндэнбүрг олонхийн бүлгийн фон Паппэнийг канцлераар томилсныг эсэргүүцэж хурлыг огт хөдөлгөхгүй болгов. Ингээд 1933 онд дахин сонгууль явуулахад тэд ялж орхив. Ерөнхий сайдын суудал дээр баттай суух гэсэн Паппэн хямралын галд тос болсон юм. Харин ялсан Гитлер парламентийг Германд ерөөс тохирохгүй гэж зарлаад сөрөг хүчний гишүүдийг хорих лагер руу илгээжээ. Үүний өмнө нээрээ намынхаа байрыг өөрснөө шатаасан байдаг байхаа. Бурууг нь сөрөг хүчинд тохоод ардчилал Герман хоёр нэг гэрт багтахгүйн жишээ болгосон юм. Нацизм Германы албан ёсны суртал, баримжаа, зам мөр боллоо. Харин ороолонгийн эсрэг хүн төрлөхтөн хамтран босч 60 сая хүний амиар арай гэж нэг дарж авсан. Герман үндэстнийг сүйрүүлсэн Гитлерийг ярианы далимд байнга зүхэхийгээ өнөөгийн германчууд бараг л үүргээ гэж үздэг.

    Парламентэд өөрийн сул тал бий. Иймээс ч Чөрчилл “Ардчилсан төрийн тогтолцоо маш муу бүтэц, гэхдээ хүн төрлөхтөн үүнээс дээр арга хараахан олоогүй л байна” гэж хэлжээ. Хагас үнэн, хагас бахархал, хагас егөө! Харин энэ сул талыг нь дэвэргэж, нийгмийн ухамсар төлөвшөөгүй газарт дарангуйлагчид өөрийн муу санаагаа хэрэгжүүлж байв. Италийн фашизм, Оросын большевизм, Германы нацизм үүний сонгомол жишээнүүд. Гэхдээ дээрх жишээнээс харахад дарангуйлагчид ард түмний дэмжлэг авахаас гадна парламентаризмыг дэмжигчдээс ч туслалцаа дэмжлэг авч байжээ. Муссолинид Христосын намын дарга, Ленинд зүүн эсэрүүд, харин Гитлерт барууны намын фон Паппэн тусалсан байна. Хожмын үр дүнг харж чадахгүй харалган загнасны гай. Дарангуйлагч болох хүсэлтэн болгон парламентийн өөрийнх нь хямралыг отож суудаг. Гол төлөв хямралыг өөрийн “гоц сонин” хувилбар саналаар баяжуулан өдөөн хатгаж улам хурцатгана. Учир нь ингэсээр өөрийн цаг ирнэ гэдгийг сайн мэдэж байдаг.  

    Өнөөгийн төлөвшсөн өрнийн нийгэмд ийм юм давтагдахгүй. Харин моод Монголоор дуусна гэгчээр шинэ залуу ардчилалтай Африк, Ази, Латин Америкийн орнуудад ижил утгатай шинэ хэлбэртэй загварууд нь байнга гарсаар. Юутай ч Муссолини, Ленин, Гитлер нар нь анхдагчийн хувьд, хүн төрлөхтөнд гашуун сургамж үлдээсний хувьд, хөгжингүй ертөнцийн төлөөлөгчийн хувьд, үлдээсэн гай гамшгийн цар хүрээний хувьд түүхэнд үлдэхүйц “том” хүмүүс. Харин өнөөгийн африк түрүүч, латинос генерал, азийн улстөрч гэгчид бол хөгийн дуураймал жинс. Ингэснээрээ хоцрогдлын бэлэгдлүүд. Гэхдээ дур эзнээ голдоггүй шүү дээ. Саяхан манай Ерөнхийлөгч чуулган дээр “маргаан гараад байгаа тойргуудын дахин сонгуулийг надад хариуцуулчих” гэж авдаг байгаа. Тэр л дутаж! Парламент гацна гэдэг хэрүүл юунаас ч үүссэн бай дарангуйлагч болох хүсэлтэнд л тусалдаг. Тэр байтугай шудрага үнэний төлөө байлаа ч бойкотонд орсон парламент “парлэ” байхгүй болж дураа голдоггүй шаарын гарт л ороод ирнэ дээ. Хуучны өрнө, өнөөгийн африк үүнийг хөдөлбөргүй нотолсон. Иймээс юутай ч хамгийн ардчилсан гэж тооцогддог либералчууд ч ямар ч тохиолдолд парламентийг гацаахыг илт эсэргүүцдэг ажгуу.

    Манай парламентийг гацааж байгаа өнөөгийн учир жанцан 76 шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь спикерийн суудал. Өрсөлдөгч нараа түүж аваад өрсөлдөөнөөс гадуур байлгах гэсэн муу арга. Хоёрдугаар том шалтгаан нөгөө талаас гаралтай. “Би л орж чадахгүй бол хэн ч орохгүй. Би орж байж л бусад нь эрхээ эдлэнэ”. Иймээс ширээний кандидаттай нийлчиж байгаа юм. Эзэд нь танигдаж байгаа биз? Бусад нь ичсэндээ, нэрлэхсэндээ, хорссондоо, өөрийн эрхгүй эв саналаа нэгтгэсэндээ гэх мэтийн жижиг сажиг шалтгаантай. Юутай ч зарчмаа баримталж буй нь цөөхөн л байх шиг. “Алив зүйлд хариулт олдохгүй бол үндсэн зарчмаа барь”. Хэн хэллээ дээ, энэ уг нь их сайхан үг.

    Хулганууд үүрэндээ зодолдож л бай. Муу тусмаа сайн. Үүрэндээ багтахаа болиноо, гайгүй. Үүдэн дээр нь муур сууж байна. Хулгана барьсан муурыг магтдаг биз дээ? “Ямар өнгөтэй нь яахав, хургана л барьж байвал боллоо” гэж нэг онолч нь хэлсэн. Тээр жил Тэнгэрийн амгалангийн талбайд мөн ч олон хулгана барьсан даа!

2008.08.19

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Алуурч хаан, эх оронч баатар хоёрын үндэсний эвлэрэл

Posted by tsogtoo on August 14, 2008

2008 оны 8 сарын 12

Олимпын нээлт гайхамшигтай боллоо. Нээлтийг анхлан үзүүлбэр, шоу, урлаг болгосон хүн нь Гитлер юм гэнэлээ. Олимп болгон энэ үзүүлбэрт онцгой анхаарал тавьж түрүүчийнхээсээ илүү гарах гэж үхэлддэг болжээ. Бээжин олимпын нээлтийг алдарт найруулагч Жан Еимө дэгэлсэн. Дэлхийн кино урлагт хятадын Ань Ли, Жан Еимө, Чэнь Кайгэ гэсэн гурвал гарч ирэн шуугиулах болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Хоорондоо өрсөлдөнө гэж жигтэйхэн. Биенийхээ хийсэн киног нөгөө нь давтаж давах гэж оролдоно. Чэнь Кайгэ 1999 онд Хаан, алуурчин хоёр киногоо хийж өөрөө хүртэл тоглов. Харин 2002 онд Жан Еимө Баатар киногоороо түүний сэдвийг давтжээ. Үүгээрээ тэрээр Оскарт гурав дахь удаагаа нэр дэвшсэн юм.

Хоёр аугаа найруулагч аль алин нь Хятадын анхны нэгдсэн төр болох Цинь гүрнийг үүсгэгч Шихуандигийн тухай өгүүлжээ. Манай эриний өмнө II зуунд Хятадад бие даасан зургаан улс байлаа. Тэд хоорондоо маш их зөрчилтэй. Зуу зуун жилийг туулсан хамгийн том улс болох Жоу өвгөрөн доройтож хүч нь суларсан боловч хэнд ч хариу тавихтайгаа. Бүгд хятад угсааны нэг үндэстэн боловч хэн нь ч хэнийхээ ч дор орох хүсэлгүй. Гэтэл тэдний аль алиныг нь умрын догшин нүүдэлчид ирж ээлж дараалан тонон дээрэмдэнэ. Хятадын бие даасан улс болгон нүүдэлчдээс хамгаалж ар талаараа хэрэм босгосон авч тэр нь нэгдсэн нэг цул биш учир үнэндээ хаалт болж чаддаггүй байлаа. Хятадын гурван мянган жил үргэлжилсэн соёл иргэншил мөхлийн ирмэгт байв. Цинь улсаас өмнө ч нэгдсэн Хятад гэж байгаагүй, салангид ханлигууд хоорондоо л зөрчилдөнө үү гэхээс гадны өөр угсаатны дайсагнал байгаагүй аж. Гэтэл умрын нүүдэлчид улам хүчирхэгжсээр МЭӨ II зуун гэхэд Хятадын бие даасан зургаан улсад бодит аюул болон босч ирэх нь тэр. Өөрөөр хэлбэл умрын нүүдэлчин аймгууд ба Хятадын иргэншил хоёрын хооронд хойшид хоёр мянга гаруй жил үргэлжилсэн дайсагналцааны эхлэл байв.

Цинь Шихуанди богино хугацааны дотор бүх зургаан улсыг сэлмийн хүчээр нэгтгэж чаджээ. Гэхдээ тэр маш харгис хүн байсан юм. Түүнд хүүхэд хөгшид, барилга дурсгал ёстой юу ч биш. Тааралдсанаа хүйгээр нь устгана, үнсэн товрог болгоно. Хүүхдүүдийг ирээдүйн дайсан гэж үзэх учир хомроголон устгаж, амьдаар нь хүртэл булна. Дайсан гэж үзсэн хэндээ ч өршөөлгүй дэндүү зэрлэг догшин нэгэн. Өрсөлдөгчөө намнахын тулд хүний санаанд оромгүй хамгийн хэрцгий хөсрий санаа гаргана. Шихуандиг бүгд үзэн ядна. Гэвч хаан хийдгээ хийж нэгдсэн Хятадыг байгуулж дөнгөөд дараа нь тасархай хэрмүүдийг холбон алдарт түмэн газрын цагаан хэрмийг байгуулжээ. Хуандигийн байгуулсан Цинь улс ердөө 20 жил насалсан боловч түүнийг залгасан Хань династи 400 гаруй жил амар амгалан оршсон хүчирхэг гүрэн байсан юм. Өнөөгийн хятадууд өөрсдийгөө хань үндэстэн гэдэг нь энэ династийн нэр. Харин өрнө дахин Хятадыг Чайна, Шина, Хина гэх мэтээр дууддаг нь Хуандигийн байгуулсан Цинь гүрний нэр аж.

Эргээд кинондоо оръё. Чэнь Кайгэгийн кинонд Шихуандиг алуулахаар Жоу улсаас алуурчин хөлслөн илгээдэг. Харин Жан Еимөгийн кинонд хаантныг алахаар Жоугийн уугуул нэгэн итгэлт хүн нь болон очдог. Энэ хоёр хоюулаа хааныг үзэн яддаг, түүнийг устгахын тулд юугаа ч өгөхөд бэлэн. Хааныг алаад өөрснөө амь үлдэхгүйгээ ч сайн ухамсарлаж байгаа. Аль алин нь хааны зэрлэг догширолын золиос. Тэд хааныг алах өөр өөрийн шалтгаантай, асар их өс өвөрлөсөн хүмүүс. Тэд сэлмийн болон тулалдааны урлагийг дээд зэргээр эзэмшсэн сайн эрс. Гэвч аль алин нь үүнийгээ гүйцэтгэх бүрэн боломж гараад байхад тэрнээсээ татгалзан хааныг алах биш өөрснөө сайн дураара алуулдаг!

Киноных нь аугаа гоёыг ярихаа азная, тэртэй тэргүй кино ертөнцөд гайхагдан шүтэгдсэн шилээвэр бүтээлүүд. Жүжиглэл, найруулга, зураг авалт, өнгө будаг зэрэг нь цаг үеэсээ ч түрүүлчихсэн юм уу гэлтэй. Киноны философи нь аугаа. Баатар ч, алуурчин ч Шихуандиг үзэн ядан өсөрхдөг боловч хааны аугаа хүсэл тэмүүллийг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэгт хамаг ньюанс нь байгаа аж. Хаан бол адгийн амьтан, гэвч ганцхан тэр л Хятад гүрнийг нэгтгэж чадах аж. Хятад нэгдвэл дотоод амгалан буй болон улс гүрэн хөгжинө. Энэ бол зөвхөн нэг тал нь. Нөгөө тал нь зөвхөн нэгдэж хүчирхэгжсэн гүрэн л гадны өнгөлзлөг довтолгооноос хамгаалж чадна. Жоугийн алуулж хядуулж байгаа үй олон гэмгүй хүүхдүүд ирээдүйд догшин нүүдэлчдийн сэлмэнд хядуулах тэрнээс хавьгүй олон балчир хүүхдүүдийн өмнөөс амиа өгч буй хэрэг. Үнэхээр ч Цинь гүрэн байгуулагдсанаас ердөө 15 жилийн дараа Модун Шаньюугаар толгойлуулсан умрын нүүдэлчдийн Хүннү гүрэн буй болжээ. Тэд түүнээс хойш хэдэн зуун жил Хань гүрэнд довтолсон авч эзлэн авсан нь үгүй. Нэгдсэн хятадын Хань гүрэн хангалттай хамгаалалттай хүчирхэг улс байв. Хань ерөөсөө хятадын түүхэнд хүчирхэг төдийгүй тухайн үеийнхээ дэлхийн хамгийн хөгжил дэвшилтэй орон байлаа. Тэр үеийн дэлхийн эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг Хань, Ром хоёр гүйцэтгэж байсан юм. Дорнын Хань, өрнийн Ром хоёр нэгэн үед буй болж нэгэн үед мөхжээ. 400 гаруй жил. Хоёр их гүрнийг торгоны зам холбож байв.

Мэдээж орчин үеийн хүмүүнжсэн нүдээр ямар ч ариун хэргийн төлөөх аллага хядлагыг зөвтгөх аргагүй. Нэгдсэн хүчирхэг Судан гүрнийг байгуулахын төлөө эрх баригчид нь Дарфуртад аймшигт аллага хийсэн гэж зөвтгөхгүй, харин Гааг дахь олон улсын шүүх Ерөнхийлөгчийг нь хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн цээрлүүлэхээр зарлан дуудах өгчөөд байна. 2200 жил өнгөрсөн хойно хорвоо хавьгүй иргэншин соёлжиж, үндэсний эвлэрэл нэгдлийг сэлмийн биш ухамсар сэхээрлийн хүчээр гүйцэтгэдэг болжээ.

Түүхийг авч үзэх, шүүмжлэн засахын тулд биш түүнээс сургамж авахын тулд мэдэж ойлгож судалдаг. Жан Еимө, Чань Кайгэ хоёр 22 зууны дараах өнөөгийн нүдээр хараад аймшигт алуурчин Шихуандигийн түүхэн үүргийг зөвтгөж байна. Аллагыг тэр үеийнх нь нөхцөл байдлаар дүгнээд зөвтгөж байна. Алив үндэстэнд үндэсний эвлэрэл нэгдэл юунаас ч эрхэм байдгийг хэлж байна. Чухам үүнийг ойлгосон алуурчин буюу Чэнь Кайгэ, баатар буюу алдарт жүжигчин Жэт Ли өс хонзон, үзэн ядлаа дарж амиа золиосолж чадаж байгаа гайхамшгийг киноны хэлээр харуулж байна. Мэдээж бид зорилго нь аргаа зөвтгөхгүй гэж үзэхүйц соёлжиж иргэншсэн цаг үеийн төлөөлөгчид. Хоёр суут найруулагчийн кино аугаа хэргийн төлөө хүн алах нь юу ч биш гэхээсээ аугаа хэргийн төлөө үзэн ядал өс хонзонгоо даран өөрийгөө зольж болох тухай үнэн гоё философи өгүүлж байна. Үндэсний эвлэрэл нэгдэл гэдэг юутай чухал! Ялангуяа цаана нь нийт үндэстний эрх ашиг, үндэстний ирээдүй, хөгжил дэвшлийн асуудал байгаа бол?

Киноны төгсгөлд Шихуанди хаан алагдсан баатрыг эрхэм хүний ёсоор хүндэтгэлтэйгээр оршуулдаг. Энэ ч бас нэгийг өгүүлнэ. Далимд сонирхуулахад Цинь гүрнээс даруй 2200 жилийн дараа америкчууд саран дээр очоод эх дэлхий рүүгээ дуранджээ. Манай цэнхэр гариг дээрх хүний гараар бүтсэн ганцхан зүйл саран дээрээс харагдаж байсан нь Шихуандигийн бариулсан Цагаан хэрэм байжээ. Энэ ч бас нэгийг өгүүлэх бус уу!

PS: Умрын нүүдэлчдийн удам болох бид нэгдсэн тулгар төр байгуулсныхаа 2220 жилийн ойгоо 2011 онд тэмдэглэх ёстой. Тэр жил тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсны 100 жилийн ой бас давхцана.

2008. 8. 12

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

Иргэдийн бухимдал эцэстээ тулж дэлбэрчээ

Posted by tsogtoo on July 8, 2008

Өнөөдөр 9 цаг 23 минут

 ХӨӨРСӨН ОЛОН БА ГЭМТ ХЭРЭГ

Яриагаа саяын үймээнээс эхлэе. Яагаад хүмүүс ийм зэрлэг байв?
Сципион Сигэле хэмээх судлаачын 1892 онд хэвлэгдсэн “Гэмт сүрэг” хэмээх суурь бүтээл байдгийм. Би тэрнээс хамгийн гол санааг нь орчуулаад маргааш чам руу мэйлдчихэе. Тэгээд чи наанаа хариулт болгоод оруулчаарай.

…Ямарваа нэгэн улс төрийн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газар руу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй хоншоор нь хазайсан дарга тааралдвал дундаа хийж байгаад цусыг нь холих гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирладаг вэ? Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа ёс суртахуун гэх мэтээр чөдөрлөгдөж байсан балмад зан нь өдөөгддөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад “за хө чамд хариуцлага оноохгүй үүнийг эвд сүйтгэ” гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас эргэлзээтэй. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын нөлөөнд хэтэрхий автдагийнх юм.

Тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах зөнтэй юм бол яагаад буянт үйлийг биш заавал муу муухайг нийлж үйлддэг юм бэ? Бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалгад автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүчтэй хүн маш цөөхөн аж. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юм гэхэд дэмжин тухирагч болох нь олонтаа…

Зуу гаруй жилийн өмнө ингэж бичиж байж дээ. Ялангуяа саяхи тохиолдол театрт биш, стадионд ч биш, хүмүүс эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан асар том талбайд гэдгийг сана. Бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янз бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр, эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. “Тарцгаа” гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах “овоо”-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэг нь ойлгомжтой.

ЛУЙВРЫН СОНГУУЛЬ

Бухимдал юунаас үүдэв?
Сонгуулийн булхай, луйвар гээч юм 1996 онд анх үүсч байсан. Өвөрхангайд Түмэн-Өлзий эмчийг улайм цайм булхайдаад унагачиж байв. Баянмөнх, Наран хэн билээ АН-ын хоёр хүнийг сонгуулийн хороо санал хураалтын өмнөхөн булхайцан нэрсийн жагсаалтаас хасч байсан. АН олонхи болсон учраас гомдол гаргалгүй өнгөрсөн юм шүү дээ. Энэ булхайг төрийн захиргааны байгууллага удирдан зохион байгуулж хийсэн юм. 2000 оны сонгуулийн үеэр луйвар тогтолцооны хэмжээнд очиж машинжсан. Сэлэнгэд “Бат-Үүл Зоригийг алсан нь тогтоогдсон учир ямар ч байсан сонгож болохгүй” гэсэн заавар очиж байлаа. Үүл ялаад эхлэнгүүд сонгуулийн хайрцгийг булааж аваад мотоцикльтой зугтааж байлаа. Дорнодот Элбэгдорж гарцаагүй сонгогдсон юм шүү дээ. Ард түмний тэн хагас нь МАХН-ын эсрэг өгсөн байхад тэд суудлын 72-ийг авсан. Энд сонгуулийн тогтолцооны гажиг байсан боловч луйвар булхай илүүтэй үүрэг гүйцэтгэсэн.

Олон жил өнгөрөөгүй болохоор 2004 оны сонгуулийг зарим хүн санаж байж магадгүй. Дүнгээрээ АН хавтгай ялсан юм. Луйврын машины зохион бүтээгч Энхбаяр өөрөө Баянгол тойрог дээр Эрдэнэд ялагдсан юм шүү дээ. Сандарсандаа хажуу тойргоос өч төчнөөнөөр нь сонгогчид нүүлгэн шилжүүлснээс болж Бямбадорж хэн ч мэдэхгүй нэг бандид ялагдаж орхисон. Цагтаа Бямбадорж Энхбаярт гомдож агсан тавьж л байсан, одоо бол ичихгүй худлаа гээд мэлзэх байх л даа. Ганди ялагдчихаад байхад Ганцхудгийн хэсгээс санал луйвардан авчирч байж ялуулсан гэдгээ намын хурал дээр намынх нь нөхөр хэлж байсныг хүмүүс зурагтаар сонссон л байх. Гүррагчаагийн ялагдлыг өрсөлдөгчид нь албан тушаал өгөх замаар тайтгаруулаа биз дээ. Шанд нь Энхболдтой нэг нэг болгоё гэж тохирсон. Би энд эд мөнгөөр татсан, мөнгө тараасан тухай яриагүй байна шүү дээ. Төрийн машин өөрөө булхай хийж луйврын аргаар төрийн эрх мэдлийг нэгэн хүчинд хууль бусаар авч өгсөн тухай л хэлж байна.

Саяхи сонгуулиар АН-ын төлөөлөгчид хэсэг болгонд оролцсон биш үү?
Төрийн байгууллага өөрөө зохион байгуулж луйвар хийдэг тогтолцоо чинь хувь хүнээс үл хамаарсан машин болон хувирчээ. Тэр машинаар үйлчлүүлсэн АН-ын болон өөр намын нэр дэвшигч байхыг үгүйсгэхгүй.  Гэхдээ луйврын энэ машин дийлэнхдээ эрх барьж байгаа хүчиндээ үйлчилдэг. Сүүлийн гурван сонгуулиар ингэлээ. Хэзээ нэг цагт АН төрийн эрх бариад энэ машиныг өөртөө үйлчлүүлээд эхэлбэл бас л энэ нь тэвчишгүй муухай зүйл болно.

Луйврыг гардан үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээхийн оронд шан урамшил авдаг болоод арван жил болж байна. Миний сонссоноор Увсад одоо сонгуулийн хэсэг хороонд ажилласан этгээдүүд шагналын мотоциклоо уначихсан манаргаж явна гэнэ. Ийм луйвраар цадаад сурчихсан, сонгууль тэсэн ядан хүлээж суудаг бүхэл бүтэн сүрэг буй болж.

АН-ын хэсэг хороонд ажиллагсад болон ажиглагчид булхай луйврыг зогсоож болоогүй юм болов уу?
Луйвар сүүлдээ маш сайн төгөлдөршсөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөнгийг сонгуулийн хэсэг болгон дээр цацаж тараадаг юм биш байна. 2-4 хэсгийн хороог худалдаад авна. Тооллого болж байхад бусад нь тоолж дүнгээ гаргана, харин товлогдсон хэсгүүд яарахгүй, захиалагчаас дохио хүлээгээд сууж байна. Бусад нь байнга төв рүү болон нам руугаа, мөн нэр дэвшигч рүү мэдээлж байхад тэр хэсгүүд таг чиг. Эндээс хэнийг луйвардаж болох, хэнийг тэртэй тэргүй гүйцэх аргагүй болох нь тодроод ирнэ. Луйварт хэдэн санал дутаж байгаа нь ч ойлгогдоно. Миний олж сонссоноор ажиглагчийн ханш дор хаяхад 10 сая гэсэн. Бүх тойргоор мөнгө цацсанд орвол товлож луйвардсан нь хавьгүй үр дүнтэйгээс гадна мөнгөнд маш хэмнэлттэй. Баригдах магадлал нь ч хамаагүй багасна. Шөнийн 3 цаг хүртэл жишээ нь Ганболд, Гарамгайбаатар нар Хэнтийн хойд сумдаар тасархай цойлж байсан. Урд сумууд таг чиг байсаар нэгд байсан Ганболд өглөө гэхэд дөрөвт орж байх жишээтэй. Олон газар ийм болсон. Дорнодот нэгээр гарсан Зоригтыг дөрөв рүү чихсэн байна. Хүмүүсийн өгсөн жинхэнэ саналыг устгаж амжаагүй байгаад сая уут шуудайгаараа баригдлаа. Энэ чинь эрүүгийн ноцтой гэмт хэрэг шүү дээ. Саяхан Хэнтий аймгийн захиргааны подвоолоос 2004 оны сонгуулийн жинхэнэ өгсөн саналууд шуудайгаараа олдлоо гэсэн. Ийм ноцтой гэмт хэргийг яагаад замхруулаад байдаг юм бэ? Тооллого эхлэхгүй удсан, бусадтай харьцуулахад хавьгүй хойно дүнгээ гаргасан, хааш нь ч мэдээлэл өгөхгүй таг чиг байсан хэсгүүдэд дахин тооллого болон мөрдөн байцаалт явуулахад булхайн үндсэн чиг баримжаа, механизм тодроод ирэх байх.

Өөрөөр төрийн байгууллагууд яаж оролцов?
Сонгуулийн луйварт оролцсоноор эрүүгийн хэрэгт орох нь байтугай шан харамж, нэр нүүр албан тушаал хождог механизмтай болсон болохоор төрийн байгууллагын төлөөлөгчид эрх баригчдад эрээ цээргүй идэвхийлэн үйлчилдэг тогтоц буй болжээ. Иргэний бүртгэл мэдээллийн газар он гарсаар 100 гаруй мянган үнэмлэх шинээр тараасан байна. Өдөрт 200 үнэмлэх хийх хүчин чадалтай гэх мөртөө сонгуулиас хоёр хоногийн өмнөх шалгалтаар гэхэд тэр өдөр таван мянга гаруйг тараасан байгаа юм.  Иргэний регистрийн кодыг хэдэн мянгаар нь худалдаж авсныг хүмүүс мэдэж байгаа. Гадаадад 150 орчим мянган Монголын иргэд байгаа, хэд нь кодоороо сонгуульд орж орхив? 2004 онд нэг умгар гэрээс 40 хүн сонгуулийн санал өгсөн жишээ гарч байсан. Улаанбаатарт гадаадын иргэд олон бий, тэдний гэрийн хаягаар ямар олон Дулмаа, Дорж нар саналаа өгсөн гэж бодно. Үүнийг чинь нэр дэвшигч дангаараа үйлдэх бололцоогүй, төрийн машинаар дамжуулж төрийн тусламжаар хийсэн хэрэг шүү дээ.

ЭНЭ БОЛ БУХИМДСАН ОЛОН

Жагсаал, жагсаал гэх үү, тонуул гэх үү, МАХН-ын төв байрны өмнө болсон үймээний тухай эргээд ярья. Үүнийг санаатай, урьдаас зохион байгуулсан байж болох уу?
Удаа дараа байнга болсон илэрхий луйвар булхайд хүмүүс дургүйцээгүй гэж үү? Эрх чөлөөт оронд амьдарч буй иргэд төрөө сонгох эрхийг нь улайм цайм луйвардан авч байхад инээгээд сууж байх гэж үү? Нэгний өдөр хэн нэгний хатгаасаар дор хаяхад 20 мянган хулгайч, адгийн шаарууд, дээрэмчид гэнэт зохион байгуулалттайгаар цугларсан гэвэл хэн итгэх юм бэ? Өрөөсөн гартаа хүүхдээ тэвэрчихсэн, нөгөө гартаа чулуу бариад гүйж байгаа нас тогтсон эмэгтэй бухимдсан байна уу, дээрэм хийхээр хүний хатгаасаар явж байна уу?  Олон жил хуримтлагдсан иргэдийн бухимдал дэлбэ татсан. Энэ нь урьд өдрөөс нь ажиглагдсан. NTV нэвтрүүлгээ зогсоож байгаад шөнө нь хэд хэдэн удаа харуулсан юм. Би тэндээс харсан. Эхлээд АН-ын үүдэн дээр голдуу нас тогтсон 50 орчим хүн байлаа. Удахгүй тэд олширсон. Ийм юм болж байгааг NTV харуулснаас гадна энэ үед Ийгл ТВ-ээр ярилцлага өгч байсан Бурмаа зарласан. Шөнийн 2 цаг гэхэд цугларагсадын тоо мянга хүрсэн байх. Тэд Ху намын байр, Баянгол буудал зэрэгт очиж байсныг зурагт харуулсан.  

Маргааш нь дахиж цуглахыг Магнай, Жаргалсайхан нар уриалж байгаа бичлэг бас байна.
Ху намынхан ялалтаа сонгуулийн шөнө 3 цагт бахархалтайгаар зарлаж эхэлсэн шүү дээ. 6 цагт дахиад зарласан. Отгонбаяр гэх нөхөр, би түүнийг согтуу байна гэж харсан шүү, хөөр болон морь бөх цоллож байгаа юм шиг өвчигнөсөн. Маргааш өглөө нь юу юугүй цэцэг навч болоод л явсан. Ингээд АН таг чиг болчихоор хүмүүс тэндээс их юм хүлээж байлаа. Нэгний 12 цагт Элбэгдорж мэдээлэл хийнэ гэдэг нь  урьд өдрийн орой зарлагдсан байсан. Үүнээс болоод үй олон хүн талбай хавиар цугласан байлаа. Ингэхээр цуглааныг зориудаар урьдчилан зохион байгуулсан хүн болоод байгууллага үгүй л болов уу.

Магнай цуглаан болохыг урьдчилан зарлаж байсан бичлэг бий шүү дээ.
Тэр Магнайг чинь хэн тоодог юм! Тэгээд харанхуй шөнөөр шүү. Мэдээллийн хэрэгслэлээр зарлаагүй шүү дээ. Зүгээр л нэг хувьсгалч бацаан. Хуучин Зөвлөлтөд болсон “өнгөт хувьсгал”-ын үзэл санаанд хэт автчихсан хүүхэд. Нийгэм түүнийг дэмждэггүй шүү дээ. Нэгэнт цугласан олон дээр очиж хувьсгалын удирдагч болж харагдах гэж улайрч яваад хэрэгт орж байгаа юм. Намын байр хамгаалж байсан гэрээт хамгаалагч нар руу тэр л чухал удирдагч гэдгээ илтгэх гэж туг яндар намируулсаар эхэлж дайрсан, гэхдээ энэ бол Магнай зохион байгуулсан гэсэн үг огт биш. Жагсаал цуглаанаар далимдуулж цонх хагалах, үймээн үүсгэх, хий дөвчигнөх зэрэг өвчинг тэр хэд анх хэдэн жилийн өмнө санаачилсан нь үнэн. Ордны цонхыг яйруулж л байсан. Гэхдээ Монголд ийм юм талархал хүлээдэггүй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгомоор. Иймээс сүүлийн нэг хоёр жилд хүмүүс тэднээс нүүр буруулсан.  Юмыг хэт хялбаршуулж ойлгох болон тайлбарлах, буруутныг юу юугүй илрүүлэн довтлох нь эрүүл ухаан биш дээ.  

Тэгвэл цугласан олныг хэн үймээнд татан оролцуулав?
Хэрэв тийм буруутан хувь хүн хайж байгаа бол Магнай гэхээсээ Элбэгдорж, Баяр хоёр юм. Энэ бол олон түмнийг дагуулсан хоёр том улс төрийн хүчин. Хүмүүс энэ хоёр хүчинд итгэдэг, тэдэнд илүүтэй уруу татагдана. Хоюул биен рүүгээ дайрсан, бурууг хаягласан мэдэгдлийг угсруулан гаргасан. Цугласан, өдөөлтөнд орсон, хөөрсөн олонтой тун эмзэг хандах ёстойг энэ хоёр туршлагатай улс төрч мэдэж байх ёстой. Уурын мунхаг, болгоомжгүй үг өдөөлтөд орсон олонд шууд л гал дээр унах тос болно. Талбай дээр дээрэмчид биш бухимдсан олон цугласан байсан. Дээрэмчдийн асуудал бол тусдаа. Манай нийгэм маш их зэрлэгшиж моралийн уналтанд орчихоод байгаа нь үнэн боловч арай ч аль нэг өдөөн хатгагчийн дохиогоор хэдэн арван мянгаараа дээрэм тонуул хийхээр цуглах хэмжээнд очоогүй шүү дээ. Тийм олон дээрэмчин ч байхгүй биз, эрхбиш. Ер нь бухимдсан олон, дээрэмчид хоёрыг ялгаж салгахгүй нэг шуудайнд хийж байгаад өшигчөөд унавал дараа дараагийн бухимдлын суурийг л тавина.

Сонгуулийн дүнгээс болж л олон түмэн бухимдав уу?
Ингэж нотолбол дахиад л хэт хялбаршуулсан хариу болно. Манайд ядуурал, ажилгүйдэл замаа алдлаа. Саяхан олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатарт 44 хувь, хөдөөд 34 хувийн ажилгүйдэл байна. Ажилгүйдэл нь ядуурал, гэмт хэрэг, архидалт дагуулдаг нь жам. Баян ядуугийн ялгаа газар тэнгэрийн хэмжээнд хүрлээ.

Сүүлийн гурван жилд Монгол улс бараг гурав дахин баяжлаа. Статистик тэгэж хэлж байна. Гэтэл энгийн олонд тэр баялаг очив уу? Чуулган дээр үймээний буруутанг олчихсон цээрлүүлэх ялыг нь Шаравдорж бахархалтайгаар оноогоод л орилоод байна билээ. Хааш хаашаа гучин метр танхим дотор арван хэдэн жил бүгсний шанд олон тэрбумтан болсон тэр өөрөө үймээний гол буруутан юм шүү дээ. Барьж байгаа хорооллыг нь байг гэхэд Их дэлгүүрийн хажууд барьсан олон давхар харшийг нь хүмүүс харж л байгаа шүү дээ. Хүмүүс үүнийг хараад төрдөө талархаад байна гэж бодож байна уу? Хөдөлмөр зарж гараараа ядахнаа баримлын шавраар юм хийж үзээгүй хүмүүс ингэж таргалахаар бусдад нь таатай байх уу?  Замын-Үүдэд эзгүй газар хэрэггүй хашаа сая доллароор барьчихаад цаана нь мөнгө дутаж байна гээд сууж байгааг хүмүүс зурагтаар хараад хөөр болох уу? Гэтэл Бат-Үүл шиг хувийн машин ч үгүй, хуучин байшиндаа сууж байгаа нэгнийгээ “улс төрд хичнээн жил зүтгэчихээд гэрээ тохижуулж чадаагүй арчаагүй амьтан” гэж хамт суугаа гишүүн нь мэдээллийн хэрэгслэлээр баалж суудаг хэмжээндээ хүрчиж. Миний мэдэхээр Улаан сонгогдсон аймгийнхаа олон жилийн төсөвтэй тэнцэх мөнгө идсэн, цаадуул нь шүтээд л сонгоод байхаар тойргийн гаднах өөр бусад хүмүүс аль зэрэг баярлаж байгаа бол?  Заргалдвал заргалдаарай. Улсын Ерөнхийлөгч нь төв талбайгаа тойруулаад баахан газар байр дээрэмдчихсэн, түүнээ шөнийн цагаар эргэж тойрч байдаг нь наад зах нь хүмүүсийн атаархал хөдөлгөх юм биш үү? Шүүхдвэл шүүхдээрэй. Би үүнээс хавьгүй ихийг хэлж чадна, олныг ч хэлсэн, хөлсний алуурчин илгээвэл илгээгээрэй.

    Хүмүүс бухимдах хангалттай олон шалтгаан байна. Утаан дунд хордож байгаагаас эхлээд наад захын хүнсний үнэ огцом өсч байгаа нь хичнээн цаанаа аргагүй шалтгаантай ч гэсэн бухимдал хорсол үүсгэж л байгаа. Ядуурлаас бушуу гаръя, байгалийн асар их баялаг ийм боломж олгож байна гээд байдаг. Гэтэл судалгаагар хүн амын дэндүү дийлэнх нь тэгэе гээд байхад Төр асуудлыг шийдэхгүй, хэдэн рэкетчинг “ард түмэн” гэж заачихаад зориуд алгуурлаад байгаа нь тэвчээр барж л байгаа. Ноднингийн нисдэг тэрэгний осол, өвлийн архины хордлого, Хонгорын асуудал, биенээ олны нүдэн дээр хутгалж алсан явдал, үгүй дээ л Баасан авгайн дөвчигнөл энэ тэр чинь бага багаар бухимдлыг нэмж овоолсоор дэлбэрч гарахаас өөр аргагүй хэмжээндээ тулна биз дээ? МАХН гэдэг байгууллага энэ орны 30 мянган эрчүүдийг хомроголон устгажээ. Одоо болтол үүнийхээ төлөө уучлал гуйхгүй, цаг өнгөрөх тутам аягүй бол бахархах маягтай. Энэ чинь бас л олон хүний сэтгэлийн мухарт байгаа, бухимдагсад өөрсдийн хийж буй балмад ажиллагаагаа зөвтгөх бас л нэг шалтаг. Иймэрхүү өөр өсөрхөл гомдол ч олон хүний цээжинд яваа. Төрийн албанд зүтгэж байсан 15 мянган иргэнийг 2000 оны сонгуулийн дүнгээр зөвхөн улс төрийн шалтгаанаар ажилгүй болгож гудамжинд хөөж гаргалаа. Энэ олон хүн чинь цаанаа эцэг эх ах дүү хамаатан садан гээд бүр ч олон хүнтэй биз дээ, тус болгонд нь л ямар нэг гомдол үүсчихсэн л байгаа.

ДЭЭРЭМ ТОНУУЛ БОЛ ТУСДАА АСУУДАЛ

Хүмүүс бухимдсан, тэр нь сонгуулийн дүнгээр дэлбэрсэн байж, тэгвэл дээрэм тонуул, галдан шатаалт зохион байгуулалттай байж болох уу?
Тэр бол харин ёстой боломжтой зүйл. Ер нь голдуу тэгдэг. Англи хүний имиж нь жэнтлмэн. Соёлтой байх үлгэр нь англи хүн. Бараг л соёлын жишиг байх. Гэтэл хөлбөмбөгийн тэмцээний дараа тэд яаж зэрлэгтдэг билээ? 1980 онд Брюссэльд хөлбөмбөг үзэж суугаад 100 гаруй италичуудыг алж орхисон. Хүн үнэмшмээргүй. Хөөрсөн цугласан олон маш аюултай. Тэнд ямар ч эрүүл ухаан үйлчлэхгүй. Чухам энэ вандализмыг далимдуулж дээрэмчид алуурчид цугладаг. АНУ-ын өмнөд мужид үер болж хот усанд авахуулахад хар цагаан арьст америкчууд хэрхэн дэлгүүр байр тонож байгааг дэлхий даяараа харсан. Цэрэг оруулж байж зогсоосон. Хаа байна, америкчуудын өндөр соёл?

Саяын үймээний тэргүүнд голдуу хүүхэд, өсвөр залуус оролцлоо.
Манай нийгэм ямар болчоод байгааг харуулж байна. Харсаар байтал худагт оочирлоод зогсож байдаг гэр хорооллын туранхай жаалууд байна билээ. Ху намын байрны өмнө машин угаана гээд бохир алчуур бариад ирдэг гуч дөчин хүүхэд хамгийн түрүүн хамрагдаа биз. Хориод жилд бид хичнээн хүүхэд траншейнаар хүмүүжүүлэв?  Гэр оронгүй хүмүүс хаана ч байдаг. Харин хүүхэд ингэж амьдрахыг аль ч соёлжсон төр зөвшөөрдөггүй юм. Бид л харин үүнийгээ бүр лого болгоод дэлхий даяар гайхуулах шив. Гадаадын ердийн зурагт үзэгчид биднийг траншейнд амьдардаг гэж ойлгодог юм шүү дээ.

Үймээнээс нэг ажиглагдсан зүйл бол манай төр ийм юманд дэндүү бэлтгэлгүй аж.
Манай төр асар данхар. Нийгмийн баялагийнхаа 50 гаруй хувийг нь залгичихдаг. Оролцохгүй юм байхгүй. Гэтэл төрийн гол үүрэг бол нийгмийн амар амгаланг хангах явдал юм. Чухам үүнийх нь төлөө иргэд төрдөө төлбөр төлдөг. Төр өөрийн ноогдсон үүргээ биелүүлэх болохоор ямар арчаагүй болох нь харагдлаа. Жагсагчидтай чулуугаар байлдаад зогсож байгаа хөөрхийлөлтэй цагдаа, 15-тай бацаанд зодуулаад хэвтэж байгаа арчаагүй офицерийг хэлээгүй шүү. Асуудал гол нь зохион байгуулалтдаа байгаа. Тоног төхөөрөмжийг нь Жагаа нийлүүллээ гээд л зурагтаар гараад байсан, Эрээний дуураймал бараа юу, хүүхдийн тоглоом уу. Авилга гүн шигдсэн газар төрийн бүх юм нь болдоггүй юм даа.

    Яагаад гал дүрэлзээд эхлэхээр цагдаа нар алга болчив, хажуу талын байранд хэн гал тавив, дээрэм тонуул хэн хийв, үүнийг хэн зохион байгуулав гээд олон асуудлыг тодруулах шаардлагатай. Тэр үед юм тодрох байлгүй. Саяын хэд хоногт Үндэсний телевиз л хамаг юмыг мэдсэн, учрыг нь олчихсон, буруутныг нь тодруулчихсан байх шив.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ЭРИЙН ЦЭЭНД ХҮРЧЭЭ

Мэдээллийн хэрэгслэлийн байр суурь үйл ажиллагааг та юу гэж үнэлж байна?
Нэг талаас чөлөөт мэдээллийн хэрэгслэл манайд бахархам төвшинд хүрснийг харлаа. Мэргэжлийн ур чадварын хувьд Ийгл онцгой байсан. Үйл явдлыг CNN-ий төвшинд харуулж байсан. Шууд, олон талаас нь, элдэв тайлбар оношилгоогүйгээр дамжуулж байлаа. Мэдээллийн хэрэгслэлийн нэгдүгээр үүрэг бол энэ. Тайлбарлах нь дараагийн асуудал. Дүгнэлт өгөх нь бүр дараагийн асуудал, тэр нь сэтгүүлчдийн биш мэргэжлийн хүмүүсийн хэрэг. Буруутныг олж илрүүлэх яллах тооцоо бодох нь дахиад бүр өөр газрын шийдэх асуудал.

Онц байдал тогтоосны дараа ганц үлдсэн нь харин ч нэг яллаж өгөх шив?
Бид олон ургалч үзлийн нийгэмд амьдарч байна. Хүнд бүх төрлийн дүгнэлт очиж буй боловч иргэд өөрийн сонголтоо хийдэг. Хэн нэгнийг бодлоо хэлэхээр “тархи угаалаа” гэх нь элбэг болж. Олон ургалч үзэл дунд тархиа угаалгаж байгаа бол хохь нь. Уг нь энэ нэр томъёог Жоорж Орвэл гаргаж ирэхдээ нийгмийг бүх мэдээллээс хүчээр тасалчихаад ганц сувгаар зориудын бэлдсэн суртчилгаа явуулж албадлагаар нэгэн ойлголттой болгох процессийг нэрлэжээ. Бид олон жил тархи угаадаг нийгэмд амьдарч байсан. Харин сая дөрөв хоног “тархи угаах” гэдэг үнэндээ юу байдгийг иргэд ойлгосон болов уу. Сэтгэцийн өвчтэй, тахир татуу хүнээр “Нэгэн Магнай надад сая төгрөг өгсөн” гэж хэлүүлээд, түүнийгээ үнэмшүүлэх гэж дайраад байгаа чинь тархи угаалт байхгүй юу даа.

Онц байдлын үед мэдээллийн хэрэгслэлийг хаадаг нь зөв үү?
Хуулинд тийм юм бий. Тодорхой тохиолдолд зөв ч байж болно. Яах гэж хаадаг юм бэ? Зорилго нь юу юм бэ? Онц байдал үүслээ гэдэг чинь нийгэм дундуураа хуваагдчихаад маргаанаа хүчирхийллээр шийдэх гээд байгааг таслан зогсоож буй хэрэг. Нийгэмд буй болсон бухимдлыг тайвшруулахын тулд авч буй арга хэмжээ. Утга нь эндээ бий. Гэтэл сая нээлттэй үлдсэн мэдээллийн хэрэгслэл нэгийг нь өрөвдөж нөгөөг нь яллаж, буруутныг илрүүлж, учир шалтгааны цаад ёзоорыг гэхээс гарсан үр дүнг нь тайлбарлаж, өөрөөр хэлбэл нийгмийн бухимдсан нэг хэсгийх нь аазгайг хөдөлгөн асуудлыг улам бугшуулах, эсвэл дэврээх хандлагатай байлаа. Зарим сэтгүүлчид дотроо хурсан атаархал хорслоо тайлж байна уу гэмээр авирласан шүү. Нэг хэсэг нь чулуун мөндөр дундуур амь хайргүй тэмцэн гүйж мэдээлэл цуглуулан мэргэжлийн нэр хүндээ авч гарч байхад нөгөө хэсэг нь тэжээмэл тахиа шиг үүрэндээ бөгчихөөд тааз харан юм зохиож бахаа хангаж байх юм. Фургон машинаар голоос чулуу зөөн авч ирж тарааж байсан гээд бичсэнийг уншсан. Барьж буй барилга үймээн дэгдээгчдийг зэвсэглэсэн гэдгийг бүгдээрээ л харж байсан биш үү? Бүр 36 тонн чулуу гэсэн тоо ч гарсан байсан. Энхбаяр, Элбэгдорж хоёр үгсэж байгаад самуун үүсгэлээ ч гэх шиг. Заавал бүх муу болгон тэр хоёртой холбоотой байх ёстой юм уу? Муулбал баримт түшмээр юм!  Ер нь хямрал, хурц үйл явдал хүний цаад мөн чанарыг харуулдаг юм. Зарим нь мөнгө хараад юугаа ч худалдана, зарим нь өөрийн бүтэлгүй амьдралын бурууг бүтэлтэй яваа нэгэндээ тохож далим гаруут хорслоо тайлна. Ухамсарт хүний цаад ёзоорт адгууслаг чанар заавал нуугдаатай байдаг, түүнээ хүмүүжил, боловсрол, төлөвшил, ёс суртахуунаараа дарж чадсан эсэхээрээ л хүмүүс хоорондоо ялгагддаг.

ТӨР ДОРОЙТОЖ

Байгалийн баялагаа ашиглаад ядуурал зовлонгоос эгшин зуур гарах тухай сүүлийн хэдэн жил ярьлаа. Энэ бүхэн гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр бололцоогүй. Ийм аймшигт үймээний дараа хөрөнгө оруулагчдын хандлага ямар болох бол?
Асуудал хүндэрлээ л гэсэн үг. Хөрөнгө оруулахад найдвар муутай газар гэдгээ овоо сайн баталгаажуулаад авсан шүү дээ. Ашигт малтмал экспортлогч дэлхийн 72 орны хөрөнгө оруулалт хийхэд таатай жагсаалтад Монгол нь араасаа дөрөвт орсон. Зимбабвэ, Венесүэль, Болив гурав манай ард орсон байх. Хоюул гурвуулаа нийлж аваад л өөрсдийгөө хөдөлгөөн, фронт, арми гэж нэрлэн амаараа цагаан хөөс сахруулан “эх орон, ард түмэн” гэж орилон хүн айлгаж явдаг нь бараг моод болоо шив. Гэтэл иймэрхүү төрлийн жагсаалын оролцогсод нь төлбөртэй, зохион байгуулагчид нь захиалгатай, захиалагчид нь шантааж рэкетийн зорилготой байдаг нь нууц биш. Ноднингийн машин онхолдуулж шатаахаар зэхэж байсан жагсаалын зохион байгуулагчид 250 мянган долларын хөлсөөр үймээнээ нэг мөсөн зогсоох шаардлага тавьж байсан. Бас нэг удаагийн жагсаал 50 сая доллар нэхэж мөнгийг намын дансандаа хийхийг шаардаж байсан. Баримттай юм ярьж байна шүү. Ийм ийм тэртэй тэргүй байгаа суурин дээр болсон саяын үймээн хөрөнгө оруулах гэсэн хэнд ч том цохилт болно шүү дээ. Ард түмэндээ сая саяаар нь тарааж цацах юм ярьж сонгуульдлаа. Ийм хэмжээний мөнгө манай эдийн засагт огт байхгүй. Үүнийг зөвхөн байгалийн баялагийн ашиглалтаас олж болно. Газар дор буй ашигт малтмал асар их хөрөнгө оруулалтын хүчээр газар дээр гарч ирэн боловсруулагдаж тээвэрлэгдэж борлогдож байж сая жинхэнэ баялаг болно. Бидэнд ашигт малтмалаа баялаг болгох хөрөнгө ч байхгүй, туршлага ч байхгүй, үнэнийг хэлэхэд ийм хэмжээний ухаан боловсрол ч байхгүй. Хийгээд өгье гэснийг нь харин ч сайхан айлгаж байна даа.

Тийм л баримттай юм бол төр, засгийн газраас даврагчидтай яагаад хатуу тэмцэж болдоггүй юм бэ?
Манай төр данхар, тэгээд сул дорой байна. Автобусны мөнгөө өөрснөө төлөөрэй, нөхөн төлбөр засгаас олгоё гэхээр л дөрвөн зам дээр очоод хэвтчихдэг. Тэгэнгүүт нь л хуулиа засаад л буугаад өгчихдөг. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй боловч тэгэж байна гээд бусдын эрх ашгийг хохироож болохгүй. Хаана ч тийм л байдаг. Хэн нэг нь өөрийн эрх ашгийн төлөө бусдынхыг хохироож байвал тэр газар төр өмгөөлөгчөөр орж байх ёстой, энд л төрийн үүрэг бий. Гэтэл үерийн аман дээр гэрээ барьчихаад сонгуулиар барьцаалан үүнээ баталгаажуулж авна гэдэг бид ямар арчаагүй, хууль ёсгүй төртэй байгааг илтгэж буй хэрэг. Төв талбай дээр төрийн цагдаа хутгалчихсан хүнийг хөөрхий гээд л толгойг нь илээд өнгөрөөж байсан. Ордны цонхыг яйруулсны төлөө хэн хариуцлага хүлээсэн бэ? Ахмадын тэмцэл гээд нэг марзан юмыг зогсоож чаддаггүй л төр шүү дээ. Хэв журам сахиулах гэдэг нь төрийн өөртөө хүлээсэн энгийн үүрэг дээ. Хэв журам сахиулах чинь өөрөө ардчилал шүү дээ.

    Саяын үймээн бол том сургамж. Монголд төрийг хүчирхийллээр унагаж сольж өөрчилж болдоггүй юм гэдгийг нэг мөсөн ойлгуулмаар байна. Мөн луйвар булхайгаар төрийн эрх авч болохгүй гэдгийг ч харуулмаар байна. Сонгуулийн булхайд биечлэн оролцсон ялангуяа төрийн ажилтнуудыг хуулийн дагуу цээрлүүлэх хэрэгтэй. Энэ бол айл ухснаас хавьгүй том гэмт үйлдэл гэдгийг нь олон түмэнд харуулах хэрэгтэй. Сургамж бол алдаагаа засах том боломж.

БИД АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭЖ ЧАДНА

Гадаад ертөнц биднийг юу гэж үзэж байгаа бол?
Сонин хандлагууд ажиглагдаж байна.  Оросын ГЯЯ-ы сайд Лавров энэ хэргийг шууд л Өрнөдийнхөнтэй холбож байна. Туслахад бэлнээ ч илэрхийлсэн. Юугаар? Дахиад л цэргээр үү? Манай хойд хөрш өмнөдтэй баланс барин харгалдахуйц хэмжээнд эргээд томорч буй нь сайн хэрэг. Гэхдээ дахиад л империалист санаархалтай томролт явагдвал сайнгүй л байх.

Үнэндээ саяын самуунд Оросын ч, Хятадын ч, Америкийн ч оролцоо байгаагүй байх. Оросууд ерөөсөө парнойтой, манай нийгэм ч парнойтой. Лавров саяын үймээнийг “өнгөт хувьсгал” гэж тодорхойлох маягаар АНУ-тай холбож байна билээ. Магадгүй тэдний зангаагаар үймээнийг шулуухан Ийгл телевизтэй ч холбоод үзэх монгол гарууд гараад ирж. Өнгөт хувьсгал гэдэг нь тодорхой дарангуйлагчийг хөөн зайлуулах процесс. Сонгуулийн дүн гарчихаад байхад түүнийг үл хүлээн зөвшөөрч үймээн үүсгээд дарангуйлагчийг хөөн явуулсан Гүржийн, Украйны, Киргизийн үзэгдэл. Бидэнд хөөж явуулах дарангуйлагч байхгүй. Энхбаяр дарангуйлагч болохыг мөрөөддөг болохоос дарангуйлагч биш. Монголын нийгэм улс төрийн хөрс угаасаа дарангуйлагч төрүүлэхгүй. Балтын гурван орныг эс тооцвол хуучин Зөвлөлтийн бүх орнуудаас бид хавьгүй илүү ардчилалтай, тэр маань хамаагүй илүү баталгаажсан. Өнгөт хувьсгалд итгэсэн, үүнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс манайд нэг биш бий. Гэвч үүнийг манай нийгэм дэмжихгүй гэдэг нь харагдсан. Бид өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх бүрэн бололцоотой. Маргаантай ч хэрүүлтэй ч, жагсаалтай ч тэр байтугай үймээн самуунтай ч бид асуудлаа ардчилсан ёс дэгээр өөрсдөө зохицуулж өөрсдөө шийдвэрээ гаргах эрийн цээнд хүрсэн. Буруу шийдвэр гардаг ч байсан бидний л шийдвэр. Алдсан ч бидний л алдаа. Дотоод асуудлаа зохицуулах, хувь заяаныхаа шийдвэрийг гаргахдаа гадны тусламж авмааргүй байна.

Лав л өвөр Монголын зурагт үйл явдлын тухай таг дуугүй өнгөрөх шиг болсон. Хувьсгалын халдвараас болгоомжилсон болов уу. Өрнөдийн мэдээллийн хэрэгслэлүүд илүү бодитой, хөндлөнгийн, эрүүл саруул байлаа. NHK, BBC, CNN, Ройтэр болон Солонгос, Герман, Энэтхэгийн мэдээлийн хэрэгслэлийн хандлагыг зориуд ажигласан.

Асуудлыг одоо яаж шийдэх вэ? Дахин сонгууль явуулах уу?
Сонгуулийг дахих болбол хуулиар шийднэ. Хуулийг тогтоодог институци бий. Шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс бий. Тэдний шийдвэрээс бүх юм хамаарна. Иргэний хувьд бодоход дахин сонгууль явуулах нь утгаар бага хэрэг. Тийм тэнхэл бий юу? Оюун санааны хувьд ч, хөрөнгө мөнгөний хувьд ч? Мэдээж сонгууль дахиулж даагаа нэхэх хүсэл олон хүнд бий л байх. Гэхдээ л тооллогыг дахин явуулж холио солио хийсэн нь дээр болов уу?  УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, сонгуулийг дахин явуулах гэх мэтийн талаар ярьж л болохоос нэг хийгээд эхэлбэл эрүү нь байнга мултардаг хүн шиг болно шүү дээ. Хамгийн гол нь луйврын сонгууль хойшид болохгүй байх нөхцлийг л бүрдүүлэхэд анхаарлаа хандуулмаар. Энэ л чухам үйл явдлаас авах хамгийн том сургамж, хичээл.

2008.7.7

Ярилцсан Л.Мөнхбаясгалан

Posted in Баабар | Tagged: | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.