Британичууд хэнд дургүй вэ

(2008-04-09)
Их Британид ард түмний дургүй олны танил хүмүүсийн рейтингийг гаргав. Телевизийн саяхны санал асуулгаас үзвэл, британичуудын 40 хувь нь Пол Маккартнийн хуучин эхнэр Хизер Миллсийг үзэн яддаг гэнэ. Дараа нь Ерөнхий сайд Гордон Браун орлоо. 13 хувь нь ноён Брауныг үздэггүй гэдгээ илэрхийлж. Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч байсан Дэвид Бэкхемд таагүй ханддагаа оролцогчдын есөн хувь нуусангүй.
   
Хатагтай Миллс “Битлз”-ийн хөгжимчин Пол Маккартнигаас гэрлэлтээ цуцлуулахаар зарга үүсгэсэн нь хоёр жил шахам үргэлжилж, Британийн шүүхийн практикт дээд амжилт тогтоосон. Экс модель бүсгүй ард түмний хайртай дуучнаас хөндийрөхдөө янз бүрийн шалтаг тоочиж, багагүй мөнгө цохихоор зүтгэсэн юм. Британичууд тэгэхэд нь Миллсийн урьд өмнөх түүхээс сануулсан. Тухайлбал садар самуун кинонд тоглосон, тэр ч бүү хэл өндөр ханштай биеэ үнэлэгч явсныг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэсэн. Сэр Маккартнийг 10 шахам жил хамт амьдарсан эхнэртээ 24.3 сая фунт төлөхийг шүүхээс тогтоогоод буй.
   
Ардын таашаал хүлээгээгүй алдартнуудын “уралдаанд” II байр эзэлсэн ноён Г.Брауны хувьд байдал найдваргүй болсон гэсэн үг биш. Улстөрч гэдэг үүднээс хандвал 13 хувь “нормоосоо” халиагүй байгаа хэрэг.  Сүүлийн үед Британийн Ерөнхий сайдын рейтинг нэг бус удаагийн асуулгаар тааруухан дүнтэй гарсан. Дээрх “үзэн ядагсдын” судалгаанаас гадна хамгийн зохимжгүй хувцасласан олны танил хүмүүсийн жагсаалтад III байр эзэлжээ. Уг чансааг сэтгүүлчид гаргасан байна. Дараа нь нэгэн хэвлэлд энэ талаар бичихдээ хэргийн учир Ерөнхий сайдын хувцасны шүүгээнд байгаа юм биш. Түүний өөрийнх нь албархуу, шалмаг бус байдалд л учир байна гэсэн.

Хүүхэд болон экологид учруулсан хохирлынх нь төлөө Дэвид Бэкхемд британичууд дурамжхан хандаж байгаа бололтой. Социологчдын гуравдугаар сарын санал асуулгаар, өсвөр үед хамгийн таагүй нөлөө үзүүлж буй оддоор Бэкхем, түүний эхнэр Викторияг нэрлэжээ. Эд баялаг, алдрыг дунд сургуульд хичээж сурахгүйгээр олж болно гэсэн буруу үлгэр дуурайлыг хүүхдүүдэд үзүүлж байна хэмээн багш, сурган хүмүүжүүлэгчид тэднийг зэмлэсэн. Мөн экологийн Carbon Trust байгууллага эдний гэр бүл хүрээлэн буй байгальд хэт сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн. Байнга тээврийн хэрэгсэл ашигладаг, хэт хөдөлгөөнтэй амьдрал нь агаарт жилд 163 тонн нүүрсхүчлийн хий нийлүүлэхэд хүргэж байгаа гэнэ. Тэгвэл дундаж британи хүн агаар мандалд жилд 9.4 тонн хорт бодис нийлүүлдэг юм байна.

Эмэгтэй удирдагчаас илүүтэй хар арьст Ерөнхийлөгчид талтай хандав
Америкчуудын дийлэнх нь хар арьст Ерөнхийлөгч болон эмэгтэй Ерөнхийлөгчийг хүлээн авахад бэлэн байна. Тэгэхдээ жингийн туухай африк гаралтай америк нэр дэвшигчийн талд илүү даржээ. Олон нийтийн санал асуулгаар, ийм нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгоход АНУ бэлэн байгаа гэсэн хариултыг оролцогчдын 76 хувь нь хэлжээ. Харин бүсгүй удирдагч сонгоход 63 хувь нь бэлэн байна. Африк гаралтай америк Ерөнхийлөгчтэй болохыг АНУ-ын цагаан арьст иргэдийн 78 хувь, хар арьст оршин суугчдын 69 хувь дэмжжээ.
   
CNN телекомпанийн захиалгаар Opinion Research Corp судалгааны албаны хийсэн дээрх санал асуулгад тус улсын 2200 иргэн оролцсон байна.
   
Сүүлийн сар хагасын дотор Иллинойсоос сонгогдсон сенатч Барак Обамагийн рейтинг мэдэгдэхүйц өссөн. Ардчилсан намын Үндэсний их хурлын төлөөлөгчдийн 1634-ийнх нь саналыг авсан бол, өрсөлдөгч Х.Клинтоныг 1500 төлөөлөгч дэмжсэн юм.
   
Өнгөрсөн сард тэргүүн хатагтай асан 20 сая ам.долларын хандив цуглуулжээ. Б.Обамад 40 сая ам.доллар хандивлаж. Харин Бүгд найрамдах намаас өрсөлдөхөөр тодроод буй Жон Маккейн 15 сая гаруй “ногоон” цуглуулсан тухай түүний туслах мэдэгдлээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s